Жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALIDUS/

ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяртай уулзаж ярилцлаа.

-Өнгөрсөн долдугаар сард дэгдсэн ойн түймрийн улмаас ард иргэд маань хандив, тусламжийн аяныг санаачлан зохион байгуулсан. Тэгвэл иргэдийн хандивласан мөнгөн тусламжийг хэрхэн юунд зарцуулав гэдгийг бид эргэж тайлагнах ёстой. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Юуны түрүүнд эх орныхоо төлөө хэзээ ч эвлэлдэн нэгдэхэд бэлэн гэдгээ харуулж, алба хаагчдад маань сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд, нийт Монголын ард түмэндээ, элэг нэгт өмнөдмонголчууддаа Онцгой байдлын байгууллага, нийт алба хаагчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье. Тухайн үед иргэд маань Онцгой байдлын байгууллага, тэр дундаа түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад туслах зорилгоор мөнгөн хандив өгөх гэсэн юм, ямар дансанд энэ хандивыг төвлөрүүлж болох вэ гэсэн хүсэлтийг ихээр ирүүлсэн учир манай байгууллагын зүгээс албан ёсны хандивын дансыг нээж, мөнгөн тусламжийг төвлөрүүлэн авсан. Энэ дансанд маань 809,6 сая төгрөгийн мөнгөн хандив цугласан. Одоогоор энэ хандивын мөнгөнөөс бид ямар нэгэн зарцуулалт хийгээгүй байна.

Мөн тэр үед иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг биет эд материалын хандив, тусламжийг ихээр ирүүлсэн. Энэ биет эд материалын тусламжийг бид тухай бүрт нь хэрэгцээт газар нь хуваарилж, хүргүүлж ажилласан.

-Тэгэхээр сайн дурын аян өрнүүлсэн, нэгдсэн иргэдийн зүгээс хандивын мөнгөн тусламжийг нисдэг тэрэг авахад зарцуулах ёстой гэсэн санал санаачилга гаргаж байсан ?

-Ард иргэдийн зүгээс гаргасан хандивын мөнгийг нисдэг тэрэг авахад зарцуулаарай гэсэн санал нь Онцгой байдлын байгууллагын нисэх нэгжтэй болох зорилттой нийцэж байгаа юм. Гэвч гал унтраах зориулалтын, эрэн хайх зориулалтын 4-5 төрлийн нисдэг тэрэг авахад ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Харин манай улсад ашиглагдаж байгаа МИ-171Е гэсэн загварын зах зээлийн дундаж үнэ нь 20 гаруй тэрбум төгрөг. Аврах ажиллагаа болон эрэн хайх зориулалттай евро стандартын EC загварын нисдэг тэрэг гэхэд 17 орчим тэрбум төгрөгийн үнэтэй. Нэг ёсондоо хандиваар цугларсан мөнгөн хөрөнгө маань нисдэг тэрэг худалдан авахад хүрэлцэхгүй гэсэн үг. Гэхдээ бид иргэдийнхээ сайхан сэтгэлийн хандиваар цугларсан энэ мөнгийг тун үр ашигтай зүйлд зарцуулах ёстой.

Тийм болохоор энэ хандивын мөнгийг Онцгой байдлын албанд нэн шаардлагатай байгаа бусад техник тоног төхөөрөмжийг авахад зарцуулахаар ажлын хэсэг байгуулан тооцоо судалгааг гарган ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллага гадны зээл тусламж болон төр засгийн дэмжлэгтэйгээр чамгүй хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэл хийсэн. Гэсэн хэдий ч аврах гал унтраах зориулалтын автомашин, тоног төхөөрөмжийн хүрэлцээ 50 хувь, тусгай зориулалтын хүн нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэглэл 30, холбоо, зарлан мэдээллийн хэрэгсэл 20 гаруй хувьтай байгаа юм.

-Тухайлбал ямар техник хэрэгсэл авахаар төлөвлөж байна. Энэ нь ямар ач холбогдолтой талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Бололгүй яах вэ. Бид техник хэрэгслийнхээ судалгааг гаргаад, алба хаагчдынхаа саналыг авсан. Юуны түрүүнд гамшиг осол, ой, хээрийн түймрийн үед урьдчилан тандалт, эргүүл хийх, галын голомт болон тархалтын хэмжээг тодорхойлох, дүрсжүүлсэн бичлэг бүхий мэдээллийг авч үнэлгээ хийх, аврах ажлыг агаараас удирдан зохион байгуулах, гамшигт нэрвэгдсэн болон хүнд өвчтэй хүнийг яаралтай тээвэрлэхэд ашиглах боломжтой жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALI­DUS/ авъя гэсэн санал оруулсан. Автожир нь Онцгой байдлын албаны нисэх нэгжийн эхлэл, нөгөө талаас Онцгой байдлын албаны нисэх нэгжид ард түмний зүгээс оруулсан хөрөнгө оруулалт гэж ойлгож болох юм.

