2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар Засгийн газар тохиролцсон. Үүний дагуу энэ жил нийт 684.0 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан.

Харин 2018 оны 04-р сарын 04-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар  өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, УИХ-ын тогтоолын төсөл боловсрууллаа. Тогтоолын төслийг УИХ-д ойрын хугацаанд өргөн барихаар болоод байв. Тодруулбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж олгох, 2019 оноос эхлэн жил бүрийн төсөвт тусгаж байхаар тусгасан.

Тэгвэл Ерөнхийлөгч баян, ядуу гэж ялгахгүйгээр бүх хүүхдэд өгх нь зүйтэй гэж үзэн тогтоолын төсөл өргөн барьсан байна. Тодруулбал,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан юм. Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уг тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Тогтоолын төсөлд:

-Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй 0-18 хүртэлх насны Монгол Улсын иргэн бүрт 2018 онд сар бүр 20000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох;

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан нийт өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох;

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, бусад шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгахаар тус тус тусгасан байна.

Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор Засгийн газраа гаргасан тооцоогоор бол нийт хүүхдийн 80 хувьд олгох тохиолдолд 228 мянга орчим хүүхэд нэмэгдэж, 860 мянган хүүхэд буюу амьжиргааны түвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой болох юм. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Уг нь АН, МАН-ийн мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгө олгох талаар орсон байдаг. Сонгогдоод зангаа хувиргасан л болохоос уг нь бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах учиртай байсан. Ямартай ч засгийн газар нь нийт хүүхдийн 80 хувьд, ерөнхийлөгч нь бүх хүүхдэд мөнгө өгнө гэж байна. УИХ-аас хэнийх нь саналыг хүлээн авахыг олонхоороо хэлэлцэх болно. Бид энэ талаар гуурхай мэдээлэх болно.