Хэмнэл 0

ЗААВАР
Ширээн дээрх 72 эд зүйлсийг миний бие дээр хүссэнээрээ ашиглаж болно

ҮЗҮҮЛБЭР
Би бол эд зүйл. Үзүүлбэрийн хугацаанд болох бүх зүйлд би хариуцлага хүлээнэ

ХУГАЦАА
6 цаг (20:00 - 02:00)

1974 онд Югослав уран бүтээлч Марина Абрамович "Хэмнэл 0" гэх энэ үзүүлэнгээ Италийн нэгэн музейд хийсэн. Тэрээр ширээн дээр сарнай, уруулын будаг, өд, сүрчиг, усан үзэм, ном зэргээс эхлээд шөвөг, хутга, хөрөө, 1 сумтай цэнэглэсэн гар буу зэргийг дэлгэн тавьж, үзэгчдийг үзэгчийн идэвхигүй байр суурьнаас бус харин өөрсдөө үзэхийг хүссэн үзүүлэнгээ бүтээхэд гар бие оролцож, илүү идэвхтэй оролцоотой үзүүлэн бий болгуулахыг зорив. Ширээн дээрх 72 эд зүйлийг ерөнхийвчлөн бүлэглэвэл "таашаалт эд зүйл" ба "сүйтгэгч эд зүйл"-д хувааж авч үзэж болно.

Үзүүлэн эхэлхэд эхэндээ зөвхөн зурагчид л ойртон зураг авч, бусад хүмүүс үзэгчийн байр суурьнаас хандаж байгаад аяндаа барби мэт гар хөлийг нь хөдөлгөж, элдэв байрлалд оруулж, бүтэн эргүүлж, түүнийг үнсэж, шувууны өдөөр биенд нь хүрж эхлэв. Хэсэг хугацааны дараа хүмүүс улам нүүр хагарч, ширээн дээрх бусад эд зүйлсийг ашиглан, түүн дээр туршилт хийж, нүүр биен дээр нь зурах, сарнайн өргөсөөр гэдэсрүү нь хатгахаас эхлээд толгой дээр нь тос, ус асгаж доромжилж ч эхлэв. Танихгүй хүн гэх, эмэгтэй хүн гэх ойлголтууд аажимдаа үгүй болж түүний хувийн орон зайд дураараа халдан, хөх бөгснөөс нь базлах хүмүүс ч тэр дунд аажмаар гарч ирсэн. 3 орчим цагийн дараа гэхэд ширээн дээрх хутга болон приткаар түүний хувцасыг зүсэн, шалдаж эхлэв. 4 цагийн дараа эцэстээ тэр хутга притка хувцасаар бус, түүний нүцгэн биеэр аялж, хүзүү орчимд зүсэн, шүүрэх цусыг нь хүртэл нэг эр долоох нь тэр. Энэ бүх зүйлийн явцан Марина нэг ч хөдөлсөнгүй, нэг ч эсэргүйцсэнгүй, үзүүлэнг дундаас нь зогсоонгүй.

Хагас нүцгэн түүнийг танхимаар дамжлан өргөсөөр ширээн дээр хөлийг нь дэлгэн суулгаж, хөлийнх нь голд ширээн хутгаар далайн зоож, нэг утгаараа үзэсгэлэнд ирсэн хүмүүс түүнийг хүчиндэж, хүчирхийлж эхлэв. Цэнэглэсэн 1 сумтай бууг нэг залуу авч, түүний толгойд тулган нилээд удаан зогсоход үзэгчид дундаас тэсэлгүй нэг үзэгч гарч ирэн, залуугийн гарыг түлхэж түүнийг хамгаалхыг оролдов. Гэвч "хүнлэг" хэвээрээ үлдэх гэсэн тэдгээр хүмүүсийг тэнд цугласан хүмүүс тохуурхаж, "сайхан зүйлийг битгий баллаад бай" гэх мэтээр аашлан, орилолдох нь тэр. Маринагийн хурууг гохон дээр байрлуулж, өөрлүү нь чиглүүлэн орхиж, хэзээ мөдгүй тэсгэл алдаад өөрийгөө буудах болов уу гэсэн хүлээлт хүртэл танхимд үүссэн эсэхийг үгүйсгэхгүй. Энэ үеэс эхлээд үзэгчид хуваагдаж, хэтэрхий харгис болон хувирч буй оролцогчид болоод тэднийг зогсоох гэсэн бусад бүлэг хүмүүсийн хооронд талцаж, маргалдаж, үймээн үүсч эхлэхэд 6 цагийн хугацаа дуусч Марина "эд зүйл" байхаа больж, дахин амь орон хөдлөв.

Үзэл бодол, зорилгынхоо төлөө бат зогссон түүний 6 цагийн тэмцэл ийнхүү дуусч, үзэгчдийн дунд орхоор алхах үед танхимд байсан хүмүүс түүнрүү эргэж ч харалгүйгээр нүүр буруулан тарж одсон байдаг. Учир нь саяхныг хүртэл дураараа харьцаж, сүйтгэж байсан "эд зүйл" нь амь орохын цагт нүдрүү эгцлэн харах зоригтон хүчирхийлэгч дунд байсангүй.

"Хэмнэл 0" буюу Маринагийн чимээгүй зогсох 6 цаг хүмүүс бидний тухай маш ихийг хэлж өгөх шиг. Уснаас хуурай гарах боломжтой үүрэг хариуцлага үүрэхгүй байх "таатай" нөхцөл бүрдсэн үед хүмүүсийн дотор далд нуугдсан хүслүүд хэрхэн илэрч байгаа нь энэ үзүүлэнгийн хамгийн том сургамж нь гэлтэй. Хүнийг "хүн" гэж үзэхээ байж, дорд үзэх нь хүнлэг чанараа алдаж, араатан болох зам ямар амархан бэ. Хэрэв түүний оронд эрэгтэй хүн үзүүлэн байсан бол байдал хэр ондоо байх байсан бол? Хүмүүс Маринад хандсанаас арай идэвхигүй хандах байсан болов уу эсвэл эсэргээрээ бүр хэрцгий хандах байсан болов уу?

Маринагийн хэлсэнчлэн "Хэрэв бүхнийг хөндлөнгийн үзэгчдэд даатгавал тэд ямар амархан чиний амийг авч одох юм бэ" гэх түүний үг хүчирхийлэл, буруу зүйл, дарлалын эсрэг чимээгүй байж болохгүйг сургах шиг. Хэрэв эсэргүүцэхгүй л бол, тэмцэхгүй л бол, зогсоохгүй л бол энэ бүхэн дуусахгүй, улам л даамжирч үргэлжилэх нь "Хэмнэл 0"-с тод харагдана. Мөн түүнчлэн хүнлэг энэрэнгүй чанар бол хүн төрлтний төрөлхийн байгалиас заяасан авир бус гэдгийг бидэнд харуулна. Иймээс л дарангуйлагч, хүчирхийлэгчид өөрсдийн хохирогчдыг хамгийн түрүүнд чимээгүй, ноомой дорой байлгахыг эрмэлздэг биз. Чимээгүй болсон хойно нь тэд хохирогчдоо өргөсөөр хатгана, гинжилнэ, зүснэ, буу тулгана, тэгээд дараа нь?? Харин Марина шиг идэвхигүй хохирогч урагш алхан, амь орох цагт дарангуйлагчид тэр хэвээрээ эсэргүйцэх болов уу эсвэл нүүр буруулан тарж алга болох юм болов уу?

Өөрийнхөө төлөө тэмцэхгүй, өөрийгөө хамгаалахгүй байх нь бусдын өөрт тань яаж хандах хэр хэмжээг "Хэмнэл 0" хамгаас чангаар хашиграх шиг. Энгийн гэх үзэгчид, урлан үзээд явах хэмжээний боловсорсон иргэд хүртэл жинхэнэ араатан болход нэг л алхам дутуу байдгийн жишээ бол Маринагийн чимээгүй зургаан цаг.

