АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлав. Зөвхөн одоогийн хөрөнгийг оруулаад зогсохгүй өмнөх гурван жилд мэдүүлсэн байдлыг хамтатган оруулжээ. Төрийн дээд албан тушаалтнуудын хөрөнгө, орлого нь хэр нэмэгдсэн болохыг эндээс харьцуулан харж болохоор байна. Тэгвэл төрийн гурван өндөрлөг гэгдэх Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хөрөнгө хэр хэмжээтэйг та бүхэндээ сонирхуулъя.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Өөрийн эзэмшилд 912 сая 900 мянган төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, нэг “LX570” автомашинтай юм байна. Үүнээс гадна багагүй хэмжээний хадгаламж эзэмшдэг бөгөөд гурван тэрбум 131 сая 70 мян төгрөгтэй.Мөн хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшдэг компаниуд ч олонтой. Тодруулбал, “Баялгийн хувь” ХК, “Женко тур бюро” ХК, “ХИД” ХХК, “Вэбсофт” ХХК, “Талх чихэр” ХК, “Баянгол” зочид буудал ХК, “Ай номадик” ХХК,“Өүпэнспейс” ХХК, “Мах-Импэкс” ХК, “Баян-Исгрийт” ХХК, “Их Монгол Чага Интернэшнл” ХХК, “Наран баянбүрд” хоршоо, “Эрдэнэс таван толгой” ХК, “Түмэн хишигтэн” ХХК, “Ардчилал” сонин зэрэг компаниудад хөрөнгө оруулж, хувь эзэмшдэг юм байна. Төрийн тэргүүн зээл, авлагагүй хэмээн мэдүүлжээ.

УИХ-ын дарга М.Энхболд:

Түүний жилийн орлого 118 сая 104 мянга гаруй төгрөг бол гэр бүлийнхний орлого нь 67 сая 660 мянга гаруй төгрөг аж. Хувьдаа “Ланд 200” загварын 120 сая төгрөгийн автомашин, гурван орон сууцтай бөгөөд нэг тэрбум 108 сая 600 мянган төгрөгийн үнэлэмжтэй юм байна. Эрхэм дарга нэртэй зүстэй уяач болохоор чамгүй хэмжээний малтай нь ойлгомжтой. Түүнд адуу 300, хурдан удмын 60 адуутай. Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл нь 290 саяар үнэлэгдэж, хадгаламжиндаа 597 сая 44 мянган төгрөгтэй, “Говь” ХК, “Зоос гоёл” ХК, “Авто импекс” ХК, “Зоос банк” ХК, “Женко тур бюро” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК, Технологийн дээд сургуульд хөрөнгө оруулж, хувь эзэмшдэг болохоо мэдээлжээ. УИХ-ын дарга М.Энхболд хэн нэгэнд өргүй, бас авлагагүй аж.

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх

Эрхэм Ерөнхий сайдын орлого нь 134 сая бол гэр бүлийнхний орлого нь харьцангуй бага буюу хоёр сая төгрөг. Хувьдаа 162 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, гурван моторт хөлөг сэлгэн унадаг юм байна. Тодруулбал, Mercedes Benz ML320, Hartley Davidson, Lexus570 зэрэг машинууд нь 284 сая 58 мянган төгрөгөөр үнэлэгдэх аж. Тэрбээр хадгаламжиндаа тэрбум 750 сая төгрөг хуримтлуулсан төдийгүй 100 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй юм байна.