Хаврыг “жагсаал, цуглааны улирал’’ хэмээн тодотгосон нь үнэний хувьтай. Хүйтний улирал цаашилж урин дулаан цагтай золгосон өнгөрсөн өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд хэдэн хэдэн жагсаал цуглаан болов.

Цаашид ч болох төлөвтэй. Гэхдээ ямар зорилгоор, хэн хэрхэн жагсч, эцсийн үр дүн юу байх уу гэдэгт гол утга учир нь оршино. Олон нийт өнгөрсөн ням гарагт “Хүчирхийллийн эсрэг” жагссан. Гол нь тэд өөрсдийн хүсэл зорилгын дор нэгдсэн учир олныг хамарсан гэж болно. Тэгвэл энэ сарын 5-нд бас нэгэн жагсаал болох нь. Тодруулбал, УИХ-ыг тараах зорилгоор Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийхөн энэ өдөр Төрийн ордны бүх хаалгыг бүсэлж, УИХ-ын гишүүдийг оруулахгүй, хаврын чуулганыг эхлүүлэхгүйгээ зарлав. Тэд юуны төлөө, ямар зорилгоор ийн жагсч төрийн ажлыг цалгардуулахаар шийдэв. Тэднийг хэн турхирч байна вэ. Үүнд тэд “Манай хөдөлгөөн ганцаараа биш. АН-ын гишүүд биднийг дэмжиж байгаа” хэмээн жагсаалынхаа цаад санааг илчлэв. Олон нийт хүсэл зорилгоороо нэгдэж, төрд дуу хоолойгоо хүргэж байна уу эсвэл хэдэн төгрөгийн үнэтэй, хэн нэгний эрх ашгийн төлөөх захиалгат жагсаал уу гэдэг нь үүнээс илт харагдаж байгаа болов уу. Түүнчлэн “Аминдаа хайртай бол 76 гишүүн Төрийн ордон руу битгий зүглээрэй” гэж олон нийтийг сэртхийтэл заналхийлэв. Энэ байдлаараа ажлын байр руугаа орох гэсэн хэн нэгэн гишүүнийг тэд яахаас ч буцахгүй нь. Харин тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийг онц байдал зарлах тушаал гаргана гэж найдаад ордон руу оруулах юм байна. Тэдний тавьж буй шаардлага, зохион байгуулж буй жагсаал онц байдал зарлах үндэслэл болох уу. Үндсэн хуульд зааснаар улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэг нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон нөхцөлд онц байдал зарлах учиртай. Мөн тэд одоогийн УИХ-ыг эрхзүйн чадамжгүй гэж тодотгов. Засгийн газар бүрдсэн цагаас өнөөдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд гаргасан шийдвэр, баталж хэрэгжүүлж буй хууль тогтоомж тэдний тодотголоор хуурамч болж таарах нь. Арай л хэтийдсэн хэрэг бус уу. АН УИХ, Засгийн газрын хийсэн ажлыг зориуд харлуулж, муухай харагдуулах зорилготой боловсруулсан нууц төлөвлөгөө нь саяхан олон нийтийн сүлжээнд ил болсон. Түүн дотор “жагсаалын бэлтгэл” гэсэн төлөвлөгөө ч байгаа харагдав. Үүнийгээ АН хэрэгжүүлж эхлэв үү.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин