Г.З нь нийтийн албан тушаалтнаар буюу Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс буюу Б.Болортуяа, Д.Түвшинтөр, Б.Б нарыг “Төгсийн илэрхийлэл”, “Эм Си Эйч Ар”, “Хос пирамид” ХХК-иудын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр нийгмийн даатгалын мэдээллийн санд нөхөж оруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Б.Б-аас 3.000.000 төгрөгийг, мөн иргэн Г.Мөнхбаатар, О.Эрдэнэбулган, С.Отгонжаргал нарыг “Төгсийн илэрхийлэл”, “Эм Си Эйч Ар”, “Хос пирамид” ХХК-иудын нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр нийгмийн даатгалын мэдээллийн санд нөхөж оруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Б.Б-аас 5.000.000 төгрөгийг буюу нийт 8.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджэээ. 


Харин хахууль өгсөн хүн нь  2016 оны 05 дугаар сард БНСУ-ын визэнд орох зорилгоор “Төгсийн эрэлхийлэл”, “Эм Си Эйч Ар”, “Хос Пирамид” ХХК-ниудын нэр дээр өөрөө болон төрсөн дүү Б.Болортуяа, хамтран амьдрагч Д.Төртүвшин нарыг нийгмийн даатгал төлөгчөөр нөхөж оруулахын тулд 3.000.000 төгрөгийг, мөн 2016 оны 06 дугаар сард иргэн Г.Мөнхбаатар, С.Отгонжаргал, О.Эрдэнэбулган нарыг БНСУ-ын визэнд оруулах зорилгоор хүн тус тус өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилготой байсан гэдгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байдаг. 


Хээл хахууль өгсөн авсан этгээдүүд бүх хэргээ хүлээж баримтуудыг гаргаж өгсөн. Тэдний энэ үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.З нарт холбогдох эрүүгийн 201701000040 дугаартай хэрэг нээсэн. Хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцсэн юм. 


Улмаар  Г.З-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасч, 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

 
Харин хээл хахуульд авсан 8 000 000 төгрөгийг нь улсын орлого болгон хурааж авсан байна. 


Энэ бол зөвхөн нэг дүүргийн энгийн байцаагчийн үйлдсэн, илэрсэн хэрэг. Нийгмийн даатгалын ажилчид олон хэрэгт холбогдож байдаг  ч тэр бүхнийг эрх мэдэлтнүүд цээжээрээ хамгаалсаар байдаг бөгөөд үүнээс цаана хичнээн ийм хэрэг байгаа нь бүрхэг юм.