Долоон хүнийг галдан шатаах гэж байсан этгээдэд ял оноолоо
2018/05/05
Нэг гэр бүлийн долоон хүнийг галдан шатааж амийг нь хөнөөх гэж байсан этгээд анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсоод байна.
Тодруулбал, 2017 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Шар хоолойн амын ... тоотод иргэн Б.Ж , Ш.Х, Г.Б, Х.М/11 настай/, Г.Н /9 настай/, А.А/3 настай/, А.А /11 сартай/ нарыг гэртээ амарч унтаж байхад нь мөн бага насны хүүхэд байгааг мэдсээр байж гэрийн хаалгыг гаднаас нь төмөр утсаар боож гарах нөхцөлгүй болгож байгаад шатах тослох материал ашиглан онц харгис хэрцгийгээр галдан шатааж алахыг завдсан байна.
Энэ хэргийг үйлдсэн Боржигон овогт Д-гийн Даваадорж, 1970 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Рашаант өртөөнд байрлах “Мон Суль” ХХК-ийн барилгын ажил дээр ажиллаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгино хайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэй нэгэн юм.
Тэрбээр Б.Ж-тай эр эмийн харьцаатай байсан бөгөөд энэ хэрэг гарахаас өмнө уг харьцаагаа таслах тухай хэлэхэд Д.Д- нь уурлаж, дургүйцэж улмаар энэ хэргийг үйлдсэн байна.
Түүнд Сонгино хайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Д-ийг онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бага насны хүүхэд байгааг мэдсээр байж галдан шатааж алахыг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх ял оноосон байдаг.
Тэгвэл давж заалдах шатны шүүх энэ хэргийг хэлэлцээд ялыг нь хөнгөрүүлсэн байна. Тодруулбал, Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ид хуульд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, уг ялыг эдлэх хорих байгууллагын дэглэм нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоосон байх боловч түүний эдэлбэл зохих ялын хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй байна. Хэдийгээр шүүгдэгч Д.Д-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг нь туйлдаа хүрээгүй ч түүнд оногдуулах ялыг төгс үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулах ялаас бага байхаар тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Мөн анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж заасныг баримтлалгүй орхигдуулсныг шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах замаар өөрчлөх боломжтой гэж үзээд 12 жилийн ялыг 8 жилийн ял болгон өөрчилжээ.
Энэ бол гэр бүлээс гадуур харилцаа тогтоосноос үүдэлтэйгээр гарсан ноцтой гэмт хэрэг. Ялтан, хохирогчийн хэн хэн нь гэр бүлтэй байж ийнхүү завхарснаас болж долоон хүн нас барах эрсдэлтэй байлаа.
Тиймээс гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, өөртөө болон өрөөл бусдад төвөг удахгүй байхад хэн бүхэн анхаарч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү!!!
Зочин · 2018/05/06
боржигонуудаа болилдоо
zochin · 2018/05/05
yhaan sanaa n eryyl l bgaa da ene hynii ,ehnertei baij