Улиран өнгөрч буй 2017 он монголчуудад нэгийг бодуулж, хоёрыг сануулсан олон үйл явдал өрнөлөө. Ингээд иргэдийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдлуудлыг онцлон хүргэж байна.

ХЭВ ЖУРМЫНХАН САЙН БАЙЛАА

Энэ онд цагдаагийн алба хаагчид эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн амь нас, эрүүл мэндээ үл хайхран тулгарсан эрдлээс ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалсан бахархалтай олон үйл хийсэн билээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбаяр, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад С.Батсумъяагийн хамт өнгөрсөн долдугаар сарын 25-ны өдөр тус дүүргийн 21 дүгээр хороонд албан үүргээ гүйцэтгэж явахдаа үерийн аюулд өртсөн таван хүүхэд, дөрвөн том хүний амийг аварсан юм. Тэгвал Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр, цагдаагийн жолооч, цагдаагийн дэд ахлагч Х.Ганзориг нар өнгөрсөн есдүгээр сарын 5-ны өдөр шатаж байгаа гэрт ухаан балартсан ээж, хоёр охины амийг авч байв. Мөн Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаатйн ахлах дэслэгч У.Баяртогтох бага насны гурван хүүхэд голд үйж амь насаа алдах аюулаас аварсан гээд хэв журмын эгэл цагдаагийн бахархалтай үйл олон болсныг онцолж байна.

АГААРЫН ЗАМААР 100 МЯНГА ГАРУЙ НИСЛЭГ ДАМЖИН ӨНГӨРЛӨӨ

“DLН726” аяллын дугаартай “А340-600”агаарын хөлөг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны 11.45 минутад манай улсын хилээр нэвтрэн орж ирснээр агаарын тээврийн түүхэн дэх дамжин өнгөрөх нислэгийн тоо 100 мянга боллоо. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Бид өнгөрсөн нэг жилд навигацийн орлогын бодолтыг өөрчилж, агаарын тээвэрлэгч нартайгаа уулзан, тэдэнд өөрсдийн аюулгүй байдлын хангалтаа танилцуулсны үр дүнд нислэг нэмэгдэж, өнгөрсөн сард манай агаараар 100 мянга дахь агаарын тээвэр дамжин өнгөрлөө. Өнгөрсөн гуравдугаар сард бид Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа нислэгээ чиг шулуун болгосон. Энэ нь агаарын тээвэрлэгч нарт эдийн засгийн ашигтай дэм болж байгаа юм. Учир нь тойрог замд цаг алдаж, шатахуун их зарцуулдаг байсан. Харин чиг шулуун болсноор манай улс дээгүүр арай бага хугацаанд, бага шатахуунаар дамжин өнгөрөх болопцоогоор хангагдсан” гэв. Одоогоор манай улсын агаарын зайг 87 улсын 180 гаруй компани ашиглаж, өнгөрөлтийн нислэг гүйцэтгэж байна. Навигацийн үйлчилгээний орлогоос 2011 онд улсын төсөвт 40.8 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2015 онд 98.5 тэрбум, өнгөрсөн онд 130 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

“СЭЛЭМ” С.БЯМБАЦОГТ БА “САЛААВЧ” Ц.БАЯРЦОГТ

МАН-ын бүлгмйн дарга, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт өнгөрсөн сарын 11-12-нд шилжих шөнө “Castle” диско баарны хамгаалагчидтай гар зөрүүлэх үеэр салэм гаргаж, айлган сүрдүүлсэн хэрэг гарсан. Энэ талаар түүний төрсөн ах С.Мөнхчулуун манай сонинд өгсөн ярилцлагадаа “Сүнсний баяраар хэрэглэдэг сэлэм авч явсан юм билээ. Үүнийг нь хүмүүс буруугаар ойлгосон байх” гэсэн юм. Гэтэл Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст С.Бямбацогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үеэр түүний ашигласан зэвсгмйн чанартай эд зүйлээ өөрийн туслахын аав Э-гийн гэрт нуусан байсныг олж тоггоон, хураан авсан. Тэгвэл үүнээс хоёр хоногийн дараа хар тамхи хэрэглэж байсан таван залууг саатуулах үеэр С.Бямбацогт хамт байсан тогтоогдон багагүй шуугиан тариад амжсан юм. Харин төрийн албан хаагч ажил үүргийнхээ дагуу тавьсан шаардлагыг хүлээж авалгүйгээр барахгүй өөдөөс нь салаавч гаргасан Ц.Баярцогтод Зөрчлийн тухай хуулийн дагуу 250 мянган төгрөг төлүүлэх шийтгэлийг шүүхээс оноосон. Гэтэл тэрбээр эсэргүүцэж гомдол гаргасан ч шүүхээс гомдлыг нь хүлээж аваагүй юм.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭНД ХАЛТАЙ ЖИЛ

Улирч буй он Зэвсэгт хүчний салбарт ололт амжилт их байсан ч дутахааргүй халтай байлаа.
Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард Тавантолгой дахь бэлтгэлийн баазад хийж байсан сургуулилалтын үеэр гар бөмбөг дэлбэрч, найман цэрэг бэртэж, ахмад, ахлагч хоёр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн дуулиан намжаагүй байтал Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нугаг дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан Ж.Баярцогт гэх байлдагчийг харуулын ахлагч нь зодож, хүндээр бэртээн, хөлийн хурууиуудыг нь тайрахаас аргагүй болтол нь дэглэсэн хэрэг олонд ил болсон юм.

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН МОНГОЛЫГ НЭРВЭЛЭЭ
Монголын бараг бүх, аймаг, суманд малын гоц халдварт болоод халдварт өвчин гарч, хаа сайгүй хорио цээрийн дэглэм тогтоосон ч өвчлөлүүдийг хазаарлаж дөнгөлгүй он гарах гэж байна. Онцгой байдлын ерөнхий газар болоод Мал эмнэлгийн төв эмнэлгийнхний мэдээлснээр өнгөрч буй онд “18 аймагт давхардсан тоогоор 405 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт халдварт өвчин 911 удаа гарч 7129 мал, амьтан өвчилсөн” гэжээ. Ингээд зогсохгүй малын гаралтай гоц халдварт өвчин зэрлэг амыдад халдварласан тохиолдол цөөнгүй. Үүний хамгийн том жишээ нь дэлхийд ганцхан төрөл монгол бөхөнгийн сүрэгт бог малын мялзан төст өвчин халдварлаж, өнгөрсөн хавар нийт сүргийн 6000 гаруйг “авч” одсон билээ. Үүнээс гадна метрополис хотод малын гоц халдварт өвчин гарч, 30 хоногийн хөл хорио тогтоосон явдал Улаанбаатар хотод болсон нь хөрш төдийгүй дэлхийн улс, орнуудын чихийг сортойлгож, болгоомжилж, сэрэмжлэхэд хүргэсэн билээ.

АЛГА БОЛСОН ОХИН ОЛДООГҮЙ БАЙНА

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн гуравдутаар ангийн сурагч Д.Сэржмядаг охин арваннэгдүгээр сарын 2-нд алга болсон. Эрэн хайх ажиллагааг аймаг, нийслэл хэмжээнд цагдаа, онцгой байдлын бие бүрэлдэхүүн болон охины гэр бүлийнхэн, нутгийн иргэд бүхий л боломжийг ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч ямар нэг таамаг сэжүүр олоогүй байна. Охиныг үзсэн, харсан хүмүүсийн мэдээллийг таван сая төгрөгийн төлбөртэйгээр авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн билээ. Мөн Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүн баттай эх сурвалжийн мэдээллийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ мэдэгдсэн.

