Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхантай ярилцлаа.

-Бага насны хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэх, үл хайхран тэнэмэл маягаар амьдруулах, охидыг хүчирхийлж, зүй бусаар дур хүслээ хангах жигшүүрт хэрэг гарсаар байх боллоо. Мөн ураг төрлийн хүчин, гэр бүлийн хүчирхийлэл хэмээх цусан холбоо, итгэл дээр тулгуурлан үйлдэгддэг гэмт хэрэг буурах шинжгүй байна. Үүнтэй улаан нүүрээрээ тулж буй хүмүүс нь Хүүхэд хамгааллын хамтарсан багийнхан. Гэвч тэд санхүүгийн чадамжгүй учраас хохирогчид төрийн үйлчилгээг цогцоор нь үзүүлж чадахгүйн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чадамжгүй байгаа. Хорооны нийгмийн ажилтан цалингаасаа “хумсалж” хохирогчийг хооллож байхад цагдаа нь өөрийнхөө машинаар, өөрөөсөө мөнгө гарган шатахуун хийж тэднийг хамгаалах байранд хүргэдэг боллоо. Тийм учраас “Өнөөдөр” сонин хамтарсан багуудыг үйл ажиллагааны зардалтай болгох санаачилга гаргаж, танд хандаж байгаа юм.

-Та бүхний ажил хэрэгч санал, санаачлагыг дэмжинэ. Бүхий л талаар хамтарч ажиллана. Нийтээрээ эрүүл, амар тайван нийгмийг бүтээх үйлсэд хүн бүрийн оролцоо чухал учраас хамтдаа зөв гарц шийдлийг нь тодорхойлж, түүнийгээ хамтран хэрэгжүүлвэл эерэг үр дүнд хүрнэ.

-Бид нийслэлийн бүх хорооны хамтарсан багаас жилд хэчнээн төгрөгийн төсөвтэй байвал та бүхэн сайн ажиллах вэ гэж асуухад 3-5 сая төгрөг байхад хохирогчийг хамгаалж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна гэж хэлсэн. Тэгэхээр дунджаар 456 сая төгрөг байхад эдгээр багийн үйл ажиллагаа улам сайжрах нь гэсэн үг л дээ. Та нийслэлийн ИТХ-ын болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (ГХУСАЗЗ)-ийн дарга. Уг зөвлөл өнөө жил 5.2 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүнээс хагас тэрбумыг нь хамтарсан багуудад хуваарилах боломж бий юү?

-Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн төсвийн дийлэнхи нь цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагчид, олон нийтийн цагдаагийн цалин, урамшуулал, үйл ажиллагааны зардал болон шаардлагатай техник хэрэгсэлд зарцуулагддаг.

-Тэгвэл нийслэлийн ИТХ, төлөөлөгчид, эсвэл хурлын дарга хөтөлбөр боловсруулж, хөрөнгө төсөвлүүлэх эрх нь нээлттэй шүү дээ. Та энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж хэлсэн. Хөтөлбөр боловсруулж, НИТХ-д өргөн барих нь гэж үүнийг ойлгож болох уу?

-Асуудал санаачилж, шийдвэрлүүлэх нь төлөөлөгчид, Хурлын дарга, Засаг дарга цаашлаад иргэд олон нийт гээд бүгдэд нь нээлттэй. Нийгмийг айдаст автуулсан хүчирхийлэл, гэмт хэрэг ихээр гарч байна. Ийм асуудлыг зөвхөн цагдаа, хууль, хяналтын байгууллагуудын ажил мэт өрөөсгөл ойлголтыг өөрчилж, нийтийн хүчээр доривтой арга хэмжээ авах цаг нь болсон. Бид гудамж талбайн тохижилтыг сайжруулж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барих зэрэг ахуйн болон эдийн засгийн шинж чанартай асуудалд хэт их улс төржин анхаарч, харин  хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшил, хувь хүний хөгжил, иргэний төлөвшил, иргэд оршин суугчдынхаа амар тайван, эрүүл, аюулгүй амьдрах цогц асуудлыг анхааралгүй орхигдуулж ирсний сөрөг үр дагавар нь илэрч эхэлж байна.

Гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөж буй хүмүүс нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Гэмт хэрэгт өртсөн эрчүүдийн дийлэнх нь сайн дураараа архи, дарс ууж, агсамнаж танхайраад гэмтэж, бэртдэг, хэрэг төвөгт орооцолддог тохиолдол их байдаг. Насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай, эрүүл бие, саруул ухаантай, дөрвөн мөч нь бүрэн бүтэн байж ажил хийгээд амьжиргаагаа залгуулж чадахгүй, ааг омогоо багтааж ядан асуудалд орооцолдож байгаа бол бол өөр асуудал. Харин өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд, асран хамгаалах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бид илүү анхаарал, халамж хандуулах ёстой. Тиймээс хүүхэд эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн санал санаачлагад тулгуурласан “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр боловсруулан ажиллахаар төлөвлөж байна. Иймд та бүхний саналыг баяртай хүлээн авч, өмнө нь хийж ирсэн ажлуудаас гадна өөр ямар байдлаар хамтарсан багаа идэвхжүүлж, урамшуулах вэ, айл өрхийн аюулгүй байдал, хүн ардынхаа амгалан тайвныг хэрхэн хангах вэ, хүчирхийллийг ямар аргаар таслан зогсоох вэ гэдэг дээр бүх талаар нь хамтарч ажиллана. Энэ талаар санал санаачлага гаргаж байгаа иргэд, аж ахуйн нэгж, ТББ, Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ дашрамд хэлье. 

-ГХУСАЗЗ-ийн өнөө жилийн төлөвлөгөөнд үүнийгээ оруулах уу, өөр ямар шинэ ажлуудыг санаачилж байгаа вэ?

-Хүчирхийллийг таслан зогсоох ажлыг ГХУСАЗЗ-ийн  2018 оны ажлын төлөвлөгөөнд оруулж баталсан. Мөн бид энэ жилээс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн харуул хамгаалалтын байгууллагуудыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд туслах хэлбэрээр дэмжлэг үзүүлэн ажиллуулах асуудлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ мэтээр хотод хийх ажил олон байна.

-Тэгвэл энэ их ажлыг амжуулах, хийлгэх, санаачлах үүрэгтэй НИТХ яагаад эв зүйгээ олохгүй байна вэ. НИТХ дахь сөрөг хүчнийхэн байтугай олонх болох МАН-нхан ч өөр хоорондоо сөргөлдөх боллоо.

-Хийнэ, шийднэ гэж сонгогдсон бол хэнч байсан түүнийхээ төлөө ажиллах ёстой. НИТХ тэр чигээрээ болохгүй бүтэхгүй болчихсон зүйл байхгүй. Хариуцлагатай, ажил хэрэгч олон төлөөлөгчид бий, түүний зэрэгцээ байгаа хугацаандаа амин хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлж байвал бусад нь хамаагүй мэт авирладаг цөөн нөхдүүд бий. Гэхдээ бид хэн нэгний хэл үгнээс айж эмээж, амин хувиа бодож, ард иргэдийн итгэлийг хөсөрдүүлэх ёсгүй.

НИТХ-ын ажил айхтар гацсан зүйлгүй. Би НИТХ-ын дарга болсноос хойш ээлжит болон ээлжит бус нэгдсэн хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдааныг  нийтдээ 16  удаа хуралдууллаа. Тэргүүлэгчдийн сүүлийн хурал ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хойшилсон. Энэ нь хурлын ажил бүхэлдээ гацчихлаа гэдэг үг биш. Харин гацаах сонирхол бүхий хүмүүс  байгаа. Тэдний ингэх учир шалтгаан тодорхой.

-Тэр нь ямар шалтгаан юм бол?

– Асуудал С.Амарсайханд биш хийж байгаа ажил, хөндөж байгаа асуудалд байна. Өөрөөр хэлбэл иргэд оршин суугчдын ажил амьдралтай хролбоотой өмнө нь хийж хэрэгжүүлж байгаагүй ажлууд, хөндөгдөж байгаагүй асуудлуудыг санаачилж НИТХ-ын хуралдаануудаар хэлэлцдэг болсон. Тэр хэрээр хүний өөрийнгүй олон хүмүүсийн хувийн болон улс төрийн  эрх ашиг энд хөндөгдөж байна. Тийм учраас Хурлын үйл ажиллагааг сулруулах, хуралдаж чадахгүй байгаа мэтээр олон нийтэд ойлгуулах гэсэн явуургүй хандлага  гарч байгааг үгүйсгэхгүй.

