МАН-ын хагарал нийслэл дээр ширүүсэх төлөвтэй байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 26-нд хуралдаж, агаарын бохирдол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар хуралдах юм.

Гэвч эдгээр асуудлуудыг НИТХ-аар хэлэлцэх нь эрх баригчдад сөрөг оноо авчирна гэж Нийслэлийн удирдлага үзсэнийх үү, иргэдийн хурлынхантайгаа зөрчилдсөн сурагтай.

Ямартай ч МАН-ынхан дотроо зөрчилдсөний улмаас НИТХ 26-ны хурлаараа С.Батболдыг огцруулах асуудлыг хөндөхөөр бэлдэж байгаа гэнэ. НИТХ дахь МАН-ын 31 төлөөлөгч уг асуудлаас болж 2 хуваагдаад байгаа аж.

С.Батболд нь 60 тэрбумынхны бүлэглэлийнх учраас хотын даргаас түүнийг буулгах ёстой гэж С.Амарсайхан тэргүүтэй хэсэг нь уг асуудлыг хөндөхөөр бэлтгэж байгаа гэнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд НИТХ дахь МАН бүлгийн нэлээд олон төлөөлөгч энэ асуудлаар уулзалт хийж, саналаа багцлахаар ярьсан сурагтай байна. Тэгэхээр хотын удирдлагыг солих асуудал АН-ын 11 төлөөлөгч хэнийг дэмжихээс хамаарч мэдэхээр болоод байна.