Уулын цас мөс хайлж шар усны үерийн улмаас бэлх-сэлхийн авто замын зорчих хэсэгт ус тогтож, эвдрэл гэмтэл үүсжээ.

Зураг: Замын цагдаагийн алба

Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт шар усны үер болж төв зам руу оржээ. Тодруулбал бэлхээс сэлх чиглэлийн зам үерийн улмаас эвдэрч, усанд автаж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсон юм. Сэлх хэсгийн зам нь уулын доор байрлалтай учир үер усанд автах эрсдэлтэй замд тооцогддог.

Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж харьяа дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба хамтран шуурхай арга хэмжээ авч ажиллаж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийлээ. Дүүргийн онцгой байдлын алба ус үерийг зайлуулах, эвдэрсэн гудамж, даланг сэргээн засварлах, замын нүх цоорхойг бөглөх зэрэг ажлыг хийж байгаа гэж албаны хүн хэллээ.

Ингэснээр сэлх чиглэлд явдаг Ч:28 болон Ч:29 чиглэлийн нийтийн тээврийн автобус бэлх хүртэл яваад буцаж эргэх боллоо.

Нийтийн тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг хэзээ болиулах нь тодорхойгүй байгаа бөгөөд үер ус арилж хэвийн байдалд орохоор үйл ажиллагаа хэвийн болно. Тиймээс тус чиглэлд зорчих иргэдийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Захын дүүргийн замуудад ус зайлуулах хоолой маш дутмаг, зарим хэсэгт бүр байдаг ч үгүй. Жишээлбэл Дэнжийн 1000-ын баазаас шинэ эцэс хүртэлх замд нэг ч ус зайлуулах хоолой байхгүй. Шар усны үерт автаад байгаа бэлх сэлхийн замд ч адил. Тиймээс ус зайлуулах хоолой байдаггүй замуудад шинэчлэл хийх цаг нь болжээ.

Эх сурвалж: udriintoim.mn