Хууль зөрчсөн л бол хэнч  байсан хариуцлага  үүрэх учиртай. Гачлантай нь бидний дунд хууль тэгш үйлчлэхгүй  байна. Энэ тухай олон баримт бий.

“Томчууд”  нь хууль руу нулимж, “Наадах чинь ямар хамаатай юм” хэмээн агсардаг  боллоо гэж  гомдоллох  хүн  ч тааралдана.  Газрын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ялангуяа нийслэл хотод  эмх замбараагүй зам, барилга тоймоо алджээ. Тухайн үеийн дарга нар хууль журмаа  үнэндээ “мартсан” байв.  Хамгийн сүүлийн тооцоогоор газрын хууль бус наймаанаас  үүсэлтэй  260 гаруй тэрбумын хохирол учирчээ. Гэвч  хохирлын мөрөөр эдийн засгийн цагдаа болон авлигатай тэмцэгчдээс  хөөцөлдөх ажил удааширч буй аж.  Үүний учир шалтгааныг  тааж ядах юмгүй л дээ. Нөгөө  “хүнд гар”-ын  дарга нартай нь холбоотой байхаас зайлахгүй.

        Хотын хэмжээнд Нарантуул, Дүнжингарав, Өгөөмөр, Мишээл зэрэг томоохон захууд  бүгдээрээ хууль номын дагуу баригдаж ашиглалтанд орсон уу гэвэл тун эргэлзээтэй. Эргэлзээтэйгээр барахгүй  тэдгээрт  ихээхэн ноцтой  зөрчлүүд ч байсаар байна.  Албаны эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийг хүртэл Нарантуул, Дүжингарав, Өгөөмөр, Мишээл захууд  байгаль орчны эрсдэлийн үнэлгээгүй байгаа ажээ.  Хуулиараа бол аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш есөн сарын дотор энэхүү үнэлгээгээ хийлгэж зохих зөвшөөрлийг авсан байх ёстой юм билээ.  Зах буюу чөлөөт худалдааны төвүүд нь  хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй газар. Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн борлуулах, худалдан авах иргэд өдөрт хэдэн  зуугаараа тийшээ ордог, гардаг онцгой нөхцөлтэй. Хүн байгаа газар бүхэнд хог хаягдал байнга гарч байдаг жамтай. Дэлхийн нийтлэг жишгээр  нэг хүн хоногт дунджаар 900 орчим грамм хог “үйлдвэрлэдэг”.  Наанадаж үүнийг  бодохоор захууд маань байгаль орчиндоо хогоор дамжуулан ямар их ачаалал үзүүлэх нь ойлгомжтой юм. Нөгөөтэйгүүр, барилга байгууламж, цэвэр ус, бохирын систем, тэдгээрийн  технологийн шийдэл гээд олон зүйл бий. Энэ бүхнийг тооцоолсон байгаль орчны үнэлгээ нь захууд дээр хамгийн чухал тодорхойлолт байж таарна.  

         Социализмын үеийн “Дэнжийн мянга”-ын  захыг анх 1995 онд Засгийн газрын Өмч хувьчлалын тогтоолын дагуу хувьчлах, худалдах  обьектийн жагсаалтанд оруулснаар “Нарантуул”-ын эхлэл тавигдсан гэдэг. “ Дэнжийн мянга”-ын зах үүнээс өмнө Нийслэлийн өмчид хамаарч байсан юм. Гэвч хувьчлал эхнээсээ бөөн будлиан дагуулсан тухай хэвлэлүүд ээлж дараалан бичиж байжээ.  Хувьчлалд  “Нарантуул” компанийг төлөөлөн Батаа гэгч хүн оролцсон нь Ш.Сайхансамбуугийн төрсөн дүү байсан бөгөөд  сонгон шалгаруулалтын баримт бичигт түүний овог  тодорхойгүй байсан байна. Өөрөөр хэлбэл, Батаа нь Монголын иргэн мөн эсэхийг шууд хараад мэдэх боломжгүй шахуу бичиг  үйлдэгдсэн юмсанж. Үүнийг  Дамчаа  гэдэг хүн одоо ч нотолдог ажээ.  Ш.Сайхансамбуу ийнхүү нийслэлийн өмч хувьчлалын комисстой хуйвалдан “Дэнжийн мянга”-ын захыг 49 сая төгрөгөөр аваад өнөөгийн Нарантуул захыг  ажиллуулахдаа  байгаль орчны үнэлгээ хийлгэлгүй хууль зөрчжээ. Түүний хувьд өнгөрсөн намар зах нь шатаж, олон зуун худалдаачдын амьдрал хүндэрсэн  л дээ. УИХ-ын гишүүн болж мандаж явах үедээ хашир “Надаас их хэмжээний авлига авсан хүмүүс дэргэд минь сууж байна” гэж хэлээд Авлигатай тэмцэх газарт  дуудагдаж  үзсэн удаатай.  Гэвч цагаа тулахаар тэдгээр хүмүүсээ ер  нэрлээгүй.  Тэгвэл энүүн шигээ мөн одоо болтол яагаад ийм олон жилийн турш байгаль орчны үнэлгээгүй яваа юм бэ гэхээр тэр “За яахав дээ, тийм жижиг юмаар хөөцөлдөх нь цагийн гарз” гэсэншүү үг унагаж, тоох янзгүй бололтой.  

Дүжингарав дээр ч бас иймэрхүү дүр зураг харагдаж байна. Тус захыг хотын цэвэр усны эх ундарга, гол шугам дээр барьсан нь байгаль орчин, иргэдийн эрүүл, аюулгүй байдалд сөргөөр нөлөөллөө хэмээн дээр дооргүй шуугилдаж байсан нь саяхан. Хотын захирагч Э.Бат-Үүлийн албатууд ч  газар олголтыг хууль бус гэж үзсэн юм.  Тиймээс  хотын мэдэлд буцааж авах хууль бус газруудын урт жагсаалтынхаа эхний хорьд багтаасан байлаа.  Харин энэ үеэр “Дүнжингарав”-ын удирдлага Э.Бат-Үүлийг даажигнасан мэт мянган сэтгүүлчийг урьж, захынхаа  нээлтийн арга хэмжээг сүртэй нь аргагүй  хийснийг уншигчид санаж байгаа байх.  Энэхүү нээлтэнд  УИХ-ын дарга  З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй  томчууд очиж оролцсон нь “Хууль бус” гэж чадлаараа “хашгирах” Э.Бат-Үүл баатрын  ам руу алгадаад авсантай  адил юм болоод өнгөрч билээ. Сонсохноо тэдгээр эрхмүүд “Дүнжингарав”-аас хувь хүртэгсэд байжээ. Эрх мэдлийн нөлөөлөл гэж энэ дээ, хөөрхий. Юун байгаль орчны үнэлгээ хийлгээгүй гэж ярихтай мантай юм болж байх шиг байна, одоо тэнд. Гэхдээ Э.Бат-Үүл угаасаа  шазруун эр. Хууль сахиулах ямар нэг бодол байгаа л байх.  Томоохон захуудыг  хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах хэвээрээ.  Иймээс нэгэнт байгаль орчны үнэлгээгүй явж ирсэн захуудыг юун түрүүнд  хотын төв хэсгээс холдуулбал таарна. Алийн болгон хууль зөрчигчдөд бид дээрэлхүүлж суухав, Э.Бат-Үүл даргаа.

                                                                                                                                                      Б.Отгонбаяр