Сүүлийн үед улстөр судлаачид, олон улсын тоймчид Дональд Трамп, Ким Жон Ун нар чухам хаана уулзах талаар толгойгоо гашилгаж, таахыг оролдож, өдөрт л хэдэнтээ зүг чиггүй мэдээлэл олон улсын тулхтай мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо. Үүнээс би ч дутаад яах вэ? Уулзалт хаана болох талаар өөрийн өнцгөөс харахыг оролдъё. 

Юуны өмнө Швейцари. Энэ улсын хувьд залуу удирдагч Ким энэ улсанд хэсэгхэн хугацаанд суралцаж байсан, Швейцари нь НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнд төдийлэн идэвхтэй оролцдоггүй, ерөнхийдөө найрсаг харилцаагаа хадгалж дундыг баримталдаг учир Хойд Солонгосын улс төрийн бодлогын хувьд ч болон залуу удирдагчид ч гэсэн татгалзах шалтгаан харагдахгүй байна. 

АНУ-ын талаас бол энэ улстай бүрэн нийцтэй, асуудал байхгүй. Швейцари Улсын хувьд дэлхийн I, II дайны үеэс эхлэн улс төрийн дундыг баримталсан бодлого барьж ирсэн, сөргөлдөгч талуудыг уулзуулах, улс төрийн зуучлал хийх, аюулгүй байдлыг нь хангах арвин туршлагатай улс юм. 

Задгай усанд уулзах. Аливаа сөргөлдөгч талуудын аль аль талын эрх ашгийг хүндэтгэх, талууд өөрийн талын төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт тавиад байж болох дундын юм уу аль нэг талын мэдлийн бус бүсэд уулзалт зохион байгуулдаг олон улсын туршлага хангалттай бий. АНУ, БНАСАУ-ын хувьд Зүүн Өмнөд Ази байтугай дэлхийгээс ийм хуурай газрын бүс олох нь ихээхэн түвэгтэй учир задгай далайд уулзалт хийж болох юм. Мэдээж уулзалт болох ус нь талуудын  зэвсэгт хүчин хоёулаа хянаад байж болох, эрхмүүд очиход түвэгтэй бус далай байх байх. Энэ тохиолдолд талууд гадны улс, гуравдагч этгээдийн оролцоогүйгээр аюулгүй байдал, зохион байгуулалтаа хамтран зохион байгуулах учир ихээхэн давуу талтай байна. Хойд Солонгосын тэнгисын цэргийн хүчний зэвсэглэл төрөл,  зэргийн онгоцуудын парк шинэчлэл харьцангуй сайн, Ким Жон Ун өөрөө ихээхэн анхаарал тавьдаг, далайгаар аялах дуртай учир ийм санал тавихад татгалзахгүй байх. Трампын талаас ч мөн далайн аялалд ихээхэн дуртай гэж сонсож байсан. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санал болгосон Улаанбаатар санал унаж байх шиг байна. Гадны шинжээчид ер нь тооцооноос хасчих шиг боллоо. Гол шалтгаан нь Монгол Улс ийм өндөр хэмжээний уулзалтын  зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангах туршлагатай эсэхэд эргэлзэж байх шиг байна. Манай цэрэг, цагдаа, тусгай байгууллагуудын контороор ажин түжин. Ямар нэг чиглэл авсан бол тэд маань өдийд бужигнаж алдаж байх ёстой.