Монголд аливаа нэгэн нийгмийг түгшээсэн хэрэг гарахад хэсэг шуугиж байгаад л мартаж, Монголчуудын амьдрал урьдын адил үргэлжилдгээрээ үргэлжилдэг. Харин хохирогч болсон ар гэрийнхэн эдгээр өдөр хоногуудийг хэрхэн яаж даван туулж өнгөрүүлдэг бол? Хэрэг хийсэн нэгний ард эрх мэдэлтэй нэгэн байгаа бол хэрэг үйлдэгчид гэм бурууг нь үүрүүлэх нь битгий хэл түүнийг эрэл сурал хийж хайж ч олдоггүй. Ийм нэгэн тогтолцоо Монголд үргэлжилсээр олон арван "Шударга үнэнээр яваа" аав, ээжийн сайхан хүү, охин энэ хорвоогоос "Шударга бусаар" халин одож байна.

Одоогоос яг хоёр жилийн өмнө "Ирвэс хамгаалах сан"-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсан "Тост тосон бумба"-ын нурууг хар гартнуудаас хамгаалж яваад хэтэрхий шударга бусаар амиа алдсан. Тухайн үед Монголчууд тэр аяараа Т.Лхагвасүмбэрэл агсны араас харамсан гашуудаж, хэргийн үнэнийг илэрүүлнэ хэмээн нийтээрээ босож ирж байсан ч тэр тэгэсхийгээд л өнгөрсөн. Түүнээс хойш бүтэн хоёр жил буюу 730 өдөр өнгөрсөн ч Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийн үнэнг бид олж чадсангүй. Энэ талаар дугарч байгаа нэг ч албан тушаалтангууд алга. Эх орон, байгаль, ан амьтдынхаа төлөө чин сэтгэлээр зүтгэсэн энэ залуугийн зүтгэл ингээд л хэнд ч хамаагүй болж мартагдах уу...? Өнөөдөр ч Монголын нийгэмд харгис хэрцгий маш олон гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Тэр болгонд бид шуугиад л өнгөрсөөр байх уу? Ирээдүйд ч "Шударга бус нь ялдаг" энэ тогтолцоог өөрчилж чадахгүй бол таны, миний үр хүүхэд ч Л.Лхагвасүмбэрэл агсны адилаар амь насаа алдахыг үгүйсгэхгүй. Тэр цагт та хий дэмий хашгираад суусандаа харамсаад ч барахгүй болов уу... 

Лхагвасүмбэрэл агсны дүү Мөнхдалай: "Ах минь гэрээсээ гараад 2жил болжээ хэзээ л ороод ирэх бол гэж хүлээсээр... Ах минь газар шороо ан амьтнаа амиараа хамгаалсан харин ахын минь амийг худалдсан та энийг уншиж суугааг би мэдэж байна... Хүний амиар солисон хэдэн халтар төгөргөөрөө хаа хүртэл сайхан амьдрахаа та мэдэж байгаа юу? За яахав таны амьд сэрүүнд ямар нэгэн юм болдоггүй юмаа гэхэд тэр бузар мөнгөөрөө угжсан үр хүүхэд чинь яаж амьдрахыг харнаа" 

Түүний Ээж: "Миний хайртай хүү өнөөдөр байсан бол 29 хүрэх байсан... Хүү минь эх орон байгалийнхаа төлөө ингэж тэмцэж, хамгаалж, хийж бүтээж байсийм...2015 оны 4 сарын 11-нд энэ нүхийг дараад 30-нд хутгалуулсан Амьд сэрүүндээ хуулийнханд хэлсэн ч одоог хүртэл таг. Энэ хэн байв ??? хэн олох ёстой ???"

Аав Төмөрсүх: "Сүмбээ хүү маань хэдийгээр Хөвсгөл далайн цэлэлзсэн их усны дэргэд хүн болсон ч Тост орчимын хуурай цөлд ажиллаж амьдрахдаа говь нутагт өчүүхэн ус ч ямар үнэ цэнтэй болохыг мэдэрч түүнийг ард иргэд, зэрлэг амьтандаа хэрхэн авч үлдэх вэ гэж санаа зовж, өөрийн чадах бүхнээ сэтгэлээсээ хийж байсан амьд баримт энэ байна.\Талийгаачийн хувийн архиваас\ Энэ өдөр бас нэгэн халдлаганд өртөж байжээ"

Бид мартах ёсгүй !!! 

Эх сурвалж: Seen.mn