Гадаад харилцааны яамны Консулын газар АНУ-ын H2 визийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулан тус хөтөлбөрийн дагуу гадаадаас ажилчин авах зөвшөөрөлтэй ажил олгогч, зуучлагч байгууллагын тухай мэдээлэл болон ажиллах хүч авах үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн гаргажээ.

АНУ-ын H2 визийн хөтөлбөрийн тухай
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны нэгдүгээр сарын 18-нд тус улсад H2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр манай улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон. Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд манай улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг аж.

АНУ-ын Н2 визийн хөтөлбөрийн хэрэгжилт 
АНУ-ын ажил олгогч нь америкийн дотоодын хөдөлмөрийн зах зээлд тухайлбал, хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус салбарт ажиллах хүч дутагдалтай тохиолдолд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны харьяа Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас албан ёсоор зөвшөөрч баталсан орнуудаас түр хугацаагаар ажиллах хүч авах эрхтэй байдаг. Ингэхдээ АНУ-ын Хөдөлмөрийн яамны Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар (OFLC)-аас гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл авч, түр хугацаагаар гадаадын ажиллагсдыг ажиллуулдаг. АНУ-ын Хөдөлмөрийн яамны Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар нь Н2 хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөлтэй ажил олгогчдын  мэдээллийг хөдөө аж ахуйн (Н-2А), хөдөө аж ахуйн бус (Н-2В) гэж ангилан өөрийн цахим хуудаснаа байршуулдаг.  Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар нь гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрлийг 1-3 жилийн хугацаатай олгож, жил тутам хянаж, олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэг. Энэ онд Н-2А зөвшөөрлийг 1787, Н-2В зөвшөөрлийг 1124 ажил олгогчид  олгожээ. 

АНУ-ын Гадаад улсаас ажиллах хүч авах үйл явцын талаар
АНУ-ын ажил олгогч нь Н2 визийн хөтөлбөрт хамрагдсан гадаад улсаас ажиллах хүч сонгон авахдаа ажил олгогч нь өөрөө ажилчин сонгон авах (employer-contacted recruitment), эсвэл зуучлагчийн санал болгож буй ажилчныг (foreign labor recruiter) авах замаар зохион байгуулдаг.
АНУ-ын ажил олгогч нь зөвшөөрөлд тусгасан нөхцөлийн дагуу гадаадаас ажиллагсдаа өөрөө сонгож, мужийнхаа Хөдөлмөрийн яамны Ажиллах хүч хариуцсан газарт мэдэгддэг. Тус газар нь виз авах материал, түүнтэй холбоотой бичиг баримтыг ажил олгогчийн нэрийн өмнөөс бүрдүүлдэг бөгөөд ETA-790 анкетыг бөглөж, Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-нд мэдүүлдэг. Харин Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас анкетыг хянаад тухайн улсын буюу Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-нд мэдэгдэнэ. Энэ тохиолдолд ETA-790 анкетыг ажил олгогч, гадаадын ажилчин хоорондын байгуулсан гэрээ гэж үздэг байна. Ажил олгогч нь ажлын байр, цалин (дээр дурдсан ажиллах хүч авах зөвшөөрөлд тусгасан 1-9 хүртэлх мэдээллийн дагуу) зэрэг ажлын байртай холбоотой нөхцөлийн талаар ETA-790 анкетад мэдүүлэхээс гадна тухайн ажилчны ирэх, буцах тээврийн зардлыг нөхөн олгох үүрэг хүлээдэг.
Хөдөлмөрийн яам Н2-В хөтөлбөрийн хүрээнд тус улсын хөдөлмөрийн зах зээлд гадаадаас ажиллах хүч нийлүүлдэг зуучлагчийн  жагсаалт (Foreign labor Recruiter list)-ыг мөн олон нийтэд зориулан өөрийн цахим хуудаснаа нийтэлдэг.
Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар (OFLC) нь Холбооны хэмжээнд мөрдөх эрх зүйн актын 20 дугаар хууль (CFR-title 20)-ийн 5 дугаар бүлгийн 655 дугаар хэсэгт заасны дагуу тухайн гадаадын зуучлагч байгууллагын нэр, хариуцах ажилтан, байршил буюу улс, хотын нэр, ажиллах хүч нийлүүлэх ажлын байр (код) зэргийг нээлттэй зарлах үүрэг хүлээдэг аж. Ингэснээр яам, агентлаг, олон нийтийн дунд харилцан мэдээлэл солилцох, Н2 хөтөлбөрийн хүрээнд ажиллах хүч авах явцыг ил тод, нээлттэй байлгах нөхцөл бүрддэг байна. Гадаадаас америкийн зах зээлд ажиллах хүч нийлүүлдэг зуучлагч компаниудын 2018 оны жагсаалтад 28 орны 703 компани байгаагаас Мексикийн 289, АНУ-ын 135 зуучлагч компани байгаа нь нийт зуучлагчдын 60 гаруй хувийг эзэлж байна.
Ажил олгогч нь зуучлагчаар дамжуулсан тохиолдолд зуучлагчтай  байгуулсан гэрээний хувийг ETA-9142 анкетын хамт Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-нд мэдүүлдэг. Ингэснээр зуучлагч компаниуд тухайн ажилчнаас хуульд зааснаас илүү, өөр төлбөр авахгүй байх нөхцөлийг дээр дурдсан (Code of Federal Regulation)-ийн 20 дугаар хуулийн холбогдох хэсэгт бүрдүүлсэн.

Үндэсний шуудан сонин