Импортын шатахууны Онцгой албан татварын хэмжээг багасгаж бууруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Онцгой албан татварыг 160 мянган төгрөгөөс 30-50 мянган төгрөг болгож, дизелийн түлшинд ногдох татварыг 180 мянган төгрөг байсныг 70 мянган төгрөг болгон бууруулсан.

Татварыг ингэж сайн бууруулж байгаа үед хэрэглэгчдэд хүрдэг шатахууны үнэ литр тутамдаа хамгийн доод тал нь 100 төгрөгөөр буурах боломжтой болно гэж үзэж болох талтай.

Гэвч Засгийн газраас гаргасан энэ тогтоол шатахууны үнэ нэмэгдэж, өсөхөөс урьдчилан сэргийлсэн гэж тайлбарлаад байгаа юм. Шатахуун импортлогч компаниудын үгэнд багтаж татвар хөнгөлөх тухай арга хэмжээг ойрхон гурвантаа авч байгаа ч энэ хугацаанд шатахууны үнэ буурсангүй.

Саяын татварын хөнгөлөлтөөр Монгол Улсын татварт орох ёстой 110 тэрбум төгрөг орох боломжгүй болж байгаа аж. Засгийн газраас ийм шийдвэр гарган үнийг тогвторжуулах арга хэмжээ авсан ч ШТС-уудын хувьд үнэ ханш тогтворгүй байна. 

Өнөөдрийн байдлаар буюу 2018 оны 2 дугаар сарын 10-ны байдлаар гэхэд Тэс Петролиум компанийн АИ92 бензин литр тутмын үнэ 1740 төгрөг байгаа бол М Ойл компанийн АИ92 бензин 1660 гэх мэтээр компаниуд бензин шатахуунаа зөрүүтэй үнээр борлуулж байгаа юм.