Нэг саяас дээш хүн амтай, тухайн үндэстнийхээ хүн ам, эдийн засаг, шинжлэх ухааны дэвшил, соёлын чиг хандлагын төв цэг болсон зүрхэн хэсгийг метрополис хот хэмээн нэрийддэг. Тэгвэл Улаанбаатар метрополис хот. Ийм хотын наад захын шаардлага нь замын түгжрэлгүй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах.

Улаанбаатарт өдөртөө 100 гаруй хүүхэд мэндэлдэг бол өдөртөө 200 орчим авто машин шинээр дугаар авдаг гэсэн албан ёсны тоо баримт бий. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд Нийслэлээс захирамж гаргаж Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий 470 метр урттай гүүрэн гарцын ажил эхэлсэн. Нийслэл одоо л эзэнтэй юм шиг ажиллаж байна. Эзэн нь юмаа мэддэг гэдэг шиг эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой. Энэ далимд дуулгахад Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажил эхэлсэнтэй холбогдуулан дээрх авто замыг хааж, 5-6 туслах замуудыг нээж өгснөөр түгжрэл байхгүй болчихлоо. Нийслэл үнэхээр юм хийж байгаа нь нүдэнд харагдаж байна.

Хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд одоо 100 айлын барилгын захуудыг нүүлгэх ажлаа шалавлах хэрэгтэй. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр янз бүрийн дайралт, давшилтууд ирнэ. Энэ бүхэнд шантрахгүй л байх ёстой. Гаргасан шийдвэрээсээ эргэж буцаад байх юм бол ямар ч ажил эхлэхгүй, яг өнөөдрийн авто замын түгжрэл 20 жилийн дараа улам л нэмэгдсэн байх болно. 100 айл орчмын газар Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороонд харьяалагддаг. Монгол Улсын иргэн хаана ч бизнес эрхлэх эрхтэй ч 100 айл орчимд худалдаа, хөрсний бохирдол, хулгай дээрэм хамгийн их байгаа талаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэдхэн хоногийн өмнө онцолж байгаа харагдсан. Сүхбаатар дүүрэгт гарч буй хулгай, дээрмийн хэргийн дийлэнх нь 100 айл орчимд үйлдэгдэж байгаа юм. Барилгын материалын худалдаа эрхлэгчид үүд болгондоо бараг хог хаягдлын цэг үүсгэчихсэн байна. Дүүргийн татварын хэлтсийнхнээс тодруулахад 100 айл орчимд 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мод, чулуу, хаалга, цонхны үйлдвэр 403, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр худалдаа хийж байгаа 320 орчим цэг, худалдааны төв доторх жижиг лангуу, павилион зэрэг 1309 цэг бий. Эмх замбараагүйн ил тод жишээ 100 айл болчихсон. Ихэнх нь ил задгай газар бие засч, хаврын энэ өдрүүдэд цэвэрлэх байгууламжийн үнэрээс дутуугүй огиудас хүрэм үнэр үнэртэх болсон. Барилгын материалын зах, үйлдвэр, үйлчилгээний төвүүд нь эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, эрүүл ахуйн стандартын шаардлага хангадаггүй байна. Тиймээс агаар, хөрсний бохирдол 100 айл орчимд хамгийн их. Ядаж л үйлчилгээ явуулж байгаа хүмүүс нь авто машины дугуй, барилгын материалын төрөл бүрийн хог хаягдлаа түлдэг.

100 айл орчимд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Герентологийн төв, Иргэний бүртгэл мэдээллийн төв, сонсголгүй сурагчдын 29, харааны бэрхшээлтэй сурагчдын 116 дугаар сургууль үйл ажиллагаа явуулдаг. Шилэн хөвөнгийн шар ширхэг салхитай үед хэцүү байдаг талаар ярьж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 186 дугаар цэцэрлэг, өрхийн эмнэлэг барилгын материалынхантай хаяа дэрлэн оршсоор. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар 100 айл орчмын хөрсний бохирдлыг судлахад “их” зэрэглэлд хамаарч байгаа дүгнэлт гарчээ. 2016 онд энэ орчмын сургуулийн 153 сурагчид хийсэн цусны шинжилгээгээр 60.1 хувьд нь хар тугалга илэрсэн гэх аюулт дүн гарч байсан. Тиймээс 100 айлыг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв ингээд нүүлгэчихвэл агаар, хөрсний бохирдлоос эхлээд замын түгжрэл арилна. Метрополис хотынхоо шаардлагад бид дөхнө гэсэн үг.

