УИХ-аас СЗХ-нд шалгалт хийж байгаатай холбоотойгоор тус байгууллага болон Хорооны даргын талаар олон нийт цахим орчин, нийгмийн сүлжээгээр янз бүрийн байр суурь илэрхийлцгээж байна. Тус байгууллагын үйл ажиллагаа, ялангуяа СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэнгийн ажилд нэр хүнд бүхий эдийн засагчид ямар үнэлэлт дүгнэлт өгч буйг сонирхлоо.

Доктор, профессор Ч.ХАШЧУЛУУН:

-СЗХ бол банкнаас бусад санхүүгийн зах зээлд даатгал, үнэт цаас, ББСБ, ХЗХ зэрэг хөрөнгийн зах зээлд чухал байр суурь эзэлдэг салбаруудад зохицуулалт хийж, багагүй өсөлттэй авч явж байгаа байгууллага юм. Мөн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж байгаагийн зэрэгцээ банк бус санхүүгийн зээлийн хүүг буурахад багагүй нөлөөлсөн. Цаашид Хороог санхүүгийн зах зээлд олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулна гэсэн хүлээлт байна. Хорооны удирдлагын тухайд онол, практик хослуулж, мэргэжлийн өндөр түвшинд боловсорсны зэрэгцээ салбартаа судалгаа шинжилгээ хийж, зөв дүгнэх чадамжтай чадавхи өндөртэй удирдлага гэж дүгнэдэг.

Эдийн засагч, дэд профессор Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

 

-СЗХ-ны 2017 оны тайлангаас харахад үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарын үйл ажиллагаа дунджаар 25 хувийн өсөлттэй гарсан байна.Үнэт цаасны зах зээлийн гол үзүүлэлт болох зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 66 хувиар өссөн нь хамгийн өндөр бөгөөд онцлох үзүүлэлт байлаа. Энэ нь 2011 оноос хойш тасралтгүй буурч байсан энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр өсөлттэй гарсан гэсэн үг юм. Тухайн жилд МХБирж, МҮЦБирж дээр шинээр үнэт цаас гаргах үйл ажиллагаанууд амжилттай болсон нь хөрөнгийн зах зээлийн хувьд ихээхэн эерэг хүлээлтийг бий болгож байгаа юм.

Тоон үзүүлэлтүүдээс харахад СЗХ-ны зохицуулалт, хяналтын хүрээний үйл ажиллагаа сайн байсан нь харагдаж байна. Энэ нь хорооны зүгээс явуулсан бодлого, арга хэмжээнээс гадна эдийн засгийн сэргэлттэй холбоотой гэдгийг дурдах нь зүйтэй юм. Мөн энэ хугацаанд СЗХ-ны зүгээс ямар бодлого, шийдвэр гаргаж түүний эерэг, сөрөг нөлөө үр дүн юу байсныг дүгнэх нь мөн чухал юм.

Судлаач, доктор Б.АЛТАНЦЭЦЭГ:

 

-Санхүүгийн зах зээлийн талаарх мэдлэг, санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийн талаарх судалгааг иргэдийн дунд 2016 оны 3 дугаар улирлаас 2017 оны 2 дугаар улирлын хооронд улирал тутам зохион байгуулсан бөгөөд жилийн өмнө банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл доогуур байсан бол жилийн хугацаанд нилээд ахиц гарсан.

2017 оны 2 дугаар улирлын судалгаагаар банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл өмнөх судалгаануудтай харьцуулахад нэлээд өөрчлөгдсөн. Ялангуяа СЗХ-д итгэдэг гэсэн хариулт өмнөх улирлын судалгааны дүнтэй харьцуулахад 2 дахин нэмэгджээ. Мөн түүнчлэн СЗХ-д бага зэрэг итгэдэг гэсэн хариулт өмнөх улирлын дүнгээс 2.5 дахин нэмэгдэж, харин мэдэхгүй гэсэн хариулт 24 пунктээр буурчээ. Өнгөрсөн оны 2 дугаар улирлын байдлаар иргэдийн 50 шахам хувь нь арилжааны банкинд итгэдэг, 33 хувь нь даатгалын компанид итгэдэг, 20 хувь нь ББСБ-д итгэдэг, 18.3 хувь нь ХЗХ-д итгэдэг гэсэн байна. Өмнөх улиралтай харьцуулахад ББСБ, ХЗХ болон даатгалын компанид итгэх итгэл нэлээд өссөн нь судалгаагаар гарсан байна.Тухайлбал, ББСБ-д итгэдэг гэсэн иргэдийн хувь өмнөх улирлаас 8.4 пунктээр, ХЗХ-д итгэдэг хувь 7.6 пунктээр, даатгалын компанид итгэдэг хувь 9.3 пунктээр нэмэгдсэн байна.

Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал, профессор, доктор Т.ЦЭНД-АЮУШ:

 

-Манай Компанийн Засаглалын Хөгжлийн Төв анхлан СЗХ-ны санаачлагаар 2009 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд С.Даваасүрэн даргын үед СЗХ-ны бодлого дээрх зорилгыг хэрэгжүүлэх чиглэлд илүү өргөн цар хүрээтэйгээр чиглэн ажиллаж, тогтворжиж байгаа нь бидэнд мэдрэгдэж байна.  Сүүлийн үед С.Даваасүрэн дарга руу хандсан дайралт мэдээллийн хэрэгслүүдээр их гарч байгаа нь дээрх бодлогыг хэрэгжүүлэх нь өөрөө их хүч чармайлт, тэсвэр тэвчээр, тууштай байдал шаардсан хүнд хэцүү ажил болохын гэрч баталгаа юм. Хуучин зүйлсийг шинэчлэхэд эсэргүүцэл, үл ойлголцол тулгарах нь гарцаагүй. С.Даваасүрэн нь эдийн засагч хүн учраас макро түвшний бодлогын уялдааг харж, СЗХ-ны бодлогыг тодорхойлж, өөрчлөлтүүдийг хийж байна. Мөн Хорооны гадаад харилцааг өндөр түвшинд хөгжүүлж байна гэж салбарынхан харж байна. 2017 онд СЗХ-ны дарга С.Даваасүрэн дэлхийн 95 орны 114 төв банк, зохицуулагч байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн есөн гишүүний нэгээр сонгогдсон.

Ер нь цаашид бид санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, дан ганц банкнаас хамаарсан бүтцийг өөрчлөх, компаниуд болон бусад оролцогч байгууллагуудын засаглалыг хөгжүүлэх чиглэлд доктор С.Даваасүрэнгээс мэргэжлийн хүний алсын хараатай, оновчтой бодлогууд, ухаалаг хэрэгжүүлэлтүүдийг илүү ихээр хүлээж байгаа бөгөөд СЗХ-той хамтран хэрэгжүүлэх олон ажлууд төлөвлөгдөн ажиллаж байна.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК