Тэрээр хуримаа хийснээс хойно тун удалгүй буруу эхнэр авснаа ойлгожээ. Суухаас өмнө түүнийг хуураад байсан будаг шунх алга болохын цагт царай муутай биш юм гэхэд хэний ч сонирхол тэгтлээ татаад байхааргүй үнэн төрх нь гараад ирэв.

Ялдам ааш, гайхсан мэт түргэн түргэн цавчлах нүд, эрхлэнгүй шулганасан яриа, инээхээр хацар дээр нь буй болдог хөөрхөн хонхорхой, гэнэн томоогүй гэмээр хүүхдийнхэрхүү дохио зангаа ор сураггүй болжээ. Эргээд бодож байхад мань хүний санаачлага гэхээсээ хүүхний идэвх тэр хоёрыг хуримлуулжээ. Үүнийгээ ч тэрээр анзаараах сөхөөгүй явсан.

Мань эр өөрөө их доожоогүй нэгэн л дээ. Ядахнаа тольтроо, тэрнээсээ ичдэг юм уу, үг дуу цөөнтэй. Түүнийг зарим нь даруу, мөрөөрөө, хорхойд хоргүй гэх авч ихэнх нь бүрэг, дорой, эхнэрийнхээ атганд, заяагүй амьтан гэж нэрлэнэ. Дотроо эхнэрээсээ салах юмсан гэж бодох авч түүнээ гаргаж хэлэх зориг зүрх байсангүй. Авгайгаа хашгичаад унахад ядахнаа дургүйцлээ нүдээрээ ч болов илэрхийлж чаддаггүй хүн шүү дээ. Юу юугүй л нүд буруулаад доош тонгойн гэм хийсэн хүүхэд шиг урвайна. Эхнэр бол мань хүнийг яагаа ч үгүй байхад нь л буруутгана, загнана, заримдаа цохиод авна. Бүр бусдын нүдэн дээр газар дор ортол нь аашлахыг нь яана. Нүүрэн дээр нь хүнд муулна. Нэг удаа олон хүний нүдэн дээр “чамайг эцэг чинь шоглоом зугаа болгож хийсэн байх” гэж доромжлоход ичсэндээ “За болиоч дээ” гэж зүрхэлж хэлсэн удаатай. Ганц энэ дорой эсэргүүцлээсээ болоод дараа нь мөн ч их зандчуулсан даа.

Эхнэр яахав дээ, эхэндээ номхон ноорхой нөхөртэйдээ бухимдаж явдаг байснаа аяндаа энэндээ дасаад хөөрхийг бүр зодуурын хүүхэд болгож хувиргахгүй юу. Гэхдээ тэр бол шулмас биш л дээ. Гялалзуур, гэр орныхоо ажлыг ягштал гүйцээнэ. Нөхрөө загнаж байгаад ч болов аваад явдаг хүүхэн. Хувцас хунарыг нь угаана индүүднэ, гэрээ цэвэрлэнэ, хоол ундаа хийнэ. Орлогын хувьд нөхрөөсөө хавьгүй илүү. Нооргор нөхөртэйдээ гутаад өөр хүн амьтантай сэвээд байгаа юм байхгүй. За даа, сэвье ч гээд хүний хараа булаахаар хүүхэн биш дээ.

Нэг удаа хүүхэн хальтарч унаад хөлөө хугалчихжээ. Хоёр сар эмнэлэгт хэвтэв. Энэ хооронд манай хүн ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх нь тэр. Хөөрхий, эрх чөлөө гэдгийг анх удаа мэдэрч буй нь энэ. Ажил тарж ирээд огт айдасгүйгээр гэрийнхээ хаалгыг өшиглөөд л орно. Хэдийгээр архи дарснаас хол нэгэн боловч гэртээ хоёр ч удаа ганцаараа архидан нэвширтлээ согтсон. Шөнийн цэнгээний газар орж үзлээ. Тэрбайтугай янхан ч хөлсөлсөн. Ер нь хичнээн жил дотор нь бүгсэн мөнхийн айдаснаасаа салчих шиг болов. Энэ хүүхэнтэй суугаагүй бол насаараа аз жаргалтай явах байж гэсэн санаашралтай боллоо. Ер нь өдий болтол шоронд сууж байсан юм байна шүү дээ. Зүгээр нэг шорон биш, хажуудаа байнгын тамлагчтай гяндан. Мань хүн эхнэрээсээ салахаар нэг мөсөн шийдэн зориг шулуудав.

Эхнэр эмнэлэгээс гарлаа. Орж ирээд л тархидаж гарав. Таяг гээд нэг аймаар зэвсэгтэй болж, хажуугаар нь өнгөрөхдөө үгүй дээ л албатай юм шиг заавал түншээд авна. Уур хилэн нь урдахаасаа хоёр дахин ширүүн болжээ. Нөхрөө нэрээр нь ч дуудахгүй заавал нэг хараалаар чимэглэнэ. Яагаад ингээд ширүүлээд, юундаа боож үхчих гээд байгаа нь ер ойлгомжгүй. Мань хүний эхнэрээсээ салах төлөвлөгөө тэр дороо замхарлаа. Хаяад зугтаачиж болох ч хаачих ч юм билээ, дороо л баригдана шүү дээ. Эмнэлэгтээ үхчихдэггүй яасан заяагүй амьтан бэ хэмээн хий л дотроо өөрийгөө зүхнэ.