Үүнээс гадна Мобиком, Скайтелийн төв болох гар утас худалдааны Тэди, Жи мобайлийн төвийн дэргэдэх Монтел худалдааны төвүүдийг нүүлгэх ажлыг хиймээр байна. Бүтэн өдрийн турш түм түчигнэж, бум бужигнадаг газрууд. Наад зах нь гар утасны ганц дугаар, батарей, цэнэглэгч авахын тулд зам дээр машинаа тавьчихаад хэдэн цагаар алга болно. Тэди, Монтелийн хажуугаар машинтай бүү хэл явган явахад гишгэх газар олдохгүй хэцүү шүү дээ. Тэдигийн өмнөх авто машины зогсоолоор өдөртөө 200-300 орчим авто машин үйлчлүүлдэг талаар зогсоолын ажилтан хэлж байсан. Авто зогсоолоос гадна тэр хавийн авто замын нэгдүгээр эгнээ, орон сууцны хороолол дундах зам дээр авто машинаа хаячихаад бүтэн өдөржин алга болдог. Харин Монтелийн үүдэнд хэдэн машин өнждөг юм бүү мэд, ямар ч байсан бүтэн өдөржингөө түгжрэлтэй байдаг талаар ширхэгийг худалдаа эрхлэгч эмэгтэй хэлж байв. Мобиком, Скайтел, Жи мобайлийн үндэсний операторуудаа гадуурхаад байгаа юм биш. Тэднийг тойрон 100 айлаас дутахгүй замын түгжрэл бий болдог тул хотын төвийн бүсээс гаргачихад асуудалгүй. Үүрэн телефоны операторуудыг мөнгөжүүлэхийн тулд нийслэлчүүд өдрийн турш замын түгжрэл дунд цаг хугацаа, түлш шатахуунаа дэмий шатааж байгаа юм. 100 айл, Тэди, Монтел төвүүдийг хөдөлгөж чадвал Бага тойруу орчим бас ч гэж дээрдэнэ. Тэр Дүнжингарав захыг хар. Хотын төвөөс зайдуухан хангалттай хэмжээний авто зогсоолтой үйл ажиллагаа явуулж байна. Тэнд түгжрэл, уур бухимдал гэж алга. Үүнийг л зөв жишиг болгоод дагачихаж болмоор.

Бага тойрууг тойрсон бас нэг түгжрэл байдаг нь Улсын их дэлгүүр. 94 жилийн түүхтэй Монгол Улсын худалдааны ууган дэлгүүрийг нүүлгэ гэх нь хаашаа юм. Улсын их дэлгүүр, Номингоор үйлчлүүлэх гэсэн хүмүүс хаа холоос явган гүйж ирдэггүй. Дор бүрнээ том жижиг машинтай ирээд зогсоол хайж цаг гаруй болох нь ч бий. Тиймээс Улсын их дэлгүүрийг тойрсон их түгжрэлийг цэгцэлчихвэл Бага тойруу орчимд түгжрэл үүсээд байх газаргүй болно. Их дэлгүүрийн зүүн талаас 24 дүгээр сургууль хүртэл байрууд дундах замд ялаа багтах ч зай алга. Их дэлгүүр, түүнийг тойрсон орон сууцны хороолол дундах автомашинууд үйрээ эвдүүлсэн шоргоолж шиг л харагддаг. Үүнийгээ дагаад хог, шивтэр шээсний үнэр хэрээс хэтэрсэн. Уг нь сэхээтнүүд тэр хавиар амьдардаг. Тэд бэртэгчин болохоор энэ бүгдийг зохицуулах, шийдүүлэх талаар огт дуугардаггүй. Нэгэнт Их дэлгүүрийг нүүлгэх боломжгүй тул өмнөх ил зогсоолын талбайг нь ашиглаад хэдэн давхар граш барьчих хэрэгтэй байна. Үйлчлүүлэх хүмүүс нь зогсоолд төлбөрөө төлөөд хэдэн цагаар ч хамаагүй үйлчлүүлэг л дээ. Хотын захиргаа ийм шийдвэр гаргаад хэрэгжилт дээрээ хяналт тавиад явчихад болчих юм. 40 мянгат орчимд тав тухтай амьдрах нөхцөл боломж үнэндээ алга. Бүр болдоггүй юм бол татварыг нь нэм. Нэмсэн татвараараа 40 мянгатын айлуудын тав тухыг алдагдуулсан гээд тараагаад өгчих. Нийслэлийнхэн ийм зориг гаргаад ажиллачихад Бага тойруу орчмын зүрхэн хэсэг түгжрэлгүй болно. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа 33 агентлагийг Яармаг руу нүүлгэх шийдвэр гарч, ажлаа эхлүүлж байгаа. Чухимдаа хотын захиргааг нүүлгэнэ гэж мунгинаж байхаар 100 айл, Мобиком, Скайтелийн төв Тэди, Монтелийг л даруйхан нүүлгэж Бага тойруугаа түгжрэлээс салгая. Ингэлээ гээд цэнгэлийн манлайд хүрэхгүй ч түгжрэлд бухимдаж хотын удирдлагуудыг иргэд зүхэхээ больчихно. Хожим хойно энэ ажлыг эхлүүлж байлаа гээд нүүр бардам ярих зүйлээ хийж эхлэх цаг болсон шүү, Хотын удирдлагуудаа.

Эх сурвалж: Өдрийн сонин