13 НАСТАЙ ОХИН АМИА АЛДАЖ, ТАВАН НАСТАЙ ОХИН ХОЙТ ЭЦЭГТЭЭ ХҮЧИРХИЙЛҮҮЛЭВ

Нийгмийг айдас хүйтэст автуулсан гэмт хэрэг энэ онд цөөнгүй гарсны нэг нь 13 настай охин дэн буудалд бусдад хүчирхийллүүлж, амиа алдсан бол таван настай охин хойт эцэгтээ хүчирхийлүүлсэн харамсалтай хэрэг юм. 13 настай охины хувьд хөрш айлынхаа залуустай хамт байх үедээ согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байдаг. Гэмт хэрэгтнүүдийн мэдүүлснээр охин өөрөө архи уусан гэж байгаа ч шүүх хурлаас тэднийг хүчээр уулгасан байх талтай гэж үзсэн. Улмаар бага насны хүүхэдтэй бэлгийн харицаанд зүй бусаар орж, амь насаа алдахад хүргэсэн зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Тэгвэл таван настай охины хувьд ээж нь самар түүхээр явахдаа төрсөн дүүдээ охиноо харуулахаар үлдээсэн ч харах хүнгүй гэдэг шалтгаанаар охиныг хойт эцэгт нь харуулахаар үлдээснээс болж дээрх харамсалтай хэрэг болсон юм. Шүүх хурлаас охины хойт эцгийг бага насны хүүхэд хүчирхийлсэн гэж үзэн 13 жилийн хорих ял оноосноор энэ хэрэг намжсан билээ.

ОФФШОР БҮСЭЭС “ОРЖ ИРСЭН” ДӨРВӨН САЯ 370 МЯНГАН АМ.ДОЛЛАР

Нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн дөрвөн сая 370 мянган амдоллараа оруулж ирсэн нь “оффшорчин” гэх нэр зүүгээд байсан нөхдүүдэд багагүй сануулга болоод авсан. Учир нь дээрх мөнгө орж ирсэнтэй зэрэгцэн “Нийгмийн хариуцлагаа ухамсарлаагүй “оффшорчдын’’ хууль бус хөрөнгийг хураа" гэж олон нийт хэсэгтээ шуугисан юм. Тиймдээ ч эрх баригчдын зүгээс өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор батлагдсан оффшор бүсийн 49 оронд ямар нэг хэлбэрээр хөрөнгө, данс эзэмшдэг бол ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө хөрөнгө орлогоо мэдүүлж, Монгол Улсад оруулж ирэхийг даалгасан “сануулга” өгснөөр энэ хэрэг намжаад буй. Дээрх тогтоолтой холбогдуулан АТГ-аас оффшор бүсэд данс, хөрөнгө эзэмшдэг гэх 43 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан шалгаж буй. Ямартай ч төрийн зүгээс хийх зүйлээ хийлээ. Харин оффшорчид үгэнд нь орох үгүйг цаг хугацаа харуулах биз ээ.

БУЛХАЙТАЙ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан хэрэг энэ онд гарсан. Энэ тухай “Шинэ зуун билэг" сургуулийн математекийн багш Х.Сайнбилэг математекийн шалгалтын хариу задарсан гэж хэвлэлийн бага хурал зарлаж байв. Үүний дагуу ЦЕГ, ТЕГ-тай хамтран шалгалт хийсний үр дүнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг шалгалт эхлэхээс 30 минутын өмнө тест задалсан болох нь баримтаар нотлогдсон юм. Уг багшийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, хуулийн дагуу арга хэмжээ авсан. Элсэлтийн ерөнхий шапгалтад нийт 37800 сурагч хамрагдсан байдаг.

АТГ-ГААС БАРЬСАН ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Манай улс авлигын индексээр дэлхийн 187 орноос 87 жагссанаар авлигажсан улсын тоонд зүй ёсоор багтсан. Тэгвэл 2017 он авлигачдад халтай жил болж өнгөрөв. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн 412 хэрэгт 639 иргэнийг холбогдуулан шалгасан юм. Албан тушаалын задаргаагаар нь авч үзвэл, улс төрийн албан тушаалтан 58, төрийн захиргааны албан тушаалтан 113, төрийн тусгай албан тушаалтан 168, төрийн үйлчилгээний албан тушаалтан 98 иргэнийг холбогдуулан шалгаж буй. Эдгээрт нөлөө бүхий улстөрч болох УИХ-ын гишүүн асан Н.Батбаяраас эхлээд УИХ-ын гишүүн болон яам тамгын газрын даргын албан тушаал хашиж байсан этгээдүүд холбогдсоноос гадна бүр ЦЕГ-ын харьяа байгууллагын алба хаагчид хүртэл нэр холбогдоод амжсан. Мөн Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаярын гэргий Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, АТҮТ-ийн халтсийн дарга Д.Батбаяр, “Монголростветмет"-ийн захирал До.Ганболд, Монгалбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, “Хөгжлийн банк”-ны захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ын дарга асан Б.Шинэбаяр, Ч.Отгочулуу, “ТОСК” ТӨҮГ-ын захирал асан А.Гантулга нарын зургаан иргэн, МХЕГ-ын дарга, болон байцаагчдыг АТГ-аас шалгаж, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлтээ прокурорт гаргаад байгаа юм. Эдгээрээс гадна төрийн өмчит үйлдвэрийн газруудад улсын хөрөнгийг хууль бусаар завшиж байсан цөөнгүй хэргийг илчлээд буй.

17 УУЛЧНЫ АМЬ НАСЫГ АВЧ ОДСОН ОСОЛ

Завхан аймгийн Отгон сум дахь Отгонтэнгэр хайрханд Олон улсын мастер, уулчин Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 уулчин авирапт хийгээд буцах замдаа 17 нь нурангид дарагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг арваннэгдүгээр сарын 21-ний 07:00 цагийн үед болсон билээ. Ослын дуудлагыг 22-ны 13:00 цагийн үед уулнаас эсэн мэнд бууж чадсан долоон уулчин байгаль хамгаалагчид хүргэснээр аврах ажиллагааг эхлүүлсэн юм. Аврах ажиллагаанд ОБЕГ, Батлан хамгаалах яам болон эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчдаас бүрдсэн 70 гаруй хүн оролцсон. Дээрх үйл явдал нь уулын спортоор хичээллэгчдэд томоохон сургамж болоод зогсохгүй энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг холбоодыг цэгцлэх ёстойг сануулсан дохио болсон юм.

БАГШ НАР АЖИЛ ХАЯВ

Боловсролын салбарт гарсан онцлох үйл явдалд багш нарын цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1 -нээс шат дараалан нэмэхээр болсон явдал байв. “Ажил хаяна” гэж багш нар жил бүр шахуу эрх баригчдыг айлгадаг. Харамсалтай нь тэр бүрт нь Засгийн газраас эдийн засаг хүндэрсэн, ирэх оноос нэмэхийг бодъч гэхчлэн ямар нэг шалтаг тоочиж, аргацаан өнгөрөөдөг байсан ч энэ жилийн хувьд тэдний тархийг арай л угааж чадсангүй. Тиймдээ ч тэдний цалинг ийнхүү нэмэх амлалт өгснөөр хугацаагүй ажил хаялтыг зогсоож чадсан юм.

ГЭР БҮЛИЙН ШҮҮХИЙН ЭХЛЭЛ ТАВИГДАВ

Дэлхийн улс орнуудад гэр бүлийн маргааныг шүүхийн байрнаас өөр орчинд, дагнаж мэргэшсэн шүүгчид шийддэг. Манай улс энэ жишиг рүү ойртож Улаанбаатар хотод гэр бүлийн маргааныг шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн III байраа нээлээ. Нийслэлийн гурван дүүргийн хэмжээнд гарсан гэр бүлийн маргааныг тусгай байранд, дагнасан шүүгчид хэлэлцэж байгаа нь шүүх засаглалын төвшинд хийсэн шинэчлэл, хүний эрхийг хангах том алхам болж чадлаа. Гэр бүлийн маргааны хохирогч болсон хүүхдүүд бусад маргааны оролцогчдоостусдаа, эерэг орчинд мэдүүлэг өгч байгаа нь хүүхдийн эрхийг хангах чухал алхам гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Мөн улсын үндэс болсон гэр бүлийг бүтэн үлдээхийн тулд мэргэжлийн сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагчид тэнд ажиллаж байгаа нь чухал алхам юм. Гэр бүлийн маргааныг дагнаж шийдэж эхэлснээрээ шүүгч, эвлэрүүлэн зуучлагчид мэргэших боломж бүрдэж, бусад улсын адил Гэр бүлийн шүүхийн эхлэл тавигдлаа.

 

Г.НАЦАГ-ЭРДЭНЭ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/