Маринагийн хувьд 72 эд зүйлийг сонгож, ширээн дээр тавихдаа өөрт нь юу болж болхыг ухамсарласан нь маргаангүй. Гэхдээ магадгүй тэр итгэхдээ эдгээрийн зарим зүйлд хүмүүс огт гар ч хүрэхгүй байх гэсэн өөдрөг итгэлтэй байсан ч юм бил үү? Сонголтыг өгсөн хэдий ч, сонголт байгаа гэдэг нь ч тэрийг сонгох ёстой гэсэн зүйл биш байх. "Хэмнэл тэг" бол соноглтын тухай, хүчирхийллийн тухай, хүний мөн чанарын тухай, бүлэг хүмүүсийн тухай, сэтгэл зүйн "хөндлөнгийн ажиглагч" гэх үзэгдэлийн тухай гэх олон зүйлийг харуулж чадсан хүчтэй үзүүлэн болсон. Тиймдээ ч эндээс хүний зан үйл, биеэ авч явах ёс зүй, хоорондын харилцаа зэрэг олон зүйл дээр тусгал болгон буулгаж болох олон жишээг бидэнд харуулсан том сургамж аж. Соёлт гэж боддог софистик нийгмийн хүмүүсийн багийг хуу татсан Маринагийн бидэнд заасан том хичээл юм болов уу даа.

Гэсэн хэдий ч үзэгчдийн 2 дах хандлагаас юм бүхэнд тэнцэтгэх хүч, баланс байдгийг бас харж болно. Сүйтгэгч хүч байхын хэрээр бүтээгч нь бас тэнд оршино. Ганц өөрийн зугаа цэнгэлийн төлөө ховордсон ан амьтан агнаж байхад тэднийг өөрийн амиар ч болтугай хамгаалж хайрлах бүлэг нь бас байна. Ирвэс хамгаалагч Лхагвасүмбэрэл асан, ерөнхийлөгчийг загнасан Батмөнх бүсгүйгээс эхлээд л дарлагч анги, хүчингийн золиос болсон "нимгэн хувцастай орой яах гэж явсан юм" гэж чичлүүлэх охидын тусгал ч эндээс харагдана. Нэгэнт соёлт иргэншил мөн аваас нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран үр дүн нэг л гарах ёстой. Болохгүй зүйл болохгүйгээрээ байна. Черчиль эмэгтэй бүсгүйд мөнгөөр унтах санал тавьсан тухай нэг яриа байдаг. Бага мөнгөөр унтах уу гэхэд үгүй гэсэн атлаа их мөнгө амлахад тийм гэдэг хариу байж болохгүй. Мөнгө гэх субьект нь байгаа бол хэмжээ гэх хувьсагч аливаа үйлдэлийн үр дүнг өөрчилж таарахгүй гэх утгатай тэр яриа бол ёс зүйн том сургамжийг ардаа өгүүлэх. Өөрсдөө орилж хэлэх зориггүй гэхэд өмнөөс чинь бухимдалдаа шатсан Батмөнх бүсгүйг бас үгээр дайрч тохуурхах юун. Тэр бүсгүй нэг талаараа тайзан дээр гарч, бид түүнийг Марина адил биен дээр нь үг сараачин, мэс эргүүлж байгаагаас ялгаагүй. Асуудал, алдаа дутагдал, эмгэг байгаа нь тийм ч муу хэрэг биш. Түүнээс сургамж авахгүй, шийдэл олохгүй, шийдвэрлэж чадахгүй байх нь л хүн төрлөхтнийг нийтээр нь урагш хөдөлгөхгүй гацааж буй ганц том дөнгө чөдөр юм.

Сэтгэгдэл хэсэгт "Хэмнэл 0"-н тухай зарим нэг зургуудыг аль чадхаараа үйл явдалын дараатай нь хавсаргая. Гэсэн ч энэ зурагнууд тэр үзүүлэнгийн бодит мэдрэмжийг амсуулж чадах нь юу л бол. Мөн дэлгэрүүлж унших бол "Rhythm 0 Marina Abramovic" гэж хайж болно. Кино нь бас байдаг юм гэнэ лээ. Уг уран бүтээлчийг бид хайртай залуутайгаа 30 жилийн дараа уулздаг үзүүлбэрээр нь илүүтэй мэдэх билээ.