АТГ-аас 2018.04.01-ны өдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр тооцон баривчилсан. 
Улмаар 2018.04.02-ны өдөр яллагдагчаар татан, прокурорын саналын дагуу нэг сар цагдан хорих эсэхийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Үүний дагуу тус шүүхэд цагдан хорионы хурал болж тэднийг нэг сар саатуулахаар болсон юм. 
Тэдний цагдан хоригдсон 30 хоног маргааш дуусна. Үүнтэй холбоотойгоор С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг цагдан хориог үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Одоогоор хурлын тов гараагүй байна. Тодруулбал прокурорын байгууллагаас цагдан хорионы хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд ирүүлээд байгаа бөгөөд цагдан хорионы хурлын тов өнөөдөртөө багтаж гарах юм.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д " Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй гэж заасан байдаг. 

Тэднийг үргэлжлүүлэн саатуулах эсэхийг шийдэх шүүх хурлын тов болон шийдврийг бид эргэн мэдээлэх болно.