Өнөөдөр буюу 12-р сарын 7-ны өдөр, “Цахлай” төсөл Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, мөн дүүргийн Боловсролын газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ажиллагаанд, “Цахлай” төслийн удирдагч С.Батсайхан, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Б.Бурмаа, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Буянтөр, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Г.Цэргийнхүү болон тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Шижиртуяа нар оролцлоо. Ийнхүү “Цахлай” төсөл нийслэлийн Баянгол дүүргийн хэмжээнд хэрэгжихээр болж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 18 сургуулийн 24 мянган сурагчийг “Цахлай” үйлчилгээнд үнэгүй хамруулахаар болжээ.

С.БАТСАЙХАН: “ЦАХЛАЙ” ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ХҮҮХДИЙГ БИЕТ БОЛОН БИЕТ БУС ХАЛДЛАГААС СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ

“Цахлай” төсөл нь хүүхдийг биет болон биет бус халдлагаас хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Энэнхүү төслийн үйл ажиллагааны төслийн удирдагч С.Батсайхан “Хүүхдийн байршил харах аппликейшныг андройд болон IOS систем, мөн вебээр ашиглана. Ерөнхийдөө “Цахлай” үйлчилгээ нь хүүхдийг биет болон биет бус халдлагаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байгаа. Төслийн үндсэн зорилго бол 3 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, дэлхий нийтийн хэрэглээ болсон цахим ертөнцөд хүүхдүүд зөв боловсон оролцох, зохистой хэрэглээг хэвшүүлэх. Үүнийг хүүхдэд хэлээд хэрэгжүүлэх боломжгүй учраас технологийн түвшинд, зорилтот бүлгүүдэд хязгаарлалт тавих юм. Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон мэдээ мэдээллээр хангаж, насанд хүрэгчдэд зориулсан утга агуулгатай мэдээллийн сайтад нэвтрэх, зарын чанартай группууд ашиглах гэх мэтчилэн эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр хязгаарлалт хийх юм. Хоёрдугаарт, хүүхэд рүү чиглэсэн гэмт хэргийн дийлэнхи хувь нь цахимд суурилж байна. Тухайлбал, хүүхэд янз бүрийн чатаар танилцаж, үүн дээр суурилж бие сэтгэхүй, эд материалаар хохирох эрсдэл их учраас энийг хязгаарлах юм. Гуравдугаарт, бие махбодийн халдлагаас хамгаалах үүднээс хүүхдийн байршил тогтоох систем бий. Хуулийн хүрээнд хүүхэд төрийн хамгаалалтад байна, хүүхдийг эцэг эх хайрлан халамжилж, хараа хяналт тавих үүрэгтэй. Муугаар бодоход хүүхэд гэмт халдлагад өртлөө гэхэд эцэг эх яаралтай очих боломжгүй үед хамгийн ойрын хөдөлгөөнт эргүүл, цагдаа очиж тусламж үзүүлэх ийм нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байна” гэлээ.

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Г.ЦЭРГИЙНХҮҮ: ХҮҮХЭД АЛГА БОЛЛОО ГЭХЭД БАЙРШЛЫГ ТОГТООХ ДАВУУ ТАЛТАЙ

Энэ үеэр Баянгол дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Г.Цэргийнхүү “Манай хэлтсийн хувьд Баянгол дүүргийн 10 хороог хариуцан ажилладаг. Ер нь дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд багагүй ажил хийгдэж байгаа. Бусад дүүргүүдийг бодвол харьцангүй камержсан, техник технологийн давуу байдлыг ашиглан явж байна. Сүүлийн үед сургуулийн орчимд хүүхэд гэмт халдлагад өртөх, гэрээсээ сургуулль хүртэлх замдаа эд зүйлээ дээрэмдүүлэх гэх мэт гэмт хэргүүд багагүй бүртгэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг өдөр тутам шахуу үйлдэгддэг. Хамгийн сүүлд, бага насны хүүхдүүдийг араас нь дагаж хувцасыг нь дээрэмддэг байсан этгээдүүдийг Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийнхэн илрүүлж, хамтран шалгаж байна. Зөвхөн манай дүүрэгт гэхэд 3 бага насны хүүхдийг дээрэмдсэн хэрэг нөхөн илрээд байна. Ерөнхийдөө “Цахлай” төслийг дүүрэгт хэрэгжүүлэх болсон гол зорилго бол хүүхдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд эцэг эхчүүд цагдаагийн байгууллагаас тусламж авах энэ нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Төсөл хэрэгжүүлэгч “Айзарзоне” компаниас Баянгол дүүргийн хүүхдүүдэд “Цахлай” байршил тогтоох аппликейшнийг үнэ төлбөргүй суулгаж өгөх юм.

Та бүхний мэдэж байгаачлан сүүлийн үед бага насны хүүхэд ор сураггүй алга болж байна. Хэрэв хүүхэд гэмт халдлагад өртлөө, алга боллоо гэхэд аппликейшний тусламжтайгаар хамгийн сүүлийн байршлийг мэдэж авах боломжтой болж байгаа юм. Эцэг эхийн хувьд хүүхэд маань гэртээ байна уу, хаана явж байна, сургууль дээрээ байна уу гэдгийг утсан дээрээсаа хянах ийм давуу талтай төсөл юм” гэлээ.