1994 оны Лиллехаммерын олимпийн хамгийн шуугиантай түүх бол АНУ-ын уран гулгалтын шигшээ багийн тамирчид хооронд болсон дуулиан байлаа. Асар их авъяастай ч атаархуу Тоня Хардинг нэг багийн тамирчин Нэнси Керриганыг хорлосон явдал юм.

Тоня Хардинг болон Нэнси Керриган нар нэгэн цаг үед гарч ирэн өрсөлдөж байсан тамирчид бөгөөд азын тэнгэр дандаа Нэнсигийн гарт байсан болохоор тэгсэн ч байж магадгүй. Тэд анх 1992 онд Францын Альбервилед болсон олимпийн наадамд оролцон Н.Керриган хүрэл медаль хүртсэн бол, Т.Хардинг дөрөвдүгээр байранд орсон юм. Тухайн олимпод Япон бүсгүйчүүд илүүрхэж К.Ямагучи АНУ-аас, М.Ито Японы өмнөөс оролцон, Н.Керриган хүрэл медаль хүртсэн түүхтэй.

1994 оны АНУ-ын АШТ-д Т.Хардинг, Н.Керриган хоёрын ялсан нь олимпийн наадамд оролцох эрхтэй болох байсан. Гэтэл маргааш болох тэмцээний өмнө Нэнси Керриганыг бэлтгэлээ хийж дуусаад, харих замд нэгэн этгээд халдсан нь Америкчуудыг цочроосон юм. Гэмт этгээд Нэнсигийн баруун хөлийг нь бороохойгоор цохисон бөгөөд маргаашийн тэмцээнийг өнжихөөс өөр арга байсангүй. Нэнсигийн аз болж тэрээр зөөлөн эдийн гэмтэл авсан ч улсын аваргын тэмцээнд орсонгүй. Ингэснээр Т.Хардинг Олимпийг зорих болсон юм.

Олимпийн наадам болохоос өмнө Н.Керриган руу дайрсан этгээдүүд цагдаа нарт баригдсан байдаг. Тэд Т.Хардингийн хийсэн булхайг илчилсэнээр бөөн асуудал үүсэн Олимпийн хороо тэмцээнээс хасна гэсэн ч Хардинг хариуд нь 25 сая доллар нэхэмжилсэн байдаг. Шантааж хийсэн Т.Хардинг олимпод орохоор болсон ч олимпийн хорооны зүгээс Керриганыг оролцуулахаар болсон. Нэнси Керриган гэмтэл бэртэл нь сайн эдгээгүй байсан ч маш уран сайхан гулгаж мөнгөн медалийн болзол хангасан бол Тоня Хардинг азгүйтэж тэмцээн эхлэх үед тэшүүрийнх нь үдээс тасран бараг гулгаж чадалгүй байсаар наймдугаар байранд орсон түүхтэй. Тэдний энэ явдлын талаар өгүүлсэн "I, Tonya" бүрэн хэмжээний кино 2017 онд үзэгчдийн хүртээл болжээ. Таня Хардингийн дүрийг "Suicide squad" киноны Harley quinn-ы дүрээр танил болсон жүжигчин Маргот робби чадварлагаар бүтээсэн байна. 

Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй 

1994 оны Лиллехаммерын олимп Нэнси Керриганы үзүүлбэр 

1994 оны Лиллехаммерын олимп Тоня Хардингийн үзүүлбэр