Оюутолгойн гэрээг батлах үед эсэргүүцэж байсан анхны зургаан гишүүний нэг, ТЭЗҮ –ийг шалгуулахаар Үндэсний ауюулгүй байдлын зөвлөлд хандаж байсан УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

-Оюутолгойн гэрээний эргэн тойрны олон  асуудал ид  яригдаж эхэллээ. Танд ямар дүгнэлт байна?

-Би сүүлийн үед  ярилцлага өгөлгүй хоёр жил өнгөрсөн  байна. Түүнээс өмнө бол байнга л ярьж байсан хуучин сэдэв  юм даа. Оюутолгойн гэрээ 2009 оны намар  УИХ-д орж ирсэн. “ТЭЗҮ нь дутуу байна” гэж бидний хэдэн гишүүн буцаалгаж байлаа. “Шаардлага  тавьж, шахалт хийж  буцаалаа”  гэж бид баярлаад байсан чинь үгүй юм билээ. Буцаагдсан хугацаанд тэд  Ашигт малтмалын тухай хуулиудыг зассан байдаг. УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэл маш хариуцлагагүй хандсан. Хуулиудыг нь баталж өгсөн. ХЗДХЯ ч гэсэн  ямар ч маргаангүй сайн хууль болжээ гээд зөвшөөрөл өгөөд байсан. Одоо Оюутолгой, Рио Тинто  гэж яриад байгаа болохоос тэр үед  Айвенхоу Майнз компани, Фрийдланд  гэж хүн л гол эзэн байсан. Өөрөө ил харагдахгүй, манай талаас С.Баяр, С.Баярцогт,  УИХ-ын дарга нартай тусгай онгоцоор гадаадад хамт  яваа сураг дуулддаг. Ийм л үйл явдал болоод өнгөрсөн. Тухайн үед МАН-аас Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн бид гурав, АН-аас З.Энхболд, Н.Батбаяр, Д.Ганхуяг нарын зургаан хүн эсрэг санал өгсөн учраас  УИХ-ын даргын ар талын самбарт  нэр нь улаанаар биччигддэг байлаа.Бусад нь бүгд дэмжсэн. Энэ гэрээг баталж болохгүй, ингэхдээ 34 хувийн тухай бус ашиг авах тухай бид ярьж байсан. Ийм олон жил бүү хэл, найман жилийн дараа ашиг авахад хол байгааг  тэр үед ярьж  байсан. Сүүлдээ хэл ам гаргах тусам улам замарсаар эцэст нь Дубайд очиж гэрээ хийдэг болж дууссан. Найман жил бүү хэл 40 жилийн дараа ашиг авах тухай ярьдаг болж завхарсан.

-Засгийн газар, УИХ маш хариуцлагагүй ажилласан. Гэвч хэн ч хариуцлага тооцоогүй?

-“Стандарт бус Засгийн газар” гэж би тэр үед ярилцлага өгч байсан. МАН  олонх болчихоод байхад АН-тай хамтраад Засгийн газар байгуулах болсон. Түүнээс хойш “Стандарт бус Засгийн газар” гэдэг нэр томъёо дөрвөн жил хэрэглэгдсэн. Энэ Засгийн газрын гайгаар улсын хөрөнгийг шамшигдуулах үүд хаалга нээгдсэн. Засаг толгойлж байсан хүн нь С.Баяр, Шадар сайд нь Н.Алтанхуяг. УИХ-ын дарга нь Д.Дэмбэрэл. Намайг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад дөрвөн жил дараад  хэлэлцүүлээгүй, ширээн дотроо хийгээд дарчихдаг л  юм байна лээ. Тэгсэн атлаа  Оюутолгойтой холбоотой  хууль, тогтоомжуудыг  ямар ч хуулийн өмнүүр “Ногоон гэрэл”-ээр оруулдаг. Ер нь бол өглөө  оруулж ирээд үдээс хойш нь батлаад тэр өдрөөсөө хэрэгжүүлдэг  байсан. Ярсхийтэл гар өргөж баталсан тэр Их хурлыг зохион байгуулж байсан Д.Дэмбэрэл дарга хариуцлага хүлээх ёстой.

-Та тэр үед  УИХ-ын чуулган дээр “С.Баярцогт оо, чамд Айвенхоу Майнз компани дарамт, шахалт үзүүлээд байгаа юм биш биз” гэж асууж байсан. Ямар учиртай вэ, та мэдэж байсан юм уу?  

-Тухайн үед Оюутолгойн гэрээг батлуулах ажлын хэсгийг Эрдэс баялаг, уул уурхайн сайд Д.Зоригт зургаан сар гаруй  ахалж байсан. Тэгснээ гэнэт С.Баярцогт Ажлын хэсгийг ахалдаг  болсон. Ингээд С.Баярцогт гэрээг гардан хийсэн. Хэн ч юу ч хэлж байсан тийш нь  хавируулалгүй  хамгаалдаг, Айвенхоу Майнз  компанин талтай  уулзахаас биш Их хурлын гишүүдтэй уулздаггүй байсан. Ингээд би С.Баярцогтод тэр үгийг хэлж байсан юм. “Чи улсын энэ их хөрөнгийг мэдсээр байж ийм гэрээ хийж болохгүй. “Эрдэнэт” үйлдвэрийг жишиг болгоод хар. Чамайг Айвенхоу Майнз компанийнхан дарамт, шахалтад оруулаад байгаа бол чи “Эрдэнэт”-ийн гэрээг харуул, 51:49 харьцаагаар  гэрээг хийнэ гэж хэл. Ард түмэн, Их хурлын гишүүд намайг  ингэж шахаж байна гэж хэл” гэсэн. Тэгэхэд “Би яг таны хэлснээр явж байнаа. Наад санал чинь зөв шүү” гээд С.Баярцогт инээж суусан. Ажлын хэсгийн ахлагч тэгж хэлэхээр итгэдэг л юм байна лээ.

– С.Баярцогтын Швейцарь дахь данснаас 10 сая ам.доллар илэрч, Оюутолгойн гэрээг батлуулаад авсан авлига гэх зүйл яригдлаа. Та тэр үед “Гэрээг дэмжиж баталсан  гишүүд  авлига авч, түүнийгээ   гадаадын нууц дансанд байршуулна” гэж хэлсэн санагдана?

-Гэрээ батлах үед бухимдаад тэгж хэлсэн юм. “Та нар ийм гэрээг авлигаар хийхгүй шүү. Хэзээ нэгэн цагт илэрнэ. Айвенхоу Майнз компанийнхан та нарт бэлнээр өгч чадахгүй нь ойлгомжтой. Ойр зуурын гарын ганц, хоёр сая төгрөгийг бол өгчих байх. Тэрийгээ гэр бүлээрээ хэрэглэх байх. Үлдсэн мөнгөө та нар нууц данс, оффшороор дамжуулж авах байх” гэж хэлсэн. Тэр үед хэвлэлд өгсөн ярилцлагад ч энэ тухай байгаа. Тэгэхэд гишүүд шоолоод инээлдэж байсан. “Оффшор гэж юу вэ” гэлцээд л, би тэгэхэд нь та нар ойлгохгүй бол нууц данс гэж нэрлэе, та нар ийм дансаар мөнгөө авах байх. өөрийнхөө нэр дээр авах юм бол та нар хэзээ нэгэн цагт илэрнэ. Хүний нэр дээр хийвэл чамд эргээд олдохгүй байх шүү” гэсэн.

-Та ер нь аргыг нь заагаад өгчихсөн юм биш үү?

-/инээв/. Яалаа гэж. Харин тэдний хийж байгаа үйлдлийг мэдэрсний үндсэнд л хэлсэн хэрэг. Одоо манайхан Монголсоо их мөнгө гаргасан шиг ойлгоод байгаа юм. Тийм биш. С.Баяр нарын авсан хахууль Монголд орж ирэхгүй байна шүү дээ. Бүгд гадны оффшор бүсэд  бусдын нэр дээр хийлгээд байна л даа. С.Баярцогт тэнэг юм шиг өөрийнхөө нэр дээр хийлгэсэн байна л  даа. Эд нэг удаа авахгүй шүү дээ, тэр мөнгөө. Хоёр, гурван газар хувааж хийлгэж байгаа байх. Юу гэж нэг дор бөөнөөр хийлгэх вэ. 10 сая ам.доллар гэдэг бага  байна. Үүнээс их хэмжээний ам.доллар байж таарна. Удирдан зохион байгуулагчид нь мэдээж С.Баяр дарга байж таарна. “Оюутолгойн гэрээг батлуулсны хариуцлагыг би хар толгойгоороо хүлээнэ” гэж  удаа дараа хэлж байсан  хүн шүү дээ. Бүр биднийгээ дарамтлах аятай “Өдөр бүхэн сая ам.доллар алдаж байна. Хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ” гэж сөргүүлээд  дайрч байсан. Тухайн үед Монгол Улсад ашиггүйгээр барахгүй алдагдалтай гэрээг батлуулах гэж байгааг бид чадлаараа хэлсэн, харамсалтай нь УИХ-д цөөнх болсон. Ард түмэн ч бидний  хэлснийг тоогоогүй, жагсаал цуглаан хийсэн юм ч байхгүй. Их хурлын танхим дотор хэдэн гишүүн цөөнх болж, ад болоод  дууссан. Одоо л сөрөг нөлөө, хор хохирол нь гарч ирж байна.

-Одоо яавал дээр вэ?

-Нэгэнт  ийм хэмжээнд хүрч ирснийх Оюутолгой тойрсон асуудлыг дутуу хаяж болохгүй. Өмнө ярьж хэлж байсныг нэг мөр болгон цэгцэлж, шийдвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралдаа авч байгаа байх гэж найдаж байна. Хахууль авсан сайд, гишүүд одоо тодорч гарч ирцгээх байх. Ганц С.Баярцогт ч биш л дээ. Ард нь зөндөө хүн байгаа. Оюутолгойтой холбогдсон олон хүн бий. Дээсний үзүүрийг барьсан хүн тавихгүйг хичээдэг гэж Цахиур Төмөр хэлдэг шиг асуудлын гол учгаас атгасан бол тавихгүйг хичээх  хэрэгтэй дээ, манай хууль хяналтынхан. Бас нэг эргэлзээ  нь Айвенхоу Майнз компани Оюутолгойг  Рио Тинтод зарсан асуудал. Бид тэр үед ярьж л байсан. Зарах бол гэрээнд заасан байх ёстой. Гэтэл үүнийг ярьдаг хүн алга. Дээр нь Фрийдланд гэдэг хүн Монголд харагдахгүй байсаар байгаад  сураг алдарсан.  Манай Засгийн газар  залгамж чанаргүй   гэдэг ч энэ гэрээн дээр харагддаг.

-Тэр нь юу билээ?

-Би Үндэсний аюулгүй байдал хариуцсан  Гадаад бодлого, аюулгүй байдлын байнган хорооны гишүүн байсан. “Монголын үндэсний аюулгүй байдал-хууль тогтоомж” гэсэн сэдвээр ажлын хэсэг ахалж шалгалт оруулж үзсэн. Гэрээний материалуудаа бүгдийг англи хэл дээр авчраад өгчихдөг. Манайд мэргэшсэн орчуулагч байхгүй. Асуудал их байсан. Өмнө нь Ч.Хүрэлбаатар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ажлын хэсэг ахалж, Оюутолгойн гэрээг ярьж байсан юм билээ. Тэр бол нэлээн боломжийн сайн хууль болсон байдаг юм билээ, хоёр боь шахам зузаан материал байсан. Тэрийг даанч сонгуулийн өмнө царцаагаад  дараагийн Их хурлыг хүлээж  байсан юм билээ, Айвенхоу Майнз. Өмнөх гэрээг огт харалгүй, цоо шинээр хийсэн учраас Оюутолгойн  тэр гэрээ авлигынх гэдгийг бид хэлж байсан юм. “Хожим та нараас ард түмэн ял асууна, та нар яах вэ гэж хэлэхэд хүртэл “Бид хариуцлагаа үүрнэ” гэж хэлж байсан  нэр бүхий гишүүд  бий шүү. С.Баярцогтын хувьд “Бид хээл хахуульд ороогүй ээ. Хэзээ нэгэн цагт нотлогдоно” гэж байсан. Тэр нь сая   нотлогдчихлоо. Цаашид  хууь хяналтынхан л сайн ажиллах ёстой.

-Оюутолгойн далд уурхайд хэрэглэж буй усны нөөцийн асуудлаар судалгаа хийгдэж байсан. Ажлын хэсэг  гарч шалгаж байсан санагдана?

-Говь усны нөөц маш муутай. Гэтэл тэр их усыг маш хямдхан, бараг үнэгүй ашиглаж байгаа шүү дээ, Оюутолгойд. Ийм уурхай дэлхийн хаана ч байхгүй. Энэ зөвшөөрлийг тухайн үеийн Байгаль орчны сайд Л.Гансүх мэдэж гэрээг зурсан. Гэрээг батлахад Засгий газрын танхимд юу болсныг та бүхэн санаж байгаа байх. хурдан морины хүүхдэд пайз өгдөг шиг юм болсон. 250 сая ам.доллар гэж бичсэн ногоон пайз барьчихаад алга нижигнүүлээд байсан. Телевизээр хараад сууж байхад  бүх хүн малилзаад  байсан. Тэр дотор ганцхан хүн инээгээгүй нь Айвенхоу Майнзын  талын албан тушаалтан байсан. Энэ улсын ийм их хөрөнгийг бид ингэж хуурч авах ч гэж дээ гэж тэр  хүн дотроо  бодож байгаа юм шиг баргар царайтай харагдсан. Тэр бичлэгүүд өчигдөр ч телевизээр цацагдаж байна лээ, та нар сайн хараарай.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин