Бүрэн эрхт БНУ маань бие даан хөгжиж чадахгүй, гадаадын гар харан, олон улсын 27.4 тэрбум долларын өр зээлээр амьдарч явна. Тусгаар тогтносон гэх авч газар нутгийнхаа аль чухал өгөөжтэй хэсгийг гадаадынхны мэдэлд өгчихөөд хянаж чадахгүй, баялгаа гадагш нь алдаад, зарим нь өмчилсөн газар, өвөлжөө бууц, бэлчээрээ ч эзэмших эрхгүй хүч мөхсөдөн гадаад дотоодынхонд дарлуулж сууна.

Төр засаг гэхэд өндөр дээд эрх дарх, олз омог хайсан олон намын отооны цэг, эрх мэдэл булаацалдах тэмцээний талбар, дөрвөн жил тутам дамжин дүр хүслээ хангадаг хоноцын газар болж хувирчээ. Хоноц хоноцдоо дургүй гэгчээр нам нь намаа үзэн яддаг, ажилтнуудыг нь хоморголж халдаг эрлэг номун хаан болжээ. Монгол ах дүүсээ ялгаварлан гадуурхдаг олон нам байгуулагдсанд хэзээний дургүйцэж ирсэн хүн. Монголд нам "мам" болж, олшрохын хэрээр талцах явдал бүр гаарч, хүний тархи толгойг вирустүүлж, дотроос нь ялзруулан сэтгэл санааны цусгүй дайн өдөөгч болсон байна. Завсарт нь хүн сүг болж байна. Ой зургаан сартай охиноо хучирхийлж амь насыг хөнөөх болтлоо монгол толгой ялзарчээ. Энэ нь хүн чанар ямар их эвдэрч ирсний өчүүхэн нэг илрэл юм.

Монгол орон олон нам, холбоодын төрөх тасаг, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө маань хувийн сонирхлоо хуйвалдан гүйцэлдүүлэгчдийн эрх зүйн таатай далим болж, үндэсний эв нэгдэл устахад ойрхон байна. Олон намын бичил хаанчлал бий болсноор төрийн залгамж чанар чалдагдлаа. Тэс ондоо шашинтай монгол, казахууд нэгдэн амьдарч ирсэн байхад одоо нэг шашинтнууд хүртэл намын ялгаагаар хоорондоо хагаралддаг болжээ. Олон намтай, данхар том засаг төртэй боллоо гээд манайд ямар ч ахиц, дэвшил гарсангүй. Өр зээлийн гоожуур хэвээрээ л байна. 100 ямаанд 60 ухна тавихаар бүх ямаа сувайрдгийн адил монгол олон намтай болсноороо эв нэгдэл, эд мөнгөөр хусрахын дээдээр хусарч ирэв. Баячууд намыг санхүүжүүлж, нам тэднийг дэвшүүлдэг болохоор ард түмэнд ээлтэй төр байгуулагдах уу. Улс орон минь эцсийн бүлэгт хэрэг дээрээ задгайрал танхайрал, нөмөрсөн улс болж шүү. Энэ нь дээд төвшиндөө хариуцлага ёс зүйгүй, хүн хүнээ байсан, эрхээ хэтрүүлсэн, үүргээ умартсан, ажил хөдөлмөрөөрөө бус ам хэлээрээ сагадаг болсон, эд мөнгө, эрх тушаал булаацалдан, улаан цайм уралцаж ирсэнтэй холбоотой байна. Төрийн одоогийн тогтолцоог орвонгоор нь өөрчилж, шалгарсан манлай ард иргэдээс бүрдсэн цоо шинэ төр цогцлон байгуулахаас өөр зам алга.

 

Ахмад сурвалжлагч Г.ДАЛАНТАЙ