С.Баярцогт болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкин дахь хөрөнгийг битүүмжилсэн талаар АТГ-аас мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Энэ ажлын хүрээнд С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжилжээ.

Энэ тухай Б.Жаргалсайхан: "С.Баярцогт, С.Баяр нараар ”туг тахиж” Оюутолгойн гэрээг засах боломж бүрдлээ хэмээгээд Оюутолгойн гэрээг батлах үед С.Баярцогтын Швейцарь дахь данс руу Рио-Тинто компаниас 10 сая ам.доллар орсон. С.Баяр долоон хаус АНУ-д авсан Л.Гансүх сая ам.доллараар хаус авсан. Ч.Сайханбилэг, Д.Зоригт нар хэмжээ хязгааргүй баяжсан нь Оюутолгойн гэрээтэй холбоотой гэж үздэг. С.Баярыг 300 сая ам.доллар Оюутолгойн гэрээ байгуулаад авсан гэх хардлагыг ТББ-ууд гаргадаг. С.Баярцогтын 10 сая ам.доллар бол өчүүхэн хэсэг буюу нэг удаагийн л гүйлгээ. Дашдоржийн Зоригтын хөрөнгө л гэхэд огцом нэмэгдэж 30 гаруй компанитай болчихсон түүхтэй. 
Рио-Тинто компани татвар дээрээ луу унжиж Монголын Засгийн газрыг үргэлж нулимж дорд үздэг. Яг үнэндээ бид татвараа ч бүрэн авч чаддаггүй. Тэгэхээр Оюутолгойн гэрээг хийсэн С.Баяр, Д.Зоригт, Ч.Сайханбилэг, Л.Гансүх, Ч.Хүрэлбаатар (Энэ нөхөр үргэлж хамгаалдаг) С.Баярцогт болон тэдний хамаарал бүхий этгээд нарыг шалгая. Рио-Тинто компаниас мөнгө авсан нь тогтоогдвол (С.Баярцогт гээд тогтоогдчихлоо) бид гэрээгээ цуцлах, сайжруулах боломж гарган авна. Авлигал өгч байгуулсан гэрээг цуцлах нь аль ч улсын зөв болно. МАН Засгийн эрх авахдаа Оюутолгойн гэрээг сайжруулна гэсэн. Энэ боломж чинь гараад ирлээ. С.Баяраас асуу л даа. Данс тооцоог нь шалга. Амархан шүү дээ. Эд нараар "туг тахиж" байж Оюутолгойн гэрээг засах боломж бүрдэнэ. Зургаан тэрбум ам.долларын ноогдол ашиг хуваагаад монголчуудыг доромжилж буй Рио-Тинто компанитай ингэхээс өөр арга байхгүй шүү. Тэд бидэнд барьц илгээж гэрээг засах боломж бүрдүүллээ. Тэмцэх цаг боллоо. Би ч гэсэн үзэлцэнэ дээ" гэжээ