Жил бүр болдог яруу найргийн "Болор цом" наадам өчигдөр Говь-Алтай аймагт болж өндөрлөлөө. Тус яруу найргийн наадмыг Монголын зохиолчдын эвлэлээс МҮОНТВ-тэй хамтран 35 жилийн турш зохиосон.

Энэ жилийн"Болор цом" наадмын тэргүүн байр, Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчаар Мөнгөнхүүгийн Отгонбаяр шалгарчээ. М.Отгонбаяр нь “Нил гийх үүр”, “Гоц улаан сар”, “Сураггүй хаврыг хүлээхүй”, “Амраглан гуниглан”номууд хэвлүүлж байсан яруу найрагч юм. Түүний шүлгийг нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, “Өнөө цагийн яруу найрагчид өөртэйгөө яах аргагүй адилхан, бусадтайгаа адилгүй шүлэг бичээсэй гэж тэсгэлгүй хүлээдэг. Хүлээсэн хүмүүсийн нэг нь Мөнгөнхүүгийн Отгонбаяр юм аа гэж номыг нь уншаад бодсоноо нуух юун” хэмээн үнэлсэн нь бий. Болор цом наадмын дэд байранд яруу найрагч Хандхүүгийн Нямхишиг, гуравдугаар байранд Оюуны Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байранд Бямбацогтын Ганхүрэл, тавдугаар байранд Дамбын Одгэрэл нар шалгарчээ. Монголын их соён гэгээрүүлэгч, зохиолч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн хүрээнд төрсөн нутагт нь зохион байгуулагдсан Болор цом наадам энэ жил оролцогчдын хувьд ч, шагнал хүртсэн яруу найрагчдын хувьд ч 2000 оноос хойш уран зохиолын хүрээнд орж ирсэн залуус байснаараа онцлог байв.

Зураг дээр: Болор цомын эзэн М.Отгонбаяр, дэд байранд шалгарсан Х.Нямхишиг нар