Монголчууд бие биенээ гарал үүсэл, эрлийз, хурлийзаар нь доромжилдог болоод удлаа. Сүүлийн арав гаруй жил бидний дунд цус, ген, удмаар ялгаварлах, үзэн ядах үзэл хүчтэй дэлгэрч “Цусны шинжээчид” хүртэл бий болчихсон. Хараанд нь өртсөн хүнийхээ удам судрыг онгичиж ямар үндэстний цус холилдсон бэ, эрлийз үү, хурлийз уу гэдгийг дор нь “шинжлээд” газрын гаваар ортол нь доромжилж тарчлаадаг.

Цусны шинжээчид захиалгатай бүлэглэл байсан бол яван явсаар хүрээ нь томроод нийгмийн үзэгдэл болчихоод байна. Энэ бол жижиг оронд л байдаг зовлон. Том гүрнүүд ингэж дотроо талцаж, нэгнийхээ судсаар ямар цус гүйж байгааг, удам судар, эмээ, өвөө нь ямар хүмүүс байсныг ер тоодоггүй. Тэдэнд энэ талаар хөөцөлдөөд байх зав ч байдаггүй юм. Бага ястануудын тухай яриа бараг байхгүй. “Эд бидний нэг хэсэг. Бид хамтдаа байж л нэг бүхэл, цул болж нэгддэг” гэдэг үзлээр хүндэтгэлтэй хандаж, яс үндсийг нь огт сөхдөггүй. Ийм л байж том гүрэн гэгддэг.

Харин манай улсын хувьд хоёр том гүрний хооронд оршдог болохоор геополитекийн тоглоомд өртчихөөд байдаг тал бий. Тэр тоглоомд нь ээрэгдээд үнэмшчихдэг. Геополитикийн нэг ноцтой тоглоом байдаг нь цусны шинжилгээ. Уг тоглоомоор монголчууд нэг нэгнийхээ цусыг шинжлээд эхэлсэн дэг. Оросын нөлөөгөөр яагаад ч юм Хятадыг үзэн яддаг болцгоосон. Хятад хүнтэй холбоотой юм бүхнийг маш эмзэгээр тусган авч, үл итгэсэн байр сууринаас хандаж цэрвэдэг. Энэ нь даамжирсаар өвчнөөр бол үгдэрч сүүлдээ үндэстний онцлог болоод хувирчихлаа. Аливаа үндэстэн өөр өөрийн гэсэн онцлогтой. Япончууд зарчимч, хөдөлмөрч, бразилчууд хөлбөмбөгч, итали эрчүүд боловсон, соёлтой, германчууд шар айргаараа алдартай гэж онцолдог бол монголчуудыг “Хятадуудад үнэн голоосоо дургүй” гэж ярьдаг болох нь. Биднийг гадаад ертөнц ийм үүднээс хүлээж авах нөхцөл нь бүрдчихээд байна. Манайд хүчээ аваад байгаа энэ “Цусны шинжилгээ” бол аль 1800-гаад оны сүүл 1990 оны эхээр соёлт хүн төрөлхтний дунд гарч ирээд алга болсон үзэгдэл төдий. Одоо ийм үзэл гаргавал бүдүүлэгт тооцогдоно. Цусны шинжилгээгээр “Хятадын хольцтой, хятадын эрлийзүүд муу” л гэдэг болохоос орос, америкийн эрлийзүүд муу гэж ярьж, хэлж, бичиж байсныг сонсоогүй л юм байна.

Нийгмийг задалж, иргэдийг талцуулж байгаа энэ сайн дурын цус шинжээчид, үндэсний үзэлтнүүдийн өмнөөс үнэндээ ичдэг болоод байна шүү. Алив нэг сайн сайхан хүн байвал амьд, үхсэн нь хамаагүй шууд л босгож ирээд “Монгол цустай. Монгол удмынх. Бидний нэг” гэж “тогтоочихдог”. Октябрын хувьсгалын удирдагч асан В.И.Ленинийг монгол цустай, халимаг гаралтай хүн байсан гэдэг ярианаас манай “Цусны шинжээчид”-ийн “ажил” эхэлж. В.И.Ленинээр эхэлсэн шинжилгээ нь яван явсаар одоогийн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг монгол хүн гэж зүтгэдэг. Түүний удам судрыг манай цусны шинжээчид шинжилж тогтоогоод “Монгол цустай, тува эр” гэж зарлаад үндсэрхэг үзэлтэй “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох ёстой хүн гэж зулгуйдсан. Цус шинжээчид дэндүү зулгуйч. Сайн яваа хүний өмнө сөхрөөд л мөргөөд л. Өмнөд Монголын дуучин Тэнгэр, морин хуурч Чибулагийг магтан дуулж “Монголоо гэж зүрх нь хайлдаг жинхэнэ монгол. Монголоо мартаагүй яваа нь ямар сайхан юм” гэж “долоодог”. Тэд Өмнөд Монголынх юм чинь Өмнөд Монголын л иргэн байж таарна шүү дээ. Ер нь тэгээд тэр хүмүүс бидэнд ямар хамаатай юм. Тэд тэндээ ажиллаж амьдарч дассан, бид эндээ амьдарч болоод л байна. Мөрөөрөө яваа хүмүүсийг энд авчирч зулгуйдаж гүйх юм.

Шойгу гээд байгаа тэр тува хүн үнэндээ Монгол Улсын иргэн биш шүү дээ. Бас л Тэнгэр, Чибулаг Өмнөд Монголдоо уран бүтээлээ туурвиад явж байгаа шиг ОХУ-даа, эх орондоо ажиллаж хөдөлмөрлөөд л явж байгаа цэргийн хүн юм билээ, Шойгу чинь. Ингэж энд тэнд байгаа хүмүүсийн хормойноос зууралдаж, татаж чангааж “Чи л жинхэнэ монгол” гэж аягладаг цусны шинжээчдийн зулгуйдалт хэрээс хэтрэх байтугай, нүүр хийх газаргүй болтол ичээж байна.

БНСУ-д зохиогдож байгаа “Пёнчан 2018” өвлийн олимпийн уран гулгалтын богино үзүүлбэрийн төрөлд түрүүлж олимпийн аваргын медаль зүүсэн Алина Загитова гэх 15 настай орос охиныг манай цус шинжээчид “Манай татар охин Орост анхны алтан медалийг нь авчирч өглөө”, “Монголын сарнай Пёнчаны мөсөн талбайд дэлгэрлээ”, “Татар охин дэлхийг бишрүүллээ” гэх мэтээр хашгиралдав. Алина Загитова гэх тэр охин чинь ОХУ-ын иргэн, тус улсын уран гулгалтын улсын шигшээ багийн тамирчин гэхээр бидэнд, монголчуудад огт хамаагүй л хүүхэд байгаа биз дээ. Дэлхий нийт “ОХУ-ын тамирчин Алина Загитова эх орондоо “Пёнчан 2018”-ын анхны алтан медалийг авчирлаа” гэж л мэдээлсэн болохоос “Алина татар юм байна. Бүр монгол юм байна” гэж хэлээгүй, бичээгүй. Монголд өөрийг нь “Татар охин, монгол Алина мундаг байлаа” гэж магтаж байгааг мэдэхгүй шүү дээ, Загитова. Тэмцээнээс тэмцээний хооронд өндөр бэлтгэлжилттэй явдаг мэргэжлийн ирээдүйтэй тамирчинд Монголыг сонирхох байтугай, Монгол гэж орон байдгийг мэдэхгүй ч явж байгаа юм билүү, хэн мэдлээ. Татар, татар л гээд байдаг. Татар гэдэг нэр хамгийн их хадгалагдаж үлдсэн газар бол Алтан ордны улсын бүрэлдэхүүнд багтаж байсан нутгууд гэдэг юм билээ. XV зууны үеэс Казань, Крым, Сибирийн татар гэсэн нэрүүд түүх сударт тэмдэглэгдэх болсон бөгөөд татар нэр зүүсэн эдгээр нутгийн ард иргэдийн дийлэнх нь булгар, фин-угор, кипчак аймгуудын үрс сад, түрэг хэлтнүүд байдгийг судлаачид тогтоосон байдаг. Ингэхээр өөрсдийнхөө түүхийг сайн мэдэхгүй байж хаа холын хүмүүсийн үүх түүхийг ч судлахгүйгээр шууд л татар гэж дуулдвал “Тэр чинь монгол” гэж туйлширдаг нь цус шинжээчдийн л хуумгай явдал. Тэр Загитова гэдэг охин бидэнд бас л хамаагүй. Өөрийн гэсэн оронтой, харьяалагддаг улстай орос хүн. Цус шинжээчдийн таамаглаж байгаагаар Загитовагийн цусны ядаж аравны нэг нь монгол цус байж болох юм л даа. Тэглээ гээд тэр охин монгол болчихгүй, монголчууд магтлаа гээд хүрээд ирэхгүй, манай цус шинжээчдийг огт анзаарахгүй байгаа. Ингэхээр намгийн мэлхий намагтаа ваагладаг гэгчээр “цус шинжээчид”-ийн элдэв дүгнэлт энэ хавьдаа л шингэж байгаа нь яамай даа. Мэлхийний вааглах дуу тэнгэрт дэвж яваа бүргэдэд сонсогдоггүй нь сайхан.

Цус шинжээчдийн туйлшрал элдэв тамирчид, урлагийн авьяастнуудаар хязгаарлагдахгүй. Хаа хамаагүй улс, үндэстэн, хазара монгол, тийм ч, ийм ч монгол гэж саймширч, зулгуйддаг мөртлөө Монголдоо байгаа, Монгол Улсын иргэнийг хольцтой, эрлийз хурлийзаар нь гоочилж, ялангуяа төрийн зүтгэлтэн байвал улсынхаа нэг номерын дайсан мэтээр ярьж, хүлээн авч чаддаггүй. Манай улстөрчдийн дунд Да.Ганболд, М.Энхсайханаас эхлүүлээд хятадын эрлийз, хурлийзаар дуудуулдаг хүмүүс бий. Тэд цус шинжээчдийн дайралтад “Жингэр нохой хуцаж л байг, жингийн цуваа явдгаараа л явна” гэсэн шиг бүр дөжирцгөөсөн. Сүүлдээ УИХ-ын дарга М.Энхболдыг хятадын эрлийз, хятадын зээ гэх мэтээр гоочилж үзэхээ байлаа. Энэ хүний үйлийг нь үзэж байна. Олон нийт “Алъя, талъя” гэж орилолдоход цус шинжээчид шуугианыг улам дэврээж “М.Энхболдыг дүүжилбэл таарна” гэж турхирах.

Тэгж яривал тэр Загитовагийн дэргэд М.Энхболд харин ч 100 хувь монгол байх шүү. Цус шинжээчдийн үздэгээр Загитова охины цусны аравны нэг нь монгол бол М.Энхболдын цусны аравны ес нь монгол байж таарна биз дээ. Дээр нь энэ хүн Монгол Улсын иргэн, монгол хүн. Төрийн зүтгэлтэн, нам төрийн үйл хэрэгт олон жил зүтгэн, зүхүүлэн яваа. Сайн, муу ажилласныг нь дүгнэж мэдэхгүй л дээ. Монгол нутагтаа, Монгол Улсын иргэн ингэж ажиллаж амьдарч байхад элдвээр доромжилж харьцдаг мөртлөө хаа хамаагүй, хамааралгүй хүмүүсийг “Чи Монгол шүү” гэж зулгуйдан, долигонон нэр нүүрээ барах нь харин ч эмгэнэл. Цус шинжээчид ингэж л хүнийг алаг үздэг.

Монголын нутаг, Монгол Улсад эрлийзүүд хэзээнээс байж л байсан. Хамтдаа амьдарсаар л ирсэн. Эмээ нь хятад, эсвэл эмээ нь эрлийз, хурлийз байлаа гээд үр хүүхэд нь нийгэмд хавчигдан гадуурхагдана гэдэг хүний ёсноос гажсан хэрэг. Гэлээ ч монголчууд эцгийнхээ цусыг дагадаг. Эцэг нь монгол юм чинь монгол л хүн. Цус, генийн нарийн холбоо, учир жанцанг мэдэхгүй байж удам сударт нь өөр зүгийн нэртэй нэг л хүн байвал тэр удмыг тэр чигээр нь эрлийзүүд болгочихдог. Эсвэл хилтэй ойр амьдарч байгаа аймаг сумдынхныг бас л цусны хувьд хольцтой гэж сэрдэнэ. “Цус шинжээчид”-ийн энэ явцуу таамаг, бодлын эцсийн зорилго бол ердөө л улстөрийн өрсөлдөгч хэмээн харж байгаа хүнээ улс төрийн тавцангаас арчих. Дахиж гарч ирэхгүй болтол нь дарахын тулд удам угсаа, төрөл, садан, үүх түүх, ургийн бичгийн гээд аль нандин, үнэт зүйлсийг нь ухаж төнхдөг. Ийм явуургүй, хүний ёсноос гажсан үйлдлээ одоо болих хэрэгтэй. Эрлийз, хурлийз гэдэг энэ яриаг байнга сонссоор байгаад сүүлдээ үнэмших хүн байхгүй боллоо. Хэн нэгэнтэй хэрэлдэж, муудалцаад дийлж чадахгүй болохоороо “Чи муу хужаа” гэдэг. Энэ бол тухайн хүнээ доромжилж байгаа дээд хэмжээний доромжлол гэж үздэг. Үнэндээ тэр хүн хятад цустай, монгол цустай байлаа ч удам судрыг нь, өвөг дээдсийнх нь ясыг өндөлзүүлэн байж доромжлох нь туйлын зохимжгүй. Хэн нэгнийг муулах болвол эрлийз, хурлийзаар нь дууддаг туйлшралаа болих хэрэгтэй. Цус шинжээчдийн улстөржсөн ярианд жирийн иргэд итгэж, дагаж хөөрцөглөдөг нь цусны ултөржсөн шинжилгээг бат бөх байлгаад байгаа юм, нийгэмд. Ийм үл бүтэх хэсэг, буруу үзэлтнүүд байдаг гэдгийг ялгаад салгаад ойлгочихвол ч тэднийг дагаж дэрвэхгүй л дээ.

Хүн төрөлхтөн цаг хором бүрээр хөгжиж, техник технологи, шинжлэх ухааны дэвшил, ололт амжилтыг өдөр бүр хүртэж, улс үндэстнүүд глобалчлагдахын хэрээр удам угсаа, цус нөж ярихаас татгалзаж байна. Ер нь арьсны өнгө, угсаа гарвалын тухай яриаг хаягдсан тосгоны цус ойртсон хүмүүс л гаргадаг гэдэг өнгө аясаар ханддаг. Манай цус шинжээчдийн ойлголтоор хар, бор арьстай хүүхдүүд, залуусыг африк гаралтай, хольцтой байна гээд гудамж талбайгаар явуулахгүй, эх орноос нь хөөх ёстой болж байна л даа. Тэр хаа холын, бидэнд огтоос хамаагүй Загитоваг магтан сайшааж “Мөсөн дээрх монгол сарнай” хэмээн худал долигонох атлаа дэргэдээ байгаа, Монголдоо байгаа, Монгол Улсын иргэн М.Энхболдыг алаг үзэж, удам судрыг нь гутаан доромжлох нь нэн гунигтай.

“Цус шинжээчид” энэ мэт явуургүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүдээ зогсоож чаддаггүй юмаа гэхэд тэдний монголчуудыг эвдрэлцүүлэх гэсэн, хагаралдуулах гэсэн цусны улстөржсөн шинжилгээний “хариу”-нуудад Монголын иргэд үнэмшихгүй байхад л болно. Тэглээ ч улс орон минь хөгжихийн хэрээр иймэрхүү цусны шинжээчдийн “орон тоо” хумигдаж нийгмээс хүссэн хүсээгүй өөрсдөө арчигдана.

Эх сурвалж: Өдрийн сонин