Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлжээ. Ингэхдээ өнгөрсөн тавдугаар сарын 25-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэн зөвшилцсөн зургаан Элчин сайдын гурвыг нь томилох боломжгүй гэдгээ мэдэгдэж орны хүнийг нь шинээр санал болгоно уу гэсэн байна.

Тус албан бичгээс анхаарал татсан зүйл нь МАН-ын угшилтай буюу Ё.Отгонбаяр, Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг Элчин сайдын ажилд тэнцэхгүй гэж үзсэн нь юм.

Харин албан бичигт дурдагдаагүй буюу дээрх нэр дэвшигчидтэй хамт Элчин сайдаар томилогдохоор УИХ-ын чуулганаар орж байсан нөгөө гурав нь АН-ын нэр дээр албан тушаал хашиж явсан хүмүүс байх аж. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр Франц улсад, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал асан Д.Ганбат ХНБГУ-д суух Элчин сайдаар очоод Итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад ажилдаа орчихсон байгаа. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн Швейцарийн Холбооны Улсад Элчин сайдаар хэзээ мөдгүй явах гээд бэлтгэлээ базааж байна. Ерөнхийлөгч аль нэг намын харъяалалгүй бүх ард түмний илэрхийлэл болох ёстой. Гэвч өнөөдөр тэрбээр өнгөрсөн хавар хэлэлцсэн зургаан Элчин сайдыг намынх нь харъяаллаар хуваачихаад сууж байна. Мөн Ерөнхийлөгчийн мэдээллийн вэб сайтад “Сүүлийн үед олны анхаарал татаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах эсэх асуудалд ч хүлээзнэх шаардлага үүссэн. Учир нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй гэж үзсэн байна” гэсэн мэдээлэл гарсан. Үүнээс үзэхэд Б.Хурцыг томилох эсэх дээр шийдвэртэй хариу өгөөгүй бөгөөд тойруулж, бөөрөнхийлөөд орхисон мэт харагдаж байна. 
Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн албан бичгийг сонирхуулъя. Уг албан бичигт “Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг УИХ-ын 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн. Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна. Түүнчлэн Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд хандсан байгаа. Элчин сайд С.Баяр нутагтаа бүрмөсөн буцах өргөдлөө өгснийг Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн бол Элчин сайд М.Энхсайханыг өнөөг хүртэл эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцээгүй байна. Иймд эл асуудалд анхаарахын сацуу дээр дурдагдсан дөрвөн улсад суух Элчин сайдад томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу” гэжээ.


Үндэсний шуудан сонин