Алдарт Наполеон Бонапартын сэлэм

Монголчуудын түүхийн томоохон хэсэг нь XIII зууны дэлхийн талыг эзэлсэн байлдан дагуулалт. 100 мянган хүнтэй монгол үндэстэн хэдэн сая хүнтэй улс орнуудыг хэрхэн эзэлсэн түүх өнөөг хүртэл маргаан дагуулдаг гэнэ.

Сүүлийн үед ихэнх судлаачид монголчуудын хөрвөх чадвар, тэсвэр хатуужил нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой гэдэг дээр нэгдэж байгаа аж. Дээр нь бүх монгол цэргүүд хөтөлгөө морьтой бас сэлэмтэй байсан нь байлдах чадварыг хэд дахин нэмэгдүүлжээ. Морьт арми ямар байсныг өнөөдөр ч төсөөлж болно. Харин цэрэг бүрийн үндсэн зэвсэг болсон сэлэмний тухай ойлголт бага байдаг юм байна. Сэлэм нь XIII зуунаас эхлээд бараг 1921 он хүртэл цэрэг бүрийн үндсэн зэвсэг байсаар иржээ. Харамсалтай нь өнөөдөр өсвөр үедээ Чингисийн монгол ийм зэвсгээр дэлхийг байгуулсан гээд үзүүлэх сэлэм ховорджээ. “Цогт тайж”, “Чингис хаан”, “Мандухай сэцэн хатан” зэрэг кинонд олон тооны сэлмэн тулаан гардаг. Гэтэл энэ бүхэн зүгээр дуураймал байдаг ба дуу, чимээ нь төмпөн, сав тачигнуулж байгаад хийчихдэг юм байна. Харин Монголбанкны Эрдэнэсийн санд маш гоёмсог сэлэмнүүд байдаг. Тэр нь 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайны үед манай маршал генералуудад олгосон сэлэмнүүд. Харин 1921 оны хувьсгалд оролцож байсан манлай баатар Дамдинсүрэн, Чойбалсан нар тухайн үедээ хэрэглэж байсан сэлэмнүүд Монголын үндэсний музей, Цэргийн музейд байгаа гэнэ. Харин Чингисийн үеийн сэлэм Монгол үндэсний музей болон Цэргийн музейд тус бүр нэг л байдаг. Гэхдээ энэ нь шинжээчдийн дүгнэлтээр XIII зууных гэж батлагдахаас Чингис эсвэл Хубилай хааны сэлэм гэж батлагдахгүй. Харин ямар зиндааны цэргийн эрхтэн хэрэглэдэг байсныг тогтоож болно. Мөн Хүрэл зэвсгийн үе, Хүннүгийн үеийн ч ганц нэг сэлэм байдаг аж. Монголд маршалын сэлэм гэж гурав байдаг. Түний нэг нь Үндэсний музейд, нэг нь Цэргийн музейд, гурав дахь нь Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байна.

XIII зууны монгол цэргийн нуруутай сэлэм

XIII зууны жирийн монгол цэргийн сэлэм бусад орнуудынхаас нэлээд өөр хэлбэртэй байсан тухай Оросын судлаач бичжээ. Түүний үзэж буйгаар ихэнх орны цэргүүд явган байсан. Тиймээс өөрийгөө зайнаас хамгаалах зориулалттай, дайснаа зайнаас хөнөөх зориулалттай. Энэ нь ихэнх тохиолдолд нэлээд урт, жаднаас арай богино хэмжээтэй. Харин Скандинавын бүсэд нэг хэсэг хүчирхэгжиж байсан викинчүүд хамгийн урт сэлэмтэй байсан гэнэ. Олон орны цэргүүд сэлмийг хатгалдах зорилгоор үйлдвэрлэдэг байсан. Харин жирийн монгол цэргийн сэлэм аливаа зүйлийг цавчих, таслах зориулалтаар бүтээгдсэн гэж үздэг гэнэ. Бусад орны цэргүүдийн сэлэм зузаан, багагүй жинтэй. Харин монголчуудынх харьцангуй нимгэн, багахан орон зайд ямар ч хөдөлгөөн хийхэд тохиромжтой гэнэ. Ийм авсаархан сэлэмтэй монголчууд морины дээд хурдаар давхиж ямар ч зүйлийг хөнөөх өндөр чадвартай. Энэ утгаар нь “Морьтон монголчууд хар шуурга мэт орж ирээд, газраас дээш өндийсөн бүхний толгойг хяргадаг. Тэдний морьд нэг хурдалбал гал усанд ч торохгүй, цэрэг эр нь сэлмээ өргөсөн л бол хүний хар нүдийг алдахгүй” гэсэн аймшгийн тухай яригдаж байсан гэдэг.

XIII зууны монгол цэргийн сэлэм, хуй

Гэхдээ нийт цэргийн үндсэн зэвсэг болсон сэлэм нь зөвхөн дайсныхаа толгой, гарыг таслах үүрэгтэй байгаагүй. Ахуйн хэрэглээний хамгийн чухал багажид тооцогдоно. Хоол хүнс, ан гөрөө, арьс шир боловсруулахдаа хүртэл сэлмээ маш чадмаг ашиглана. Монголчууд морь, бүс, дээл, сэлэмтэй байхад барагтай байгалийн гамшгийг давах чадвартай. Тэд хэр баргийн шархыг үл тоох ба хүндхэн тохиолдолд сэлмээ улайсгаж, шархаа эмчилнэ. Тэд аймшигт сэлмээрээ арай л шүдээ чигжих нь холгүй ашигладаг байсан юм байх.

Гэхдээ энэ их хэмжээний сэлэм, хутгыг хэрхэн үйлдвэрлэдэг байсан тухай мэдээ бага бололтой юм. Багахан хэмжээний төмөр хайлуулсан тухай мэдээ байдаг ч тэр Монголд, эсвэл хаа нэгэн улсад гэсэн тодорхой баримт олдсонгүй. Харин Хятад руу дайрсан цагаас эхлэн монгол цэргийн хангалт зөвхөн сэлмээр тогтохгүй нэлээд тансаг болсон юм байна. Сайн байлдсан цэргүүдийг хуяг дуулгаар шагнахаас гадна өөрсдийнх саналаар хүлэг морьдыг нь хуягладаг болжээ. Гэхдээ энэ их хэмжээний үйлдвэрлэл хятад мэтийн томоохон манфактур үйлдвэрлэл эрхэлдэг улсуудыг эзэлсний дараа бий болсон гэдэг.

БНМАУ-ын маршалын сэлэм

Цөөнгүй судлаачид монголчууд төмрийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан гэж маргадаг ч томоохон үйлдвэрлэл явуулсан нотолгоо өнөө хүртэл олдоогүй байна. Сэлэм нь олон оронд үндэсний бахархал болдог. Хойч үедээ “Манайх хүчирхэг байсан, байгаа” гэж итгүүлэхэд сэлмийг ашигладаг орнууд байдаг аж. Олон орны томоохон музейд үнэн худлаа нь мэдэгдэхгүй бараг улс орноосоо илүү түүхтэй сэлэмнүүд бусад оронд маш их байдаг. Энэ бүхний ард өсвөр үеэ эх оронч сэтгэгдэл төрүүлэх санаа дагалддаг. Гэхдээ дэлхийн томоохон музейнүүдэд түүхийн үнэнээр нотлогдсон багагүй домогтой цөөнгүй сэлэм бий. Харин манайд энэ бүхнийг хавсрага маягаар музейнүүдэд ашигладаг бололтой юм. Цэргийн музейгээс “Танайд хэний ямар сэлэм байна вэ” хэмээн асуухад “Хэнтэй ярьж байгаагаа мэдэхгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй” гэж хариулав. Тухайн музейн хувьд сэлэмний мэдээлэл нууц бололтой юм. Манай музейн сайтуудад мэдээлэл маш бага. Гэтэл “google.com” сайтаар дэлхийн алдартай сэлмүүд гэхэд Луврын музейд байгаа сэлэм гарч ирж байна. Үүнийг үзсэн хойч үе маань “Монгол цэргийн жанжид сэлэмгүйгээр дэлхийг эзэлсэн юм уу” гэж асуух вий дээ.

Х.БАТТӨГС