Загвар зохион бүтээгчдийн ур ухаан, сэтгэл зүтгэл шингэсэн бүтээл, түүнийг олон нийтэд танилцуулах загвар өмсөгчийг алдаршуулах зорилго бүхий  “Гоёл” наадам 30 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.  Бахархал дүүрэн, хөгжил шинэчлэлд тэмүүлсэн  "Гоёл" наадмын 30 дахь баяр, Гоёл 2018 наадам энэ сарын 29-нд болно.

Анх Үйлдвэр, загварын товчоодын шинэ загварыг Урлал гоо зүйн улсын комисс баталж үнэлгээ өгдөг байв. Олон нийтэд нээлттэй сурталчлуулах, зохион бүтээгчдийн санаачлага сонирхолд түшиглэн тухайн үеийн  Үнэ стандартын улсын хороо, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хороо, Монгол телевизтэй хамтран зохион байгуулсан анхны "Гоёл" наадам Залуучуудын Соёлын төвийн диско зааланд болж байжээ. Энэ цагаас эхлэн жил бүр тасралтгүй зохион байгуулагдан өсөн дэвшиж, өргөжин хөгжиж, шинэчлэгдэж ирсээр 30 дахь наадам “Гоёл – 2018” Монгол түмний мэлмийг баясгаж, мэдрэмжийг сэрээхээр бэлтгэл ажил хийгдэж байна. 

Зөвхөн эх орны үйлдвэрийн түүхий эдэд түшиглэн бүтээсэн загварууд бүхий эхний он жилүүд, үндэсний гэх тодотгол хүч түрэн орж ирсэн дунд үе, Монгол өв уламжлал, баялаг түүх дэлхий тийш хандсан хөгжил дэвшлийн он жилүүд. Бид энэ 30 жилийн наадмаас Монголын хувцас загвар, монгол мэргэжилтнүүдийн ур чадвар бас үндэсний баялаг бүтээгчдийн түүхийг харах боломжтой. 30 жилийн турш үе үеийнхний хүсэн хүлээдэг, шимтэн таашаадаг арга хэмжээ болж чадсан Гоёл 2018 наадамд тавтай морилоорой.