Мань хүн сүжигтэй нэгэн. Эхнэрээ үхүүлж өгөөч гэж Бурхан залбирах боллоо. Уур нь хүрсэн үедээ бүр зовж шаналан тамлагдаж үхлийн муугаар далд оруул гэж гуйна. Эхнэрээ ямархуу байдлаар үхүүлэх хашрын хүсэлт мөрөөдөл маш баялаг. Тагтан дээрээс нисэх, халуун хоолонд түлэгдэх, машины осолд орох, хүнд өвчин тусах, хадан дээрээс хальтрах гээд л… Гэмт хэргийн тухай материал цуглуулах боллоо. Сонин сэтгүүл, радио, зурагтаар энэ тухай гарахаар зориуд сонирхоно. Хүн янз янзаар гэнэтийн тохиолдлоор үхдэг тухай түүний мэдлэг бараг л энэ сэдвийн нэвтэрхий толь болжээ. Мэдээж тэр эхнэрээ өөрөө гардан хөнөөх гээгүй, тийм зориг зүрх байхгүй. Энэ бүх мэдээлэл эхнэрээ яаж үхвэл зүгээр гэдэг хий төсөөлөл мөрөөдлийг нь баяжуулах төдий.

Олон жил өнгөрчээ. Цагийн явцад хосын харилцаа зөөлөрсөн. Яхир эхнэр, унжгар нөхөр хоёр бүр эвлэрсэн ч юм биш, нэг нь ярдагласаар, нөгөө нь дуулгавартай чимээгүй хэвээрээ. Зүгээр л арай зөөлөрсөн, арай намдуу болсон л гэсэн үг. Тэгээд ч нас дээр гарчээ.

Ноомой нөхөр хүндээр өвдөж хэвтэрт орлоо. Бие нь дээрдэхгүй удав. Ийм өвчинд орчин үеийн анагаах ухаан тус болохгүй, тэр уулын тэнд хавар эхлэх үеэр тийм цэцэг зөвхөн тэнд л ургадаг, ердөө хэдхэн хоногийн настай, уул цэцгийн ханд л эдгээнэ хэмээн домч нэгнээс сонссон эхнэр олон жил ханилсан нөхрөө аврахаар заасан газар руу нь морджээ. Харамсалтай нь хаврын хорхойтсон баавгайд бариулчих нь тэр. Арай ч үхээгүй байхад нь анчин олж морин дээр тэгнээд аваад явсан боловч цаадах нь булгиж унагаад бүр ч дордууллаа. Хот газар түргэний тэргээр хүргэгдэх замд машин осолд оров. Эмнэлэгт иртэл сувилагч эндүүрээд буруу тариа хийв. Настай авгай энэ мэтчилэн түмэн гамшиг туулсан боловч арай л амь нь тасарчихсангүй дараагийн шаналалыг дамжихын тулд амьсгаатай үлдээд байлаа. Нөхрийнх нь олон жил Бурхнаас гуйсан гэсгээлийг бүгдийг нь дараалан дамжихуй. 

Хэвтэрт буй нөхөр нь энэ бүхнийг дуулаад “Бурхан минь түүнийг өршөөгөөч, ядахнаа бушуухан амийг нь авч шаналал зовлонгоос нь хэлтлээч” хэмээн мөргөн гуйлаа. Бурхан дор нь хариуг нь өгөв:

-Чи өөрөө л гуйсан шүү дээ. Сүсэгтнийхээ хүсэлтийг биелүүлэх нь миний үүрэг.

-Би үүнийг танаас олон жилийн өмнө хүссэн. Тэр үед нь хүслийг биелүүлээд нэг тийш нь болгочихсон бол гомдолгүй байхсан. Одоо би үхэх ч үгүй сэхэх ч үгүй хэвтрийн арчаагүй амьтан боллоо. Цаашид удаан тарчлах бололтой. Ганцаардсан намайг эхнэрээс минь өөр асрах хэн ч байхгүй. Та намайг анх гуйхад шийдээд өгчихсөн бол цааш нь би учраа олоод явчих байсан. Одоо ямар ч чадал тэнхээгүй болсон хоёр хөгшнийг ингэж тамлаж яахна вэ! 

- Би түрүүхэн муудсан хоол идчихсэн бололтой. Гэдэс мушгиад жорлонд жаахан удчих шиг боллоо. Гараад ирсэн чинь чиний үнэнхүү сүжиглэсэн нэлээд олон залбирал хүсэлт овоорчиж. Ингээд л хүслийг чинь биелүүлсэн шүү дээ. Ийм үнэн санааны залбиралыг гүйцэтгэхгүй бол Бурхан би байгаад ч яах юм билээ.

-Танаас эцсийн ганцхан хүсэлт байна. Зовж тарчилж буй эхнэр бид хоёрыг одоохон үхүүлж энэ тамлалаас хэлтрүүлээд өгөөч. Бид хоёр ядахнаа амиа ч хорлож дөнгөхгүй амьд хүүр, амьсгаатай сүг болчихлаа Танаас…

-Амиа хорлоно гэж юу ярьж байгаа юм! Хүүе, байзнаарай… Ёо ёо ёо… миний гэдэс дахиад мушгиад уналаа. Хариугүй өмдөндөө тавих нь. Та хоёр хүлээж байгаарай, би одоохон жорлон орчихоод гараад ирье…

 

Баабар