Ер нь С.Амарсайхан гэдэг хүн амин хувиа бодож ажил хийхгүй, зөвхөн бусдын ая эвийг олоод өдөр хоногийг аргацаах байдлаар өнгөрүүлж байсан бол элдэв хэл ам гарахгүй байсан байж магадгүй. НИТХ-аас иргэд олон нийтийг чирэгдүүлж ирсэн газрын албаны үйл ажиллагаа болон зарим нэг ажилтан, албан тушаалтны ажил үүргийн хариуцлагагүй байдал, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, удаашралтай явж ирсэн зам гүүр дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлэх гэх зэрэг ажлуудыг санаачлан эрчимжүүлэхтэй холбоотой С.Амарсайханыг олиггүй харагдуулж, хотын ажлыг  гацаах, өмнөх хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулах зорилгоор нийгмийн анхаарлыг өөр тийш татах сонирхол бүхий хүмүүс АН-ын байтугай МАН-ын бүлэгт ч байгаа.

-Нийтийн эрх ашгийн төлөө, ялангуяа хүчирхийлэлд өртөн, зовж шаналж буй хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд анхаарахгүй байгаа атлаа төлөөлөгчид урамшуулал, сандал суудлын маргаан байнга хийдэг боллоо.

-Урамшуулал авдаг нь өмнө нь тийм ч ил байгаагүй. Хуулийн дагуу авч буй урамшууллыг нуух шаардлагагүй гэдэг үүднээс үүнийг ил гаргаж тавьсан юм. Мөн урамшуулал авч байгаа юм бол эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханд гэдэг л зарчим ярьж байгаа.

Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Тулгарч буй асуудлыг чинь шийднэ гэж амлалт өгч байж сонгогдчихоод хуралдаа суухгүй, ажил хийхгүй байгаа нь шударга бус. Тийм ч учраас жилд бөөнд нь өгдөг урамшууллыг улирлаар нь хувааж өгдөг болж байна. Ингэхдээ хуралд суусан, эсэх болон оролцоог нь дүгнэж өгөх юм. Хэрэв хуралд суухгүй бол урамшуулал авах ёсгүй, цаашид улирал бүр биш сар тутам төлөөлөгчийн ирц, оролцоотой нь уялдуулж өгчдөг болгох ёстой.

-Нэг төлөөлөгч хэдий хэмжээний урамшуулал авдаг юм бэ. Юунд зарцуулж байгааг нь хянадаг байгууллага бий юү?

-Анх 2000 онд төлөөлөгч бүрт жилд нэг сая төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн байдаг. Сонгогдсон тойрогтоо ажиллах зардал хэлбэрээр. Тэр тогтоол инфляци ханшийн зөрүүнээс шалтгаалж мөнгөн дүнг ихэсгэж болно гэдэг заалттай байсан учир 2008, 2012 онуудад журмыг нь өөрчилж, шинэчилсэн байдаг юм байна лээ. Өнгөрсөн онд нэг төлөөлөгч 50 сая төгрөгийг нэг удаа бөөнд нь авсан. Харин энэ жилээс улирал бүр 10 буюу жилд 40 сая төгрөгийг төлөөлөгчдөд урамшуулал болгон олгохоор бууруулса. Үүнээсээ холбогдох татвар хураамжаа төлнө. Зарцуулалтад аудит хяналт тавьж ажилладаг.

-Нэгэнт хотын асуудал руу “хазайсных” танаас цаг үеийн зарим зүйлийг тодруулъя. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх болсон нь олныг бухимдуулах боллоо. Хотын өмнөх удирдлага Сонгинохайрхан дүүрэгт аваачихаар газрыг нь бэлдэж, төлөвлөлт хийсэн. Гэтэл та бүхэн Яармаг руу нүүлгэхээр болжээ. Өмнөх хүмүүсийнхээ хийсэн ажлыг үгүйсгээд ч байх шиг, эсвэл төрийн залгамж халаа гэдэг зүйл огт байхгүй болсон юм уу?

