Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулгад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Тодруулбал АТГ-т ирсэн иргэний гомдлын мөрөөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулгыг шалгаж байсан бөгөөд улмаар эрүүгийн хэрэг үүсгэн, саатуулахгүйгээр гадуур байцааж байгаа гэнэ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулга нь цагдаагийн газраас шалгагдаж байсан /одоо АТГ-т хэргийг шалгаж байгаа/ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэрэгт хавсаргах шинжээчийн дүгнэлтэд нөлөөлсөн байж магадлалтай гэж үзэн АТГ-аас шалгаж байгаа юм. Тодруулбал уг хэргийн анхны дүгнэлтээр эр бэлгийн эс илэрсэн гэж дүгнэлт гаргасан шинжээч эмчийг ажлаас нь халсан бөгөөд улмаар дараагийн шинжилгээний хариугаар эр бэлгийн эс илрээгүй гэж өөрчилсөн байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа юм.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22-р зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа юм.

Эрүүгийн хуулийн тус зүйлд

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг бөгөөд түүний гэм буруутай эсэхийг шүүх тогтоох бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.