Уг нь сонгуульд ялсан нам төр, засгийн эрхэнд гарч өөрийн бодлогоо гуйвашгүйгээр хэрэгжүүлж байх л учиртай билээ. Гэтэл сүүлийн үед нам нь нам шиг байж чадахгүй намаасаа тодорч гарч ирсэн өрийн түшээд, сайд нар бодлого зорилгоо нэгггэж ажиллахгүй байгаа нь тун харчирхалтай байна.

Хачирхалтай ч гэж дээ. Нам нь тууштай чиглэсэн бодлогогүйгээс хэн нэгний хувийн амбин төр, засгийн ажилд тээг болох нь элбэгшив. Жишээ хэлэхэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын алба хашиж байсан Н.Номтойбаяр гэж хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэсэн үгийн учрыг үл тунгаасан нөхөр байна л даа. Тэр сайд байхдаа ярьж байсан үгээ тас мартсан. Одоо огт өөр юм ярих юм. Энэ нь уг яамны одоогийн сайд С.Чинзоригийн хийж буй ажил, хэлж байгаа үгийг нь өөлөх гэж л оролдох нь байнгын. Бүр сүүлдээ заримыг нь Чинзориг сайдын эсрэг турхирч яамных нь үүдэнд жагсааж огцруулах талын санаа агуулах. Ер нь бол тэр сайдын асуудлыг Н.Номтойбаяраас хувийн журмаар булаагаад авчихаагүй шүү дээ. Цаана нь намын бодлого чиглэл гэж байна. Тэгтэл мань хүн хувийн амбийцдаа хөтлөгдөөд нэг л биш. Намынх нь нэг юм ярьж байхад Номтойбаяр тэс өөр юм яриад байх жишээтэй. УИХ-ын эрхэм гишүүн Ж.Мөнхбат гэж сууж байсан сандал суудлаа санагалзсан нөхөр бий. Бухимдал бачуурлаа засаг солигдож өөрөө Засгийн газрын хэрэг эрхлэг газрын даргаас чөлөөлөгдсөн өдрөөсөө хойш хаяж гээж чадахгүй л явна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох үед тэр яаж боож үхэж, босч харайх шахлаа даа. Одоо ч уур нь тээр болж яваа юм шиг байна лээ. Төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж хэлснийх нь төлөө "Хөөрхий муу Сангийн сайд нь хууль зөрчдөггүй юм байна л даа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар руу үгэн чулуу шидэж байх юм. Зүгээр нэг албан газрын удирдах бүрэлдэхүүнд багтсан албан тушаалтан гэхэд л багаар ажиллах журамд захирагддаг. Албаныхаа бодлого чиглэлд үнэнч байхыг эрхэмлэдэг шүү дээ. Гэтэл одоо засгийн эрх барьж байгаа МАН-ынханд намаа гэх юм алга. Өөр хоорондоо толхилцож УИХ дээр хүртэл босч суун хэрэлдэж байна. Намын бодлого нь цэгцтэй биш байгаа учраас Н.Номтойбаяр шиг, Ж.Мөнхбат шиг нөхдийн хувийн амбийцад цаашдын замаа баллуурдуулж байсан юм. Ерөөс өнөөгийн улстөрчид хувийн амбийцаа бусдаас дээгүүр тавьж хувийн тоглолт хийх оролдлогоос болж намынх нь нэр хүнд унаж төр засгийн ажилд ч саадтай байна биш үү дээ.

Д.Бичээчхүү

сонин.мн