– Тухайн асуудалд хэр тооцоо судалгаатай хандаж байна вэ гэдэг л чухал. Хотын төвлөрлийг сааруулж, задлах ёстой юу гэвэл тийм. Төр захиргааны байгууллагыг шилжүүлэх шаардлага байна уу гэвэл бий. Гэхдээ хотын захиргааг нүүлгэснээр энэ асуудал бүрэн шийдэгдчих юм биш. Нүүлгэхийг нь нүүлгээд үлдэж байгаа нь яах вэ гэдгийг давхар бодох, төлөвлөх шаардлагатай. Нэг хэсэг нь нүүгээд, тэндээ төвхнөж болно. Гэхдээ захиргааны байгууллага нүүлээ гээд төвлөрөл саарах уу гэдгийг бодох л ёстой. Миний хувьд эсэргүүцэж буй асуудал байхгүй. Гагцхүү тооцоо судалгааг нь сайн хийж, асуудлаа сайн төлөвлөж шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Үнэндээ Сонгинохайрхан дүүрэг бусад дүүргийн хөгжлөөс хоцорчихсон. Хүн ам олонтойн дээр төлөвлөлт муу, дэд бүтэц нь тааруу. Уг нь хотын захиргаа тэнд очсон бол уг дүүрэг хөгжих байсан болов уу. Гэтэл хотын удирдлага хүсээгүй бололтой. Агаар, хөрсний бохирдлоос зугтаад өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргачихав уу даа гэмээр.

-Тэргүүлэгчдийн хурлаар Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх асуудлыг хэлэлцээгүй байгаа. Уг асуудлыг  Засаг дарга С.Батболд НИТХ-ын тэргүүлэгчидэд өргөн барьсан. Эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг  рүү нүүлгэх боломж  өмнөх дарга нарт байсан уу гэвэл байсан. Уг нь урьдчилсан зураг төсөл хийлгэж байсан юм билээ. Харамсалтай нь тэд хийж чадаагүй. Тэдэнд хөрөнгө мөнгө, боломж, цаг хугацаа байсан. Харин НИТХ-аас Сонгинохайрхан дүүрэг дэх газарт нь хямд өртөгтэй орон сууц барих шийдвэрийг  оны өмнө  гаргасан.

-Хотын захиргааг Яармаг руу нүүлгэхтэй зэрэгцээд Буянт-Ухааг эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудал ярьж буй. Монгол Улс хил дээрээ чөлөөт бүс байгуулах гээд өнөө хэр нь чадахгүй байгаа. Хот чөлөөт бүс байгуулж чадах уу. Дэмий хөрөнгө зарсан мөрөөдөл болчих вий дээ.

-Өмнөх чөлөөт бүсүүд хөгжөөгүй нь хууль эрх зүйн болон хүн ам, дэд бүтцийн гээд олон хүчин зүйлээс шалтгаалсан. Харин бид Улаанбаатар хотын шинэ хуучин нисэх онгоцны буудлуудыг түшиглэн хотын эдийн засгийн тусгай бүс байгуулах асуудлыг судлаж байгаа юм. НИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн нэгдүгээр сард судалгаа, тооцоо хийх ажлыг хэсэг байгуулсан. Энэ нь Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг тавих тухай асуудал юм. Бид өнөөдрийг хүртэл өдөр тутмын ахуйн асуудалтайгаа зууралдаж, аргацаах байдлаар өдөр хоногийг өнгөрөөж, урт хугацааныхаа хөгжлийн бодлогын суурийг тавьж чадаагүй учраас өнөөдөр иргэд нь ажилгүй, айл өрх нь орлогогүй, хот нь бие дааж хөгжих чадамжгүй байна.  Одоогоор уг ажилд зориулж нэг ч төгрөг төсөвлөөгүй. Бодит ажил болгох боломж байгаа, эсэхийг л судалж, тооцож байна. Хэрэв Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс байгуулах бол одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлана. Шинэ нисэх буудал ашиглалтад орохоор хуучин нь суларна. Үүнийг бид боломж болгож үр өгөөжтэй ашиглах учиртай. Зөв ашиглахгүй бол орхигдож эзэнгүйдэхийн зэрэгцээ газрыг нь талх шиг зүсэж, хувааж  аваад, дахиад л ямар ч төлөвлөлт зохион байгуулалтгүй хотын нэг хэсэг болж хувирах эрсдэлтэй.

-Тэнд яг ямар үйлчилгээ байгуулах юм бэ?

-Нийслэлийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах нь юу юунаас чухал байна. Иргэд нь ажилтай орлоготой, амьжиргаа сайтай бол хот хөгжинө. Банк, санхүүгийн байгууллага, төрөл бүрийн үйлдвэрлэл, технологи, үйлчилгээ, агаарын тээвэр, аялал жуулчлал бүхий эдийн засгийн тусгай бүс байгуулахаар зорьж байгаа. Ингэснээр багадаа 60, цаашлаад 100 мянган тогтвортой ажлын байр бий болно. Хоёр хөрш рүү чиглэсэн агаарын тээвэр, авто болон төмөр замаар дамжсан бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх, улмаар олон улсын жишигт нийцсэн үйлчилгээнүүдийг бий болгох замаар иргэдээ ажилтай болгоё гэж төлөвлөж байгаа хэрэг. Үүнийг НИТХ-ын хурлаар нээлттэй хэлэлцэнэ. Энд тэнд нэг орон сууц, сургууль, цэцэрлэг барих тухай яриад л байдаг. Харин ирээдүйд иргэд хэрхэн ажилтай орлоготой, хот нь хөгжилтэй байх үндэс суурийн тухай одоо  л ярьж шийдэхгүй бол ажилгүйдэл, ядуурлаас нийслэл хэзээ ч ангижрахгүй.

-Хотын үе үеийн удирдлага гэрэлтэй ирээдүйн талаар ярьдаг ч тэр нь тэр бүр биелдэггүй. Та бүхний барьж ажиллах чиглэл юу вэ?

-Хотын эдийн засгийг бэхжүүлэх, иргэдээ ажилтай, орлогтой, аюулгүй амьдруулах нь бидний нэн тэргүүний зорилт. Бидэнд боломж их бий. Тэрхүү боломжийг дор бүрнээ хувьдаа биш хотын хөгжилд зориулж чадвал хөгжил бидэнд ойртоно. Бүх түвшинд боломжийг яаж зөв ашиглах, хэрхэн хамтарч ажиллахаас их зүйл хамаарна. Өнгөрсөн 20 гаруй жил худаг, зам, хог, гэрэлтүүлэг, гудамж талбай гэх зэрэг ахуйн асуудлаа ярьсаар байгаа боловч аль алийг нь ч цогцоор нь бүрэн шийдэж чадаагүй байна. Уг нь иймэрхүү ахуйн асуудлыг аль хэдийнэ шийдчихсэн байх ёстой. Үүнээс үүдэн хүний хөгжил, хотын хөгжил зэрэг ирээдүйн  хөгжлийн томоохон сууриа бид бэхжүүлж чадсангүй.  Тиймээс аливаа асуудлыг урт хугацаанд тогтвортой үр өгөөж өгөхүйц хэмжээнд цогцоор шийдэх нь бидний зорилго байх ёстой гэж хардаг.

-Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотод түүхэн үйл явдал болж, хоёр ч дүүргээ дагуул хот болгосон. Гэтэл өнөөдөр тэдгээрийн захирагч нар нь ямар ч эрх мэдэлгүй, архи, тамхи худалдах зөвшөөрөл өгөхөөс өөр хийх ажилгүй хүмүүс байна. Одоо бараг мартагдаа биз. Ийм байхад төрийн залгамж халаа ярих нь дутагдалтай санагдах юм.

-Уг нь дагуул хотыг бий болгож хөгжүүлэхээр миний санаачилж хөндөж тавьсан асуудал байгаа юм. Харамсалтай нь, шийдвэр гаргахдаа  алдаа гаргаснаас үүдэн  өнөөдөр дагуул хотын асуудал  өөх ч биш, булчирхай ч биш болгочихсон. Үүнийг цэгцлэх, хууль эрхзүйн шинэчлэлийг нь хийх шаардлага бий. Бие даан хөгжих нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд татвар, эрх зүй, эдийн засгийн буюу төсвөө өөрөө бүрдүүлж, захиран зарцуулах боломжийг нь ч бүрдүүлж өгөх гээд олон асуудал бий.

Дүүргүүдийг өөрсдийнх нь онцлог, газар нутгийнх нь давуу тал, хүн амынх нь нягтаршлаас хамаарч хөгжүүлэх, төлөвлөлт хийх шаардлагатай. Зарим томоохон дүүргүүдийг хувааж жижиглэх зэргээр төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхээс эхлээд хөгжлийн асуудлыг түргэвчлүүлэх шаардлага бий.

Г.Баярцэцэг

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин