Монгол улс цаазаар авах ялыг халаад олон жил болж байгаа. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад гаргасан энэ шийдвэрийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга цуцлахаар болжээ. Тодруулбал энэ хаврын чуулганаар цаазаар авах ялыг сэргээх тухай төсөл боловсруулан УИХ-ын энэ хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо.

Ингэхдээ бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол цаазаар авах тухай заалтыг Эрүүгийн хуульд оруулах юм байна. 

Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан мэдээнд тусгагдсаныг судалж үзэхэд 1 нас 4 сартай хүүхдийг ч хүртэл хүчирхийлсэн байх ба судалгаагаар өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХЗДХЯ-нд дөрвөн сарын өмнө хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноодог байдлаар цаазын ялыг сэргээх санал хүргүүлсэн ч одоог хүртэл тус яам хариу ирүүлээгүй, ямар нэг санаачилга гаргаагүй юм. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын president.mn цахим хуудсаар иргэдийн саналыг сарын турш албан ёсоор авч, мөн уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөл боловсруулахаар ажиллаж байгаа аж.

УИХ-ын хаврын чуулган энэ сарын 05-ны өдөр нээлтээ хийнэ. Хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барих уг хуулийн төслийн талаар бид эргэж мэдээлэх болно.