Зүүн аймгуудын зарим нутгаар эхний ноолуур гарч, энэ жилийн ноолуурын анхны ханш ч тогтжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймагт ноолуур хамгийн өндөр үнэтэй буюу 90-92 мянган төгрөгийн ханштай байсан бол энэ үнэ нэмэгдэж 92-100 мянган төгрөг болсон байна.

Мөн Дорнод аймгийн төв дээр ченжүүд нэг килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч байгаа аж. Дорнод аймагт ажиллаж буй ноолуурын ченж Т.Ганзоригтой холбогдож зарим зүйлийг тодруулахад “Шинэ ноолуур бол 100 мянган төгрөгөөр авна. Ер нь ноолуурын ханш 100 мянга гэчихсэн л байгаа. Гэхдээ ноолуураа үзэж харж байгаад болно шүү дээ. Энэ өвөл зудтай байсан тул үхсэн ямааны хэт эрт самнасан муу ноолуур байж магадгүй гэх мэт асуудал бий. Өнөөдөртөө бэлэн мөнгө ирээгүй байна. Маргааш ярьж байгаад ирж тушаагаарай” гэж байв. Харин Хөвсгөл аймгийн иргэн Д.Оюунчулуунтай холбогдож ноолуур ямар үнэтэй байгаа талаар тодруулахад “Мөрөнгийн төвд 80-90 мянган төгрөгийн ханштай л байна. Дөрөвдүгээр сар гаргаад эх ямаагаа самнах юм. Ноолуурын ханш өсөхгүй бол хот орж ноолуураа тушаана. Улаанбаатар болон Зүүн аймгууд руу ноолуурын ханш өндөр байгаа сураг дуулдсан. Гэхдээ дөрөвдүгээр сарын эхээр ноолуурын ханш өсөөд, буцаад бууна гэж ченж нар ярьж байна” гэлээ. Харин Эмээлт захад ноолуур 85-90 мянган төгрөг гэж байгаа аж.

Өнгөрсөн жилийн яг өдийд ноолуур Эмээлт захад 70-75 мянга гэж байв. Сүүлдээ ханш өсөж 85 мянга хүрсэн ч дөрөвдүгээр сарын сүүлээр 60-68 мянга болж ханш унаж, малчид ихэд бухимдалтай байсан билээ.

Үнэ ханш унасан бурууг хятад ченжүүдээс болсон гэж байв. Учир нь манай улсын ноолуурын 90 гаруй хувь нь хятад руу түүхийгээр гарч, үлдсэн 10 хүрэхгүй хувийг дотоодын ноолуурын үйлдвэрүүд авдаг юм. Өөрөөр хэлбэл, манай улсын ноолуурын зах зээл, үнэ ханш хятадын ченж нартай холбоотой гэсэн үг. Олон ченжүүд байдаг ч хятдад монголын ноолуурыг авдаг гуравхан том ченж байдаг юм гэнэ.

Харин Булган аймгийн иргэн О.Болдмаа ярихдаа “Төвийн болон баруун аймгуудаар ноолуур гарч эхлээгүй байна. Гэхдээ одоогоор ноолуурын ханш 80 мянган төгрөг гэж байгаа юм билээ. Ханш өснө, 120 мянга хүрнэ гэсэн тооцоо бий. Ченжүүд ч ингэж хэлж байна. Ноолуураа самнах арай болоогүй байна, самнасан ч ажиглаж байгаад үнэ орохоор нь зарна гэсэн бодолтой байгаа. Дор хаяж 120 мянга хүргэчих байх” гэж байлаа.

Мөн Эмээлт зах дээр ажилладаг ноолуурын ченж Ө.Батмөнхөөс тодруулахад “Ноолуурын ханш энэ жил өснө. Гэхдээ хэд хүрээд унахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. 115 мянга бол хүрнэ гэж бодож байгаа. Өмнөх жилүүд шиг хэлбэлзэлтэй л байх болов уу. Гэхдээ ноолуурын ханшийг бид тогтоож чаддаггүй, хятадын ченжүүдийн л мэдлийн асуудал шүү дээ” гэв.

Ямартаа ч өмнөх жилүүдтэй харьцуулахад ноолуурын ханш өссөн, өндөр үнээр эхэлж байна. Гэхдээ ханш хэд хүрэх, хэр тогтвортой байх эсэх нь тодорхойгүй юм. Ямартаа ч өнгөрсөн оны сүүлээр Хөдөө аж ахуйн бирж анхны форвард арилжааг хийсэн. 11.5 тонн ноолуурыг урьдчилсан захиалгаар арилжсан.

Ингэснээр малчид ямаагаа самнахаас гурван сарын өмнө Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ноолуураа зарж, үнийн эрсдлээс хамгаалах боломж бүрдсэн гэсэн үг. Тодруулбал, малчид урьдчилан хэдэн кг ноолуураа тушаахаа хэлээд, үнээ тохироод, тохирсон ёсоор шинэ ноолуураа тушаана, ченжийн гар дамжуулалгүйгээр шууд үйлдвэрт борлуулах ёстой.

Уг форвард арилжааны нээлтээр долоон хэлцэл хийгдэж, кг нь 80-135 мянган төгрөгийн дүнтэйгээр 11.5 тонн боловсруулаагүй ноолуурыг форвард буюу урьдчилсан захиалгаар арилжсан байгаа. Мөн 500 сая төгрөгийн ноолуурыг “Монголиа кашмир ворлд” компани Хэнтий аймгийн “Эмхбум” ноолуурын хоршооноос авахаар гурван талт хэлцэл хийсэн. Тус компани ирэх жилийн хугацаанд форвард арилжаагаар хоёр тэрбум төгрөгийн ноолуур худалдан авахаар төлөвлөсөн аж. Захиалагч компани урьдчилгаа төлбөрөө байршуулснаар малчид захиалгыг нь бэлтгэн дөрөвдүгээр сарын 12-20-нд хүргэх ёстой. Өөрөөр хэлбэл, хятадын ченж нарын мэдэлд байх болсон ноолуурын үнэ ханш арилжааг дотоодын компаниуд ийм зохицуулалтаар худалдан авах боломж энэ жилээс эхэлж байгаа юм.

Н.Ганчимэг

Эх сурвалж: Өдрийн сонин