Дэлхийн суут зохион бүтээгчдийн нэг, бизнесмэн Томас Эдисонд тохиолдсон нэгэн гайхалтай түүхийн талаар уншигч танаа хүргэе. Томас Эдисон 1847-1931 оны үед амьдарч байсан бөгөөд мянга давсан нээлтийн зохиогчийн эрхийг авсан байдаг. Хамгийн гол нээлтүүд нь цахилгаан гэрэл, нүүрстөрөгчийн эсэргүүцэлтэй харилцуур утас, дуу бичлэгийн машин фонограф болон кино гаргадаг машин кинофотограф юм. Мөн туршилт хийх зориулалттай анхны үйлдвэрлэлийн, шинжилгээ судалгааны лабораторийг байгуулжээ.

Томас Эдисон багадаа гурван сар л сургуульд сурсан бөгөөд нэг удаа сургуулийнх нь захиргаанаас ээжид нь захиа хүргүүлжээ. Ээж нь уг захиаг уншаад, нулимстай нүдээр "Танай хүү бол суут ухаантан байна. Ийм мундаг хүүхдэд хичээл заах багш манай сургуульд байхгүй тул та өөрөө гэрээр боловсрол олгоно уу" гэж хүүдээ уншиж өгсөн байна.

Дараа нь ээж нь хүүгийнхээ сонирхож байгаа зүйл рүү анхаарлыг нь хандуулах байдлаар өөрөө хүүгээ сургасан байдаг.


Хожим Томас Эдисон маш олон нээлт хийж, дэлхийд цуутай хүн болсныхоо дараа гэрийнхээ архиваас уг захиаг олж уншсан бөгөөд захианд "Танай хүү сурах чадваргүй, хоцрогдолтой байна. Иймд бид танай хүүхдэд хичээл заах боломжгүй тул та хүүхдээ өөрөө сургана уу" гэж бичсэн байжээ.

Захиаг уншаад гайхсан Томас өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ "Томас Альва Эдисон бол юу ч сурах чадваргүй, хоцрогдолтой хүүхэд байсан бөгөөд гайхалтай мундаг ээжийн ухаанаар дэлхийн суут хүмүүсийн нэг болж чадсан юм" гэж бичиж үлдээжээ.

Түүнд тохиолдсон энэ түүхээр хийгдсэн богино хэмжээний киног та бүхэндээ толилуулъя.

Зарим эх сурвалжуудад Эдисон улаан эсэргэнэ туссаны улмаас сонсгол нь муудсан боловч үүнийг нь ойлгоогүйгээс сурах чадваргүй гэсэн тодотголтойгоор түүнийг сургуулиас гаргасан хэмээн бичсэн байдаг.  

Эдисон анхны туршилтаа 10 настайдаа гэрийнхээ дээврийн хонгилд хийж, энд л хими, электрон орчны тухай ерөнхий ойлголтыг өөрөө сурчээ. 12 настайгаасаа төмөр замын ойролцоо сонин зарж мөнгө олж эхэлжээ. 16 настайдаа санамсаргүй цахилгаан мэдээний холбоочинтой танилцсан байна. Нэгэн бяцхан хүүг галт тэргэнд дайруулахаас аварчээ. Хүүгийн эцэг цахилгаан мэдээний холбоочин байсан бөгөөд Эдисонд цахилгаан мэдээний талаар зааж сургажээ. Ийнхүү цахилгаан мэдээ дамжуулагч болсон Эдисон хажуугаар нь шинэ туршилт хийж, мөн сүүлийн үеийн техникийн дэвшлийг ч судалж байлаа. Эвдэрсэн багажийг засаж сэлбэхдээ маш гаргууд болсон учраас хүмүүс түүнийг "алтан гартан" гэж нэрлэдэг болжээ.

1869 онд Нью Йоркийн үнэт цаасны арилжаа явагддаг алдарт Уолл Стрит гудамжинд алтны арилжаа эрхэлдэг нэгэн компаниас Эдисоныг дууджээ. Учир нь алтны ханшийн талаар мэдээлэл авдаг цахилгаан мэдээ дамжуулагч нь эвдэрсэн байлаа. Эдисон богино хугацаанд дамжуулагчийг засахад үүнийг харсан цахилгаан мэдээ дамжуулагч төхөөрөмжийн Вестерн Юнион компани түүнд хувь нийлүүлэгчийн үнэт цаасны ханшийн өөрчлөлтийг тэр даруйд нь мэдээлж чадах төхөөрөмж захиалжээ. Эдисон хамгийн анхны чухал нээлт болох энэ захиалгыг хийжээ.

1876 онд "Нээлтийн үйлдвэр" нэртэй хувийн лабораторио байгуулжээ. Энд өөрийн сонирхсон салбар бүрт судалгаа, туршилт хийж байлаа. Нью-Жерси дэх Менло паркт дэлхийн анхны үйлдвэрлэлийн лаборатори байгуулж шинэ нээлтүүд хийсээр байлаа. Тэр жилдээ бас нэг чухал нээлт хийсэн нь урд нь Александр Грахам Беллийн зохион бүтээсэн харилцуур утсанд дууны өнгийг илүү тод болгодог өсгөгч нэмж хийсэн юм. Үүний дараа 1877 онд фонографыг зохион бүтээсэн нь анхны авиа тэмдэглүүр болжээ.

Фонографын дараа Эдисон цахилгаан гэрэл хийхээр махран оролдож эхлэв. Английн зохион бүтээгч Жозеф Сван 20 жилийн турш үүнийг туршсан байна. Чийдэнгийн бөмбөлөгийг анх Жозеф Сван бүтээсэн ч шил нь хагарах юм уу эвдэрсэн үед холболтыг дахин шинэчлэх хэрэг гардаг байлаа. Өөрөөр хэлбэл, одоогийнх шиг зүгээр л шинэ шил эргүүлж оруулалгүй, заавал системийг шинэчилдэг байв. Тусгай эрчим хүч үүсгүүр болон тараах системийг Эдисон анх бодож олжээ. Анхны цахилгааны шугам сүлжээг Нью Йоркт Эдисоны төлөвлөгөөний дагуу байгуулжээ.

1887 онд Нью-Жерсид Эдисоны туршилтын лабортори байгуулагдсан нь технологийн томхон төв гэмээр болжээ. Эндээ өмнөх бүтээлүүдээ сайжруулах, шинэ нээлт хийхээр ажилладаг байсан ажээ. 1891 онд анхны киноны төхөөрөмж болох кинофотографийг зохион бүтээжээ. Парист ах дүү Люмере энэ аргаар нь кино зураг авах төхөөрөмж болгон хэрэглэжээ. Эдисон бусдын зохион бүтээсэн бүтээлүүдийг илүү сайжруулсан зүйл ч байгаа бөгөөд нэгтгэн дүгнэх чадвар нь амжилтанд хүргэж байлаа. Мөн түүний бүтээлийн зарим нэгийг хожим засаж сайжруулсан нь ч бий. Жишээ нь цахилгаан чийдэн дэх хоёр электродын дундуур цахилгаан гүйдэл явуулахад нэг нь халдаг. Эдисоны нөлөө гэж нэрлэдэг энэ нээлтэнд үндэслэн хожим нь цахилгаан дамжуулах хоолой гуурс хийжээ.

Эдисон хоёр дахин гэрлэж зургаан хүүхэдтэй болжээ. Насан эцэслэтлээ шинэ нээлт хийхээр оролдож байлаа. Түүний ажиглалт, туршилтаа тэмдэглэсэн 3400 дэвтэр үлдсэн байна.