Мөн нисгэгчгүй нисэх аппарат авахаар төлөвлөөд байна. Энэ нь Matrice 600 буюу DJI компанийн бүтээсэн хамгийн хүчирхэг дрон юм. Тээвэрлэж буй ачаанаасаа шалтгаалан 18-37 минут нисэх чадалтай бөгөөд хамгийн багадаа 5,5 кг жинтэй ачаатай нисч, 4,5 километрийн цаанаас 60 fps хурдтайгаар 1080p дүрс дамжуулах боломжтой, дулаан мэдрэгч камераар тоноглогдсон учир эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах юм.

Ой хээрийн бүсэд түймэр унтрааж байгаа алба хаагчдын байршлыг тодорхойлох, галын тархалтыг хянах, эм тариа болон бусад бага оврын 5 кг хүртэлх эд зүйлсийг энэ нисгэгчгүй нисэх аппаратаар алба хаагчдад хүргэх боломжтой. Мөн ойн бүсэд төөрсөн, нурангид дарагдсан иргэдийг дулаан мэдрэгч төхөөрөмжөөр илрүүлэн, аврах ажиллагааг шуурхай явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

Дараагийн бидний авахаар төлөвлөсөн техник, тоног төхөөрөмж бол биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/ болон багц шинжилгээ хийх нэг бүрийн оношлуур.

Эдгээр нь гамшигт нэрвэгдсэн иргэд, өдөр бүр гамшиг осолтой нүүр тулан ажиллаж байгаа гал сөнөөгч, аврагчдын эрүүл мэндийг хянах, эрт оношлох, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай тоног төхөөрөмж юм. Шинжилгээгээр 6-14 төрлийн үзүүлэлтийг 10 минутын хугацаанд шинжлэн гаргах хүчин чадалтай. Гамшгийн голомт дээр очиж шинжилгээ хийж болохоороо давуу талтай юм.

Үүнээс гадна хорт утааны баг, багны бортого цэнэглэгчтэй нь авахаар төлөвлөсөн. Гал түймэр, техникийн холбогдолтой ослын голомт болон эрүүл мэндэд хортой хий, утаа ялгарснаас амьсгалахад хүндрэлтэй орчинд ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчид нь хорт хий утаанаас хамгаалах баг /багны бортого цэнэглэгчийн хамт/-аар бүрэн хангагдсан байх естой. Гэтэл одоо ашиглагдаж байгаа багнуудын 50 хувь нь элэгдэлд орсон ашиглах боломжгүй болчихоод байгаа юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардал шийдэгдээгүйгээс худалдан авалт хийгдээгүй. Тиймээс ийм нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авахад дээрх хандивын мөнгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Мөн тодорхой хэсгийг алба хаагчдынхаа ажиллах орчныг сайжруулахад зарцуулахаар төсөвлөсөн.

-Жижиг оврын нисдэг тэрэг Автожир авна гэлээ. Энэ нисдэг тэргийг жолоодох нисгэгч байгаа юу?

-Байгаа. Онцгой байдлын байгууллага өнгөрсөн зунаас л нисдэг тэрэгтэй болох асуудлыг анх ярьж байгаа юм биш. Өмнө нь нисдэг тэрэгтэй болох хэрэгтэй гэсэн санал санаачилга, тооцоо судалгааг гарган төр засагтаа хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөөч ээ гэж хандаж л байсан. Тиймээс бидний зүгээс нэн тэргүүнд боловсон хүчнээ бэлтгэх ёстой гэж үзэн эхний ээлжинд жижиг оврын нисдэг тэрэгний нисгэгчээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хоёр алба хаагчийг сургаж бэлтгэсэн. Хэрвээ энэ жижиг оврын нисдэг тэргийг авчихвал алба хаагчид маань жолоодоод нисэхэд бэлэн гэсэн үг.

-Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын тухайд аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулахад бэлэн байх зориулалт бүхий улсын нөөцийг бүрдүүлэх чухал үүрэгтэй. Өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдсан бэ?

-2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын тогтоол, 2017 оны батлагдсан төсвийн хөрөнгө болон борлуулалтын орлогоор төв, орон нутгийн улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар өвсний нөөц, малын тэжээлийн бүрдүүлэлтийг бүрдүүлж дуусаад байна.

Д.ОЮУ