Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд энэ сарын 18-нд зохион байгуулсан "Дүнжингарав-2018" уралдаан зохион байгуулагчдыг хариуцлага хүлээхийг шаардаж буйгаа мэдэгдлээ. 

Тус уралдааныг 2008 оноос хойш Засгийн газраас шийдвэр гаргаж, Морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсаар иржээ. Гэтэл хамгийн сүүлд энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгйн Баянтал суманд зохион байгуулсан "Дүнжингарав-2018" уралдааны үеэр 11 хүүхэд бэртэж гэмтсэн юм. Энэ асуудалтай холбогдуулан Хүүхдийн эрхийг хамгаалдаг ТББ-дын зүгээс мэдээлэл хийж, Засгийн газарт өвөл, хаврын морин уралдаанд хүүхдүүд оруулахгүй байх эрх зүйн акт гаргаж өгөхийг хүссэн ч одоог хүртэл зөвшөөрөхгүй байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв. 

Хууль, өмгөөлөгч Х.Баасанжаргал “Бид өнгөрсөн оны "Дүнжингарав" уралдааны тов гарахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд анхан шатны шүүхээс уралдааныг хориглосон шийдвэр гарсан ч хоёр хоногийн дараа "Дүнжингарав-2017" уралдааныг зохион байгуулсан. Тус уралдаанаар 50 гаруй хүүхэд мориноосоо унаж бэртснээс нэг хүүхэд амь насаа алдсан. Шүүх дээр байхад уралдааны үеэр бэртэж гэмтсэн хүүхдүүдийн хохирлыг хэрхэн барагдуулсан талаар мэдээллүүд орж ирдэг. Үүний нэг жишээ нь унаж бэртснээс болоод дөрвөн хуруугаа тайруулсан хүүхэд даатгалын компаниас 400 мянган төгрөг авсан байгаа юм. Ингэж л хүүхдүүдийн хохирлыг барагдуулж байна. Иймээс бид хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд Засгийн газар болон Морин спорт уяачдын холбооноос хариуцлага нэхэж ажиллана” хэмээн ярилаа.

Мөн тэд уралдааны газар дээр хамтран ажилласан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл хийхийг шаардсан юм.

Д.Сарантуяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг