Монголчууд дэлхийд хөл тавилаа гэж ярьдаг. Спортынхон, урлаг соёлынхонд энэ үг илүү хамааралтай байдаг. Тэд тив, дэлхийн хэмжээнд алдар цуугаа дуудуулахад Монголын нэр дэлхийд дуурьсдаг болохоор арга ч үгүй биз. Монголын гэсэн юм бүхэн дэлхийд танигдах нь таатай хэрэг. Харин энэ удаа дэлхий Монгол руу хандаж байна. Өөрөөр хэлбэл Монгол өөрөө дэлхийн дэвжээ болж байна. Тэр тусмаа Монголын хэвлэл мэдээллийн салбарт дэлхийн стандарт орж ирлээ.Сайхан мэдээ.

Монголын мэдээллийн төрөлжсөн суваг “Eagle news” телевиз нь 2014 оны нэгдүгээр сараас эхлэн дэлхийн мэдээллийн тэргүүлэгч брэнд CNN-ийн албан ёсны түнш болж байна. Дэлхий даяар мэдээллээ түгээгч “Turner broadcasting system” компанийнхан “Монгол Улсын нийслэл Улаанбаатараас мэдээлж байна” хэмээн мэдээллээ түгээж эхлэх нь. Алдарт CNN-ийн шилдэг хөтлөгч, сэтгүүлч, продюссорууд үзэг, микрофон, камер, тоног төхөөрөмжөө үүрээд Буянт ухаад буулаа. Тэдний дунд хэн хэн байна гээч. “CNN international”-ийн Хонг Конгийн салбарын сэтгүүлч, хөтлөгч, Хонг Конг, Лондон, Нью-Йоркийг холбосон санхүү, эдийн засгийн мэдээлэл хүргэдэг “World Business Today ” нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, нэр хүндтэй сэтгүүлч Паулин Чью, “Emmy awards”-ийн 5 удаагийн шагналт, CNN-ийн брэнд продюсер, Аманпурын “Цөмийн зэвсэгтэй Иран” болон Ойрхи Дорнодод болж байгаа асуудлаар брэнд хөтөлбөрүүдийн зохиолыг бичсэн Дэвид Молко, Ази, Номхон далайн бүсийн CNN-ийн салбарын Ерөнхий продюсер, “Emmy awards”-ийн шагналт Арми Жарин-Беннет зэрэг алдартай сэтгүүлчид Монголд иржээ. Тэд одоо ажилдаа орно. Тэдний хэн нэг нь таны гэр, албан өрөөний хаалгыг зөөлхөн тогшихыг үгүйсгэхгүй. Ийнхүү дэлхийн хоёр тэрбум хүнд долоон хэлээр хүрдэг алдарт CNN-ийн камер та бидний өмнө нээлттэй байх боллоо. Түүнчлэн “Eagle news” телевизийн дуран авай дэлхийн өнцөг булан бүрт, аль л халуун цэгийг тольдон байх боломж бүрдэв. 

Учир нь “Turner broadcasting system” компанитай “Монгол Масс Медиа” группийн үзэглэсэн гэрээний дагуу CNN-ийнмэдээллийн эх сурвалжийг “Eagle news” телевиз ашиглах эрхтэй болж байгаа юм. Мөн Монголд болж буй дэлхийн анхаарлын төвд орохуйц үйл явдлыг CNN-ээр дамжуулан дэлхий дахинд цацах өргөн боломж нээгдэж байна. Энэ бол хоёр телевизийн хоорондын хамтын ажиллагаа төдий зүйл биш юм. “Eagle news” телевизийн хувьд CNN-ийн мэдээллийг бэлтгэн хүргэдэг стандарт болон зарчмаар ажиллах бөгөөд редакцийн хараат бус байдал нь телевизэд хадгалагдах юм. Өөрөөр хэлбэл Bloomberg Mongolia телевиз шиг Хонконгоос шууд удирдлагатай ажиллахгүй, монголчууд өөрсдөө бүх бодлогоо барина гэсэн үг.

“CNN international”  нь дэлхийд тэргүүлэгч мэдээллийн суваг. Хорин дөрвөн цагийн турш мэдээ мэдээллийг тасралтгүй хүргэдгээрээ анхдагч нь болж чадсан төдийгүй эх сурвалжийн баталгаатай байдлаараа хамгийн нэр хүндтэй, хүмүүсийн итгэл найдварыг хүлээж чадсан брэнд юм. Тэд мэдээ, мэдээллийг хил хязгааргүйгээр цуглуулж сэтгүүлч, шинжээчдийн багаараа дамжуулан шинжлэн боловсруулж цацдаг. Дэлхийд нэр хүндтэй энэхүү телевиз Монголд хөл тавьснаар үүнийг дагаад дэлхийн сэтгүүл зүйн шилдэг стандарт манайд орж ирж байна. Энэ бол 100 жилийн түүхтэй Монголын сэтгүүл зүйд яах аргагүй шинэлэг, содон бөгөөд дэвшилтэт үйл явдал.

CNNWorldwide компанийн салбар болох “Turner broadcasting system”, “Time Warner” компанийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл нь телевиз, интернэт, ухаалаг утасны үйлчилгээгээр дэлхийн өнцөг булан бүрт ийнхүү хүрдэг байна. CNNWorldwide нь мэдээллийг 7 хэлээр дэлхий даяар дамжуулдаг. CNNinternational нь дэлхийн 200 гаруй улс орны 266 сая айл өрх, зочид буудалд хүрч байгаагийн дотор Ази Номхон далайн бүс нутагт онлайн хэлбэрээр хүргэдэг 46 сая айл өрх мөн багтаж байгаа ажээ.

 

Г.БАЯР

Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”