Нэг муу өмгөөлөл үзүүлэх замаар талхны мөнгө залгуулж байсан нөхрийг Н.Энхбаяр тэнгэрт мандуултал, тэр нь өөрийг нь газарт хадаж орхилоо. 

Чамгүй хугацаанд хөөцөлдөж, шүүхээр олон дахин ажил удаж байж өөрийнхөө нэр дээр бүртгүүлж авсан МАХН хэмээх байгууллагыг нь О.Баасанхүү гэгч булаагаад авчихлаа. О.Баасанхүү Н.Энхбаяр байгаагүй бол ёстой хэн ч биш. Амь зуух аргаа ч олоогүй зүдүүхэн О.Баасанхүүг УИХ-д хоёр ч удаа суулгаж, олны дунд овойлгож өгсний гавьяаг тэрбээр ийнхүү өөрт нь барив. Гэхдээ О.Баасанхүүд Их хурлыг өөрийн зоргоор зохион байгуулаад байх хөрөнгийн эх үүсвэр гэж байхгүй. Ийм хэмжээний хурлыг таргийн таван ямаа ч үгүй нэг муу оймсны хүүхэд зохион байгуулдаггүй юм. Тэгэхээр үүний ар талд хэн байв гэдэг нь яагаад ч сонирхол татна. Тэгвэл үүний ар талд Ерөнхийлөгч Х.Баттулга байгааг эх сурвалж дурдсан. Ерөнхийлөгчийн хувьд О.Баасанхүүгийн намын дарга болох хүслийг дагуулж, мөнхүү халаас нимгэн шалтагийг нь хамаатуулж байгаад Н.Энхбаярын өөдөөс тавьчихсан нь маш амжилттай хэрэгжив.

            Дарга болохын туйлын хүсэлтэй, мөнгөтэй байх эрмэлзлэлтэй О.Баасанхүүд бол томоос том боломж. Харин О.Баасанхүүд МАХН-ыг булаан авахад нь хөрөнгийн эх үүсвэрээс эхлээд олон зүйл дээр туслах нь Ерөнхийлөгч Х.Баттулгад ямар ашигтай билээ гэдэг асуудал зүй ёсоор хөндөгдөж таарна. Шуудхан хэлэхэд Х.Баттулга МАХН-ыг ирээдүйд захирах, өөрийн гэсэн намтай байх үүднээс ийнхүү О.Баасанхүүгээр сэлэм эргүүлсэн гэдгийг хэлж байна. Ингэхээр заавал яагаад МАХН гэж, АН яах юм гэх зэрэг асуултууд урган гарах нь ойлгомжтой. Алт эртнээс АН дотор гал авалцаж Х.Баттулга, Г.Уянгатай нийлж нам байгуулахаар болжээ гэх мэдээлэл тэнүүчилж байсан нь тийм ч оргүй зүйл биш. Тиймээс Х.Баттулга нэгэн цагт Ерөнхийлөгчийн суудлаас бууж таарна. Магадгүй, хориг тавихаас өөрөөр хийх ажилгүй байгаад байвал 2021 онд тэр тахимаа өгнө. Шуудхан хэлэхэд улиран сонгогдох магадлал тун бага Ерөнхийлөгч бол Х.Баттулга. Ард түмэнд таалагдахын дээдээр таалагдаж, хүчтэй байсан Н.Энхбаяр л улиран сонгогдож чадаагүй суудал шүү дээ.

            Тиймээс үүнийгээ гадарлах Х.Баттулга Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан даруйд тосоод авах бэлэн намтай болсон хэрэг юм уу даа. АН олон фракцид хуваагдахын зэрэгцээ цацаа цалгиа ихтэй. Тэр тусмаа Х.Баттулга нам дотроо олонхийн дэмжлэг авна гэдэг хол. Тиймээс хашир хүн эртнээс намаа бэлдсэн бололтой. Цагаа болохоор О.Баасанхүүг зайлуулах шиг амархан зүйл үгүй. Н.Энхбаярыг зайлуулж чадаж байхад муу О.Баасанхүү бол цаашаа хэрэг биз ээ. Үүнээс харвал хэсэг хүмүүсийн итгэл үнэмшил дээр суурилсан МАХН-ын хувь заяа хөөрхий болж байна. Тэр тусмаа үзэл баримтлалгүй шахам явж ирсэн энэ бүлэглэлийн хүмүүс бүр ч хөөрхийлөлтэй хоцрох нь тодорхой.

Х.Баатар

Шуурхай.мн