У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эхний томилгоо нь бараг л Ерөнхий сайдын шууд удирдлагад байдаг Тагнуулын ерөнхий газраас эхэлсэн. Генерал Б.Хурцыг чөлөөлж, Элчин сайд асан хурандаа Д.Гэрэлийг энэ албанд очих үеэс л уг томилгоог нүдээ олсон эсэхэд эргэлзэх хүн олон байлаа. Учир мэдэх зарим нь уг томилгоог түр зуурынх ч хэмээж байв. 

Тагнуулын ерөнхий газрын даргын намтар түүхийг сөхвөл дээрх яриа ор үндэсгүй ч биш бололтой. Учир нь, Д.Гэрэл дарга өдгөө 66 настай, 1952 онд мэндэлжээ. Төрийн албаны тухай хуульд зааснаар түүний мэндэлсэн уг огноо өөрийнх нь “огцрох болзол” болоод буй юм. 
Төрийн албаны тухай хуулийн 24.1 дүгээр хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн мөн өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн албанаас чөлөөлнө гэж заасан байдаг. Тэгэхээр шинэ оноо угтаж оргилуун дарс буудуулж байхтай зэрэгцэн Тагнуулын ерөнхий газрын даргын “огцрох болзол”-ын тоолуур албан ёсоор гүйж эхэлжээ гэсэн үг юм. 
Магадгүй энэ албан тушаалд очсон хүн ранкаараа генерал мөрдэс зүүдэг. Д.Гэрэл дарга тун удахгүй генерал цолоо авна, бас түүний дараахан Тагнуулын ерөнхий газрын даргын шинэ томилгоо болно гэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу.

Үндэсний шуудан сонин