Оюутолгой, Дубайн гэрээ тойрсон хяналт шал­галтын ажил эрчимжиж эхлэв.“Рио-Тинто” кор­­пора­цитай хийсэн Оюутолгойн гэрээний хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг АТГ-аас албан ёсоор шалгаж, өндөр албан тушаал бүхий хүмүүс­ээс байцаалт мэд­үүлэг авч буй.

Ийнхүү Оюутолгой хууль хянал­тын байгууллага, төр засгаар зогсохгүй олны анхаарлын төвд орсныг  сүүлийн хэдхэн өдөрт өрнөсөн үйл явдлуудаас харж болно.

 

АТГ: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ НАРИЙВЧЛАН ШАЛГАНА

АТГ-аас өчигдөр мэдээлэл хийх үеэр Оюутолгойн гэрээтэй хол­боо­­­­той асуудлаар нийс­лэлийн прокурорын газ­раас эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Гэрээ болон хэрэгжил­тийг нарийвчлан шалгаж Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогтоос тайлбар, байцаалт авсан. Түүнд 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэж 2014 онд хэ­рэг­сэхгүй болсон.  Бай­галь орчны төлөөх Туяа­цэцэг гэх эмэгтэй Швейцарьт асуудал тавьж Швейцарийн талаас  бидэн­тэй харилцан хамтран ажиллаж тодруулга авсан. Ирэх сард Швейцарийн талаас тодор­хой хариултууд ирнэ гэдгийг хэллээ. Гэрээтэй холбоотойгоор цөөнгүй албан хаагчийн эрх ашиг хөндөгдсөж анхаарал татах­аар асуудал байгаа. Нарийвчлан, нухацтай шалгана. Тухайн үеийн шийдвэр гаргагчдын буруу­тай үйлдэл тогтоогд­вол прокурорт хан­дана. Түүнчлэн далд уурхайтай холбоотой Дубайн гэр­ээний асуудлыг шалгаж байгаа гэсэн мэдээллийг АТГ өгсөн юм.

 

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЦУЦАЛЖ, АРД ТҮМЭНД АШИГ ХҮРТЭЭХИЙГ ШААРДАВ

Энэ сарын 22-нд улс төрийн намууд нэгдэж Оюу­толгойн гэрээг цуцалж, ард түмэнд ашиг хүртээхийг шаардсан юм. МАХН, МНН, ИЗНН, МҮАН хамтран “РиоТинто” корпорацитай хий­­­сэн Оюутолгойн гэр­ээг цуцалж, дахин сайжруулах  асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудад шаардах бичиг хүргүүлсэн юм.  Бичигт “Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга “Оюу толгойн гэрээг  байгуулахад ҮАБЗ-өөр урьдчилан хэлэлцсэн эсэхийг шалган тогтоож, тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн гишүүн, Ерөн­хий сайд С.Баяр, ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ асуудлаар ямар байр суурь баримталж байсныг ил тод болгож, хуралдаануудын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах хэрэг­тэй. УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүдэд Их хурлаа Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой хохироосон  Оюу­толгойн гэрээг нэн даруй цуцлан Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гар­гахыг тус тус шаардаж байна” гэжээ.

 

УИХ-ААС АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ

УИХ-ын дарга М.Энх­болд энэ сарын 23-нд захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиг­лах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллана. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амар­заяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар томилогдов.

 

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ТАЛААР ХОЁР ӨӨР ТАЙЛБАР

Оюутолгойн гэрээг шалгаж эхэлсэнтэй хол­боотойгоор Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Хариуцаж байгаа сал­барын сайдын хувьд хэлэхэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх асуудал байхгүй. Бид гэрээн дээр тусгасан үүргээ бие­­лүүлэх, цаашид үйл ажиллагааг өргөжүүлэх, дээшлүүлэх, идэвхжүүлэх, харилцан ашигтай хам­тын ажиллагааг улам сайжруулах байр суурин дээр төслийг явуулна. Оюу толгойн төсөл Монголын уул уурхайн салбарын хөрөн­гө оруулагчдын гол цөм нь юм. Бид энэ төсөл амжилттай хэрэг­­жээсэй гэж хүсэж, хэрэгжүүлэхийн төлөө улам хичээн ажиллаж байгаа” гэв. Харин сал­барын дэд сайд Д.Загджав “Хөрөнгө оруулалтын  гэрээг  байгуулахтай хол­богдуу­лан авлигатай холбогдсон асуудлыг нэгмөсөн шийдвэрлээд урагшаа явах, мөн Оюутолгойгоос Мон­голын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь зүйтэй” гэсэн байр суурьтай байгаа юм.

 

“Turquiose Hill Resources” АРБИТРЫН ШҮҮХЭД ХАНДАХАА МЭДЭГДЭВ

Монгол Улсын Тат­варын ерөнхий газраас Оюутолгой компанийн 2013-2015 онд төлсөн татварт аудит оруулсантай холбоотойгоор 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Тиймээс “Turquiose Hill Resources” компани дээрх татварын актын 4.8 сая ам.долларыг төлсөн, үлдсэн нь төлөх үндэс­лэлгүй хэмээн мэ­дэгд­сэн юм. Энэ хүрээнд Засгийн газар­тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу маргаан үүсгэж 60 хоногийн дотор тохирол­цоонд хүрч чадах­гүй бол олон улсын арбитрын шүүхэд хандахаа энэ сарын 16-нд мэдэгдсэн.

 

РИО ТИНТОГИЙН 700 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАРЫН АСУУДАЛ СӨХӨГДӨВ

Люксембург болон Нидерландын татвар­гүй бүс нутаг дахь “Mail­box”гэгдэх компаниудаар дамжуулан уул уурхайн аварга групп Рио тинто, түүний канад охин компани болох Turquoise Hill Resources Канад улсад төлөх 470 сая ам.долларын татвараас хэрхэн зайлс­хийсэн талаар “Mining taxes” хэвлэлд тайлбарлажээ.

Түүнчлэн энэхүү хэв­лэлд хөрөнгө оруулалтын гэрээгээр халхавчилж зэс, алтны Оюутолгой уур­хайгаар дамжуулан Монгол Улсад төлөөгүй 230 сая ам.долларын татварын талаар ч тусгасан байна.  “Mailbox” гэх компани нь 4.19 хувийн татварын маш бага хувь хэмжээг өнгөрсөн жилүүдэд эдэлж иржээ. Өөрөөр хэлбэл, Люксембургийн татварын албаны хүмүүсийн тат­варын бодлогын үр шим­ийг ийн хүртэж байсан байна. Энэхүү татварын төлөвлөгөөний үр дүнд Рио Тинтогийн охин компани “Movele” Люк­сембургт 89 сая ам.долларын татвар төл­сөн байна. Энэ нь Канадад төлбөл зохих байсан 470 сая ам.долларын татвараас хамаагүй бага байгаа юм.  Нэмж өгүүлэхэд, уул уур­хайгаас татвар авна гэж найдаж буй Монгол Улсад Оюутолгой төслийн цаана Рио Тинто болон бусад хөрөнгө оруулалтын корпорациуд Монголын Засгийн газартай кон­цессийн гэрээгээр тохирол­­цоонд хүрээд байгаа билээ.

Люксембург болон Нидерландад байгуулсан татварын олон улсын гэрээг авч үзээд, Монгол Улсын Засгийн газар ч Рио Тинто-д 2013 онд татварын хөнгөлөлт үзүүлж байсан билээ. Оюу­толгойн орлогын хуваарилалтын талаарх маргаан дэгдсэний дараа Рио Тинто-гийн зүгээс 2015 онд татварын бага хувь хэмжээний талаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байсан аж. Үр дүнд нь Монголын Засгийн газар ойролцоогоор 230 сая ам.долларыг таван жилд татвар хэлбэрээр алдсан байна.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин