Дөнгөж сая МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар мэдээлэл хийлээ.

Цахим орчинд Хүсэлбаатар гэх нэртэй сэтгүүлч сүрдүүлэгт автсан бөгөөд энэ хэрэгт ЭЦГ-ын талийгаач даргын нэр орсон байв.

Энэ асуудлаар өнөөдөр Нийслэлийн прокурорын газар, Ц.Нямдорж гишүүн, МСНЭ мэдээлэл хийсэн юм.

Тодруулбал, НПГ: “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд, албан тушаалтнууд нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгт Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэж мэдээлэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: "Нэг сэтгүүлчийн машины дугуйг буудсан л гэнэ. Би худлаа зүйлд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Би мэдэхгүй, тэр бичсэн сэтгүүлчээсээ асуу. Та нар намайг тагнадаг болохоос би сэтгүүлчдийг тагнаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй. Би сэтгүүлчидтэй хэзээ ч зууралдахгүй ээ. Харин ийм бусармаг зүйл хийгээд байгаа цаад эзэдтэй нь хуулийн хүрээнд ярина” гэв.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр: Сэтгүүлчийн эрх зөрчигдсөн бол тууштай хамгаална

“Өчигдөр сошиалаар сэтгүүлчийг тагнасан чагнасан гэх мэдээлэл тархах болсон. Бид анхааралтай ажигласан. Өнөөдөр прокурорын байгууллага болон Ц.Нямдорж сайд мэдээлэл тайлбар хийсэн байна.  Хүслэнбаатар нэртэй сэтгүүлч болон түүний найз нөхөд 30 гаруй хүнийг тагнасан гэх асуудал яригдаж байна. ТВ9 бол тийм нэртэй сэтгүүлч байхгүй гэж мэдээлсэн. Яг одоогоор хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэл нь МСНЭ-д байгаа. Хэрвээ сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж чагнасан, сэтгүүлчийн эрх хөндөгдсөн асуудал байгаа бол сэтгүүлчийгээ хамгаалж ажиллана. Тодорхой судлахгүйгээр цаашид дэлгэрэнгүй ярьж болохгүй байна. Маргааш ТВ9 телевизийн ажилчидтай уулзаж ярилцана. Энэ хэргийн талаар мэдээлэл хүссэн албан бичгийг тагнуул болон цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байгаа” хэмээн мэдэгдлээ.