Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хоёр дахь удаагаа өргөн мэдүүлсэн Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг НИТХ хэлэлцэв. Нийслэлийн 2017 оны төсвийн төлөвлөгөөг хангалтгүй, тооцоо судалгаагүй хийсний улмаас хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа төсвийн тодотголын төслийг  хэлэлцэж байгаа нь учир дутагдалтай байгаа юм. Тухайлбал,

Захиргааны данхар бүтцийг багасгах чиглэлээр: Нийслэлийн 2017 оны төсөв 2016 оны төсөвтэй харьцуулахад Хотын төсвийн нийт орлого 76,7 тэрбум төгрөг буюу 14,1 хувиар нэмэгдсэн байна. Төсвийн урсгал зардал 2016 оны батлагдсан төсвөөс 16,8 тэрбум буюу 5,8 хувиар нэмэгдсэн нь Нийслэлийн удирдлага төсөв мөнгөөр дутаагүй, захиргааны данхар бүтцийг дэмжсэн байгааг харуулж байна.

2017 оны төсвийн тодотголын зүйл заалтыг өөрчлөх чиглэлээр: Зорчигч тээврийн автобус 3 дугаар баазыг нүүлгэн шилжүүлэх шинээр барих ажилд зориулан 2 тэрбум 994,6 сая төгрөгийг Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан байна. 2017 оны төсвийн жилийн ихэнх хугацаа дуусаж нэг сар үлдсэн, өвлийн улирал эхэлсэн энэ үед 2 тэрбум 994,6 сая төгрөгөөр автобус баазыг нүүлгэх боломжгүй бөгөөд эхний ээлжинд хийх ажил нь тодорхой бус байна. Иймд Автобус баазын нүүлгэх ажлыг Нийслэлийн 2018 оны төсөвт суулгаж, 2017 оны тодотголын төсөлд тусгасан 2 тэрбум 994,6 сая төгрөгийг хотын иргэдийн өмнө нэн тулгамдсан ажлын байр нэмэгдүүлэх, яаралтай шийдвэрлэн хэрэгжүүлэх боломжтой ажилд, тэр дундаа хүүхдэд чиглэсэн төсөл арга хэмжээнд зориулах юм бол илүү өгөөжтэй баймаар.  Жишээ нь

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр: Нийслэлийн Засаг даргаас 2 дахь удаагаа өргөн барьсан Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төсөлд “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 8 тэрбум 400 сая төгрөгийг тусгажээ. Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төсөлд нэмж тусгасан 4.6 тэрбум төгрөгөөр хийх ажлын задаргаа бүрэн бус төдийгүй ямар ажил төлөвлөсөн нь тодорхойгүй байна. Жил бүр агаарын бохирдлыг бууруулах ажилд хөрөнгө нэмэгдүүлдэг ч Улаанбаатар хотын агаарын бохирдол буураагүй, агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулсан төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна. Нийслэлийн утаа өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрч байна. Иймд Нийслэлчүүдийн өмнө хамгийн их тулгамдсан асуудлын нэг болох Агаарын бохирдлыг бууруулахад Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар тодорхой ажлуудыг эрэмбэлэн зохион байгуулж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагатай.

Төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлээр:Нийслэлийн 2017 оны төсөвт хоёр дахь удаагаа тодотгол хийж байна. Төсөлд газрын төлбөр 11.2 тэрбум тасарсан, төсөвт байгууллагын өөрийн орлого 11.8 тэрбум тасарсан гэх мэтчилэн холбогдох төрийн байгууллагууд ажлаа  хангалтгүй хийсний улмаас 26-27 тэрбум төгрөгийн орлого дутуу төвлөрсөн байна. Гэтэл хүү, торгуулийн орлого 3,4 турбумаар  давж биелсэн  нь хотын удирдлага албан ажлаа хангалтгүй хийсэн хэрнээ иргэдээ хүү торгуулиар дарамтлан ажиллажээ гэдэг дүгнэлтэд хүргэж байна.

Өөрөөр хэлбэл улсын төсөвт нэг л удаа тодотгол хийдэг бол манай хотын дарга нар хоёр удаа хийж байгаа нь ажилдаа хэрхэн хандаж байгааг илтгэж байна...

Ямартай ч хэрүүл хэлцэлтэй 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 159 тэрбум 969.9 сая төгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 33 тэрбум 122.9 сая төгрөгийн нийт 193 тэрбум 092.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхээр боллоо.