Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” хамтлаг гэдэгтэй уншигч бүр санал нийлэх бизээ. Тэрээр 20-н жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг сонсогч, фенүүддээ дэлгэсээр байгаа тэд өнгөрөгч 11 сарын 29, 30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо, үл зогсох хит дуунуудыг эгшиглүүлж, үзэгчдийн тасралтгүй үргэлжлэх алга ташилтын хамтаар үнэхээр гайхалтай тоглосон билээ.

   Дэлхийн рок хөгжмийн түүхэнд монголын рок поп урлагийг тунхаглан "Алтан пянз"-аа гаргасаны зэрэгцээ, 20-н жилийн түүхээрээ баримтат кино бүтээж үзэгч фенүүддээ өргөн барьж буй “Хурд” хамтлагийнхан 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо дэлхийн томоохон хотуудад ажиллаж амьдарч буй элэг нэгт ахан дүүсдээ толилиулхаар болжээ. Тус аялан тоглолтоо Солонгос улсаас эхлүүлж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр буюу 1-р сарын 30,31-нд "Сөүл" хотноо тоглохоор товоо зарлаж байна. Дашрамд дуулгахад “Хурд” хамтлагийнхан маань 10 гаруй жилийн өмнө буюу 2002 онд Солонгос улсад ажиллаж амьдарч буй элэг нэгт ахан дүүсдээ тоглолтоо толилуулахад 6000 гаруй Монголчууд цуглаж байсан түүхтэй аж. Ингээд тун удахгүй бид тоглолтын нарийн хуваарийг та бүхэндээ хүргэх болно.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...