Одоогоос хоёр сар орчмын өмнө УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд хандан: "Одоо байна шүү дээ, намайг замаасаа зайлуулаад С.Зоригийн хэргийн талаар амыг нь хаах, "Эрдэнэт"-ийн 49 хувийн луйврын талаар амыг нь хаах ийм л улс төрийн операци явагдаж байгаа. Өөр юу ч байхгүй. Замдаа тээглэсэн хүн болгоныг эд нар ингэж нухчин дарахыг оролдоно. Ц.Элбэгдоржийн багийг би бүхэлд нь хэлж байна, Б.Хурцыг оруулаад" хэмээж байсан билээ. Үүнээс хойш Авилгатай Тэмцэх Газраас "Жаст" группийн Ерөнхий захирал асан Ш.Батхүүг баривчилж, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажилладаг С.Анхбаярын гэрт нэгжлэг хийж, "Алтжин" группийн Ерөнхий Захирал Г.Алтанг гэрчээр тооцон, шалгаж буй. С.Анхбаяр, Г.Алтан нар нь УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржтой ямар нэг хэлбэрээр холбоотой хүмүүс билээ. Учир нь Ц.Нямдорж Г.Алтангийн тансаг байранд урсгал зардлыг нь төлөөд амьдардаг бол С.Анхбаяр нь Ц.Нямдоржийн ойрын танил, багшийнх нь хүүхэд юм. Тагнуулын Ерөнхий Газрын Дарга асан Б.Хурц хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан  42 сая ам.долларын шахааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн хэмээн мэдэгдэж байв. Мөн Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж хэсэг цагдаа нарт захиалагч  нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнуулсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж, Нийслэлийн прокуророос дээрх цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлж байгаа. 

Түүнчлэн өчигдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат телевизийн ярилцлагад оролцох үедээ С.Зоригийг хөнөөсөн захиалагчийн хэргийг илрүүлэхэд Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж л саад болж байна гэх ойлголтыг олон нийтэд өгөхийг хичээж байв. Ийм үндэслэлээр түүнд дахин эрүүгийн хэрэг ч үүсгэж болзошгүй бололтой. Үүнээс гадна Хон Хэрээд Б.Энхбатын "Хөх Монгол" бүлгэм, Х.Бат-Ялалтын удирддаг Монголын Хүний Төлөө Намынхан сүүлийн үест ихэд идэвхжин, ойрхон давтамжтайгаар хэвлэлийн бага хурал зарлан, "Монголд Ц.Нямдоржоос илүү муу хүн байхгүй" гэсэн мэдэгдэл хийдэг болов.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ц.Нямдоржид албан ёсоор хэд хэдэн хэрэг үүсгэн шалгахын сацуу зарим тэмцэгч, иргэний хөдөлгөөнийхөн гэгчдийг ашиглан, нийгмийн дарамт үүсгэн, Засгийн газраас "зайлуулах" операци идэвхжиж эхэлсэн байна. Тэр бүү хэл түүнийг энэ оны намраас өмнө Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдаас нь огцруулах төлөвлөгөөг МАН, АН-ын нэр бүхий гишүүд, бизнес бүлэглэл хамссан хэсэг этгээдүүд боловсруулжээ. Зорилгодоо хүрэх магадлал ч өндөр байгаа аж.

 

П.Мандах

sonin.mn