Прокурорын байгууллагыг хэрвээ хүн гэж үзэх юм бол ааш муутай, яхир, хүнтэй харьцаж чаддаггүй залуухан хүн байх биз...

Яагаад ингэж хүнээр зүйрлүүлж байна вэ гэвэл ард түмний татварт төлсөн мөнгөөр цалинжиж байгаа мэдээлэл өгөх үүрэгтэй ч үүнийгээ мэддэггүй хэсэг бүлэг нөхдүүдээс болж өнөөдөр “шалаар нэг” байгаа  прокурорын байгууллагын нэр хүнд улам унаж байна.

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгт авагдсан мэдээлэл нууц байдаг. Үүнийг зөвхөн прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлнэ гэсэн зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан тохиолдолд хэргийн талаар хэрхэн мэдээлэхийг зөвхөн прокурор үзэмжээрээ шийднэ. Шүүгчдээс ялгаагүй цалин авдаг, ааштай прокурорын байгууллага үеийн үед хаалттай байсан. Одоо улам л хаалттай болж байгаа.

Нэг прокурор нь  олон асуулт асуулаа гэж зандарна, нэг нь ганцхан өгүүлбэр хэлчихээд бусдыг нь тас нууцална. Ганцхан өгүүлбэр хэлэхийн тулд хэвлэлийнхнийг дуудаж сүрийг үзүүлнэ. Асуулт асуухаар нууцална. Мэдэж байсан ч мэдэхгүй гэж хэл гэсэн үүрэг авсан байдаг.

Хэрвээ ганцхан өгүүлбэр хэлэхийн төлөө хэвлэлийн хурал зарлаж байхаар ядаж  сайтандаа мэдээлэл оруулчихаж болно. Албан эх сурвалж ганцхан өгүүлбэр хэлж байгаа нь өөрөө мэдээлэл мөн ч гэсэн нэмэлт мэдээллийг өгөхгүй бол бусдад хүндэтгэлтэй хандаж, цаг завыг бодолцох хэрэгтэй.

Мөн  хэвлэлийн ажилтан гэмт хэргийн талаар мэдээлэх гэж байгаа бол ядаж ЦЕГ, АТГ-ын хэвлэл шиг ийм ийм хэрэгт нэр бүхий тэдэн хүнийг шалгаж байна. Барьж хорих саналаа шүүхэд хүргүүлсэн  гэх мэтээр мэдээллээ гүйцэд өгөх ЁСТОЙ. Мөн харилцаандаа анхаарах ёстой.

Өмнө нь ядаж улирал тутам ажлынхаа тайланг сэтгүүлчдэд мэдээлж, зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгдөг байсан. Харин хэвлэлийн албандаа ганц сайн хүн олоод авчихаж чадахгүй байгаа болохоор энэ уламжлал нь тасарч прокурорын байгууллага улам бүр хаалттай болж байна.  

Прокурорууд ямбыг нь эдэлж байгаа шигээ ялыг нь ч гэсэн үүрч сурах ёстой. Хаалттай байх ёстой хэм хэмжээгээ ядаж АТГ, ЦЕГ-ын хэмжээнд барих мэдрэмжтэй байх хэрэгтэй.  

Ард түмний татварт төлсөн мөнгөөр цалинжиж байгаа бол үндсэн үүрэгт ажилдаа хичээл зүтгэлтэй хандаж, гэмт хэрэгтнүүдтэй харьцаж байгаа юм шиг сэтгүүлчидтэй дээрэнгүй харьцдаг харьцаандаа анхаарна биз ээ.

Прокурорын Ерөнхий газрын дарга та энэ бүхэнд анхаарч ажилдаа мэдрэмжтэй хандахыг хүсч байна.