Энэ долоо хоногт мэдээлсэн Үндэсний статистикийн хорооны  энэ оны эхний хоёр сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцлийн тайланд иргэдийн дундаж цалин нэг сая давсан гэсэн нь эгэл жирийн иргэдийн эгдүүцэлийг хүргээд авчээ.

Энэхүү танилцуулгаас харахад манай улс ер нь гялалзсан хурдаар дээшилж байгаа бололтой. Учир юу гэвэл иргэдийн дундаж цалин сая төгрөг давсан гэхээр бусад нь бүүр ч тансаг сайхан амьдарч байгаа гэж хэлж болмоор ч юм шиг. 

Тухайлбал, тус хорооноос нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 38.5 мянган аж ахуйн нэгжид ажилладаг 613.9 мянган иргэний мэдээлэлд үндэслэж дундаж цалинг тооцоолж гаргасан байна. Тэгэхэд монголчуудын дундаж цалин 1 сая 38 мянга 900 төгрөг болсон байна гэнэ. Энэ дундаж цалингийн хэмжээг 2016 онтой харьцуулахад 96 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Улмаар цалингийн хэмжээг хүйсийн байдлаар авч үзвээс, эрчүүд  1 сая 148 мянга 700 төгрөг, эмэгтэйчүүд 929 мянга 600 төгрөг сар бүр авч байгаа юм байх.

Тэгвэл энэ мэдээллийг зургаан сарын өмнөх буюу 2017 оны наймдугаар сарын нэгдсэн танилцуулгатай харьцуулж үзье.

Тэр үед сарын дундаж цалин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.5 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж байлаа.

Энэ зургаан сарын хугацаанд багш нар цалингаа нэмүүлэх гээд ажил хаяхдаа тулж, улмаар бага сага нэмүүлсэн. Гэлээ гээд багш нарын дундаж цалин төдийгүй төрийн албан хаагчдын цалингийн дундаж 600 мянга орчим хэвээрээ л байгаа.

 Уул уурхайн салбарынхан, эсвэл удирдах албан тушаалтнуудаас бусад хүмүүс дээд тал нь сард 800 мянган төгрөгийн цалинтай байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Тэгэхээр энэ статистикийг хаанахын эх сурвалжаар гаргасан байж таарах вэ. Нөгөө өндөр цалинтай гэгдээд байгаа 7 хувьд багтагсдын цалинг үлдсэн 93 хувийнхтай нь нийлүүлж нэмээд, нийт тоонд нь хуваахаар 1.1 сая гэдэг хэмжээ гараад байгаа бололтой. 

Энгийнээр хэлбэл өндөр цалинтай нэгэн албан хаагчийн цалин дээр бага дүнтэй ажилтны цалингийн дүнг нэмээд үүнийгээ хоёр хуваан дундажлан гаргасан уу гэмээр баримт гаргачихаад иргэдийн цалин нэмэгдсэн гэж ярихаа л больмоор байна Статистикийн албаныхаан. Амьдрал дээр иргэд дундаж цалин сая төгрөг давсан бол нийгэм чинь ядаж ийм их бухимдал байхгүй л байх даа.