Үе үеийн засгийн газарт ажиллаж байсан сайд нар АТГ-т шалгагдаж эхнээсээ нарсанд саатуулагдаад байна.  АТГ-т шалгагдаж байгаа улстөрчид хэрвээ бүгд гэм буруутай болж таарах юм бол нарсны засгийн газар байгуулах хэмжээний бүрэлдэхүүн байгаа юм. 
1.    ЗГХЭГ-ын дарга асан, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтыг С.Баярцогтыг АТГ-аас Эрүүгийн хуулийн 20.3 22.1.3 дүгээр зүйл ангид заасан гэмт хэргүүдэд буруутгаж шалгаж байгаа. Өдгөө түүнийг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан. Түүнийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
2.    Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, ерөнхий ня-бо Б.Туяа нарт холбогдох улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,
3.    Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох улсад 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,
4.    Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох 1.2 тэрбум төгрөгийн орон сууц авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг,
5.    Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулсан асуудалд нь албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн эсэх асуудлаар Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Уг хэргийг өдгөө АТГ-аас  шалгаж байгаа. Түүнийг Нийслэлийн Прокурорын газрын дуудах хуудсын дагуу дуудаж мэдүүлэг авч байгаа. 
6.    Увс аймгийн нутагт байрлах Хотгор шанагын уурхай, уурхайн хувьцаа эзэмшигчдийн хоорондоо хувьцаагаа худалдсан гэдэг асуудлаар АТГ-аас  хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас гэрчээр мэдүүлэг авсан. Гэхдээ гэрчээр дуудаад сэжигтэн, яллагдагчаар татдаг түүх байгаа болохоор түүний хувь заяа хаашаа эргэх нь сонин...
С.Баярцогтын шалгагдаж байгаа хэрэгт Ч.Сайханбилэгийн засгийн газрын гишүүд бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж тайлбар өгөх нь баараггүй болсон. 


Энэ бүхнээс үзэхэд Засгийн газрын сайд байсан эрхэмүүд "Нарсны Засгийн газар" байгуулах хэмжээнд хүрсэн байх юм.