Увс аймгийн “Ойрад” театрын нэр бүхий ажилтнууд тус театрын дарга Б.Лхагвасүрэн нь уран бүтээлчдийн ажлын өрөөнд  чагнах төхөөрөмж, бэлтгэлийн болон хувцас солих өрөөнд дүрс бичлэгийн хяналтын камер тус тус байрлуулсан, замын цагдаа нарын хэрэглэдэг согтууруулах ундааны түвшин хэмжигч /драйгер/ багажаар ажилчдаа согтуу байгаа эсэхийг үлээлгэж шалгадаг зэрэг асуудалд уран бүтээлчдийн эрх ноцтой зөрчигдөж байна гээд ХЭҮК-ийн Увс аймаг дахь салбарт гомдол гаргасан юм.

Гомдлын мөрөөр 2018 оны 01-р сарын 29-ны өдөр ХЭҮК-оос хяналт, шалгалт хийснээр дараахь зөрчлүүдийг илрүүлэн Увс аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлжээ.  

Үүнд:

  1. Тус “театрын барилгыг 1956 онд тоосгон хана, чулуун суурь, шувуу нуруун дээвэртэйгээр барьж ашиглалтад оруулсан байх ба одоо хуучирч муудан аюулгүй ажлын байранд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон тул холбогдох арга хэмжээг авч, тус барилгыг шинээр барих, түүнд зарцуулагдах төсвийн асуудлыг даруй шийдвэрлүүлэх;
  2. Аливаа аж ахуйн нэгж, байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор хууль, дүрэм, журамд заасны дагуу дуу, дүрс бичлэгийн камер, бусад техник хэрэгслийг ашиглаж болох хэдий ч түүнийг зөв зохистой газар байршуулах, түүгээр дамжуулан олж авсан баримт, мэдээллийг хувийн зорилгоор ашиглан өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэд түгээх, дамжуулах зэргээр хувь хүний нууцтай байх, нэр төртэй байх эрхэнд халдаж болохгүй байхад зарим уран бүтээлчдийн бичлэгийг тус аймгийн төрийн байгууллагуудын дарга нарын хурал дээр дэлгэцээр үзүүлсэн нь дээрх ажилтнуудын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэжээ.

Түүнчлэн шалгалтын хүрээнд ажилтнуудаас авсан нээлттэй санал асуулгаар “Та ямар нэгэн ажлын байрны дарамтад өртөж байсан уу?” гэсэн санал асуултанд нийт 58 ажилтан оролцсоноос 24 ажилтан буюу 41 хувь нь “тийм”, “Хэрэв тийм бол хэн дарамт учруулж байсан бэ?” гэсэн санал асуулгад нийт 22 ажилтан буюу 37.9 хувь нь удирдлагын зүгээс ажлын байрны дарамтыг үзүүлдэг гэж хариулсан байна.

Мөн ажилтнуудтай хийсэн ярилцлагаар нийт ажилтнуудын хурал дээр театрын дарга Б.Лхагвасүрэн нь “та нар болгоомжтой байгаарай, ажил дээр хийж байгаа үйлдэл бүгдийг чинь хянаж, чагнаж байгаа шүү, та нар манай өрөөнд орж ирээд хэлэх ярих зүйлээ сайн бодож байгаарай, та нарын хэлсэн болгоныг бичиж аваад хадгалж байдаг төхөөрөмж надад бий шүү” гэх зэргээр дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн талаар дурджээ.

Ийнхүү “Ойрад” хөгжимт жүжгийн театрын дарга Б.Лхагвасүрэнгийн ажилтнууддаа ажлын байрны дарамт үзүүлсэн, хууль бусаар сонсох, чагнах төхөөрөмж, дуу, дүрс бичлэгийн камер байрлуулж, түүгээр олж авсан мэдээллээ бусдад өөрийнх нь зөвшөөрөлгүй түгээж, задруулсан зөрчлийг таслан зогсоох, театрын нийт ажилтнуудын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, цаашид аливаа хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Шаардлага хүргүүлээд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан хугацаа буюу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү” гэжээ.

Бид гомдол гаргасан ажилтны төлөөлөлтэй утсаар холбогдсон ч дээрх асуудалд одоо хир нь ямар нэг өөрчлөлт ороогүй ба харин ч гомдол гаргасан ажилчид өөрсдөө эргээд буруутай болж байгаа талаар хэлж байлаа. Хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа дээрх асуудлыг бид эргэн сурвалжлах болно.

unen.mn