XVII  жарны Тийн унжлагат хэмээх Шороон нохой жилдээ эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан,  хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлцгээв үү.

Улиран өнгөрч буй Тахиа жил Үндэсний ууган үйлдвэрлэгч Талх Чихэр хувьцаат компанийн хувьд ажил үйлсийн арвин их ургацтай, өндөр бүтээлийн жил байлаа.

2017 онд Хүнсний аюулгүй байдлын чанарын удирдлагын  тогтолцоо болох ISO 22000:2005 стандартыг үйлдвэрлэлийнхээ бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлж олон улсын аудитын TUV компаниар шалгуулан тэнцэж салбартаа анх удаа тус стандартыг нэвтрүүлсэн талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч боллоо.

Мөн Ази тивдээ хамгийн томд тооцогдох Итали улсын Cепи фирмийн гурил хүлээн авах, хадгалах, дамжуулах зориулалт бүхий иж бүрэн автоматжуулсан системийг бүх үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн томоохон амжилтаар нохой жилээ утгаж байгаадаа баяртай байна.

Жил бүрийн сар шинийн баярт зориулан Атар, Түмэннасан брендийн хэвийн боовоо эрт үеэс хийж ирсэн уламжлалт арга, орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан өв уламжлал, учир билэгдлийг шингээн эрхэм хэрэглэгчиддээ өргөн барьсаар ирсэн.

Энэ жилийн сар шинийн баярыг Үндэсний их өв соёлоо үр хойчдоо түгээн дэлгэрүүлэх учир билэгдлийг бодож “Өвгөдийн захиастай цагаан сар” уриалгыг дэвшүүлэн хэвийн боовны борлуулалтын компанит ажлаа эхлүүлсэн.

Талх Чихэр хувьцаат компанийн “Өвгөдийн захиастай”  Атар, Төрийн хүндэтгэлийн идээ Түмэннасан,  Тахилын боов амт чанараараа үргэлж хэрэглэгчдэд таашаагдсаар ирсэн.

Төрт ёсны их баяр Цагаан сараа ёс уламжлалын дагуу тэмдэглэх, Монгол өв соёлоо уламжлан авч үлдэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх гэсэн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ ч их байлаа.

Үндэсний өв Соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлст бидний уриалгыг дэмжсэн хэрэглэгч, харилцагчиддаа гүн талархал илэрхийлье.

Мөн манай бүтээгдэхүүнийг сонгосон хэдий ч хүрэлцээгүй эрхэм хэрэглэгчдээсээ хүлцэл өчье. 

Ирэх онд бидний зүгээс энэ асуудалд онгой анхааран эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын чанар,  стандартын шаардлага бүрэн хангасан шинэлэг бүтээгдэхүүнүүдээ Та бүхэндээ хүргэхээ амлаж байна.