“Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг  тогтвортой үргэлжлүүлж, түүхий эдийн зах зээлээс хамаарах хамаарлыг бууруулахын тулд хөгжлийн урт хугацааны нөөц бололцоог нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон-Паскаль Нгану онцоллоо.  

Дэлхийн Банкнаас гаргасан Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг өнөөдөр танилцуулсан юм.  Уг тайланд  “Хөгжиж буй Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн өсөлтийн хэтийн төлөв хүчтэй хэвээр байгаа ч эрсдэлд анхаарах шаардлагатай”-г тодотголоо.

Тодруулбал Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын өсөлт 2018 онд тогтвортой байх бөгөөд 6.3 хувьд хүрнэ гэсэн төлөв байна.  Дэлхийн ихэнх улс оронд эдийн засгийн  сэргэлт үргэлжлэхээр байгаа нь дотоодын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой эерэг хандлага ажиглагдаж буй аж. Гэвч  тогтвортой өсөлтийг хангахад тулгарах эрсдлийг сайтар анхаарах шаардлагатайг Дэлхийн банкны эдийн засагчид хэллээ.

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон-Паскаль Нгану ярихдаа, “2017 оны хувьд Монголд таатай жил болж өнгөрсөн. ДНБ-ийн өсөлт 5,1 хувьд хүрэхэд нүүрсний экспорт, Төвбанкны мөнгөний зөв бодлого  нэлээн жин дарлаа гэж хэлж болно. Улмаар  Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн орлогын гүйцэтгэлийг сайжруулсан нь эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлэв. Монголбанкны мөнгөний бодлогын үр дүнд валютын ханш тогтворжиж, төгрөгийн ханш чангарлаа. Өрхийн орлогын түвшин 2016 онд 1.6 хувьтай байсан бол 2017 онд 1.7 хувь болж өссөн. Өөрөөр хэлбэл  2017 эдийн засгийн өсөлт, ядуурлын түвшин тэнцвэрээ хадгалсан”гэлээ.

Харин Дэлхийн банкны зүүн Ази, Номхон Далайн бүсийн ерөнхий эдийн засагч Судхир Шетти

“Өнгөрсөн онд Дэлхийн банк Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2.3 хувьтай байна хэмээн өөдрөг бусаар төсөөлсөн. Харин энэ удаа ДНБ-ийг 5.2-5.3 хувьд хүрнэ хэмээн нэмж тооцжээ. Энэ юутай холбоотой вэ? гэсэн асуултад тэрээр хариулахдаа, “6 сарын өмнөхтэй харьцуулбал Монгол Улсын эдийн засаг харьцангуй өндөр хувиар өслөө. Дэлхийн банкны зүгээс ДНБ-ий өсөлтийг 2.3 хувьтай буюу доогуур түвшинд төсөөлж байсан бол бодит байдал дээр 5 хувьд хүрч өссөн. Энэ удаад бид эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ өсөх, ОУВС-гийн хөтөлбөрийн үр нөлөөгөөр өсөлт үргэлжилнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлвэл Хятадын эрэлттэй холбоотой Монголын уул уурхайн экспорт тэлнэ гэж харж байгаа. Тиймээс макро эдийн засгийг 2018 онд илүү их тэлэх боломж байна гэж төсөөллөө. Монголын ДНБ-ий  өсөлт 2020 онд 6 хувиас давна гэж тооцлоо. Ийнхүү өсөлт үзүүлэхэд эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн өсөлт,  хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна. Цаашид Монгол Улс ямар эрсдэл үүсэх вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Тухайлбал сонгууль дөхөж байгаатай холбоотой улс төрийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэх нь чухал. Мөн 2020 он гэхэд Засгийн газар уул уурхайн томоохон төслүүдээ урагшлуулна гэсэн амлалтынхаа хүрээнд ажил өрнүүлэх хэрэгтэй. Эрдэс баялгийн түүхий эдийн үнээс шалтгаалах эдийн засгийн мөчлөгийг сөрөхийн тулд олон тулгуурт бодлогоор эдийн засгийг тэлэх шаардлагатай нүүр тулж байна. Мөн цаг агаарын таагүй байдал нүүрлэх эрсдэл бий. Тодруулбал хөдөө аж ахуйн салбарт ялангуяа малын зүй бус хоргодол нэмэгдэхээс болгоомжилж, эрсдлийн менежментийг хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Уул уурхайн салбарын томоохон төслүүд удаашрах, Хятадын хил дээр үүсээд буй асуудлууд үргэлжлэх, мөн мөнгө угаахтай холбоотой асуудлуудыг хугацаа алдан шийдэх зэрэг гадаад, дотоод эрсдэл учирч болзошгүйг онцгой анхаарах нь чухал ” хэмээв.

Түүнчлэн Дэлхийн банк эдийн засгийн хувьд эмзэг байдалд буй хүмүүсийг орхигдуулахгүйн тулд нийгмийн тусламж, даатгалын хөтөлбөрүүдийг бэхжүүлж, систем тогтолцооны цочролд уян хатан, тэсвэртэй байх чадварыг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг  зөвлөж байна.

 

Б